ЦАГДААГИЙН ХОШУУЧ Э.БАЯРБАЯСГАЛАН: ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ АРГАЧЛАЛ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар та бүхэнд хүргэж байна. Энэ удаад хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар та бүхэнд мэдээлэл өгөхөөр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалантай ярилцлаа.
-Сайн байна уу? Та хэлтсийнхээ талаар болон хийж хэрэгжүүлдэг ажлынхаа талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
-Сайн байна уу. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч ажилладгийн тод жишээ нь энэ чиглэлийн дагнасан хэлтсийг байгуулсан ажил юм. Манай хэлтэс 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн нэршилтэйгээр байгуулагдаж байсан. Өнгөрсөн 2021 онд Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч Цагдаагийн байгууллагын бүтцэд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтний 103 орон тоог бий болгож өгсөн. Үүнтэй холбогдуулан манай хэлтсийн бүтцэд өөрчлөлт орж, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, хүүхдийн эрх, хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ чиглэлээр 200 гаруй алба хаагч ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчдын орон тоог бий болгосноор сургууль болон хүүхэд бүрт хүрч ажиллах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх боломжийг түлхүү нэмэгдүүлсэн.
-Хүүхдийн мэргэжилтэн бусад цагдаагийн ажилтнуудаас юугаараа онцлог, ямар ажил хийдэг хүмүүс байдаг вэ?
Өөрөө өөрийгөө хамгаалах чадваргүй бяцхан иргэдийг хамгаалж ажилладаг нь бидний ажлын онцлог. Учирч болох хор хохирол үр дагаврыг таслан зогсоож чадсанаараа ирээдүйд нэг иргэн цаашлаад бүтэн гэр бүлийн амьдралыг хэрхэх эсэхийг шийддэг нарийн ажил.
Энэ ажлыг хийж чадах цагдаагийн алба хаагч эрх зүй, хуулийн хүрээнд ажиллах мэргэжлийн чадвартай байхаас гадна, аливаа гэмт хэрэг, зөрчлийг шалгахдаа нарийн өндөр мэдрэмжтэй ажиллахыг, ялангуяа хүүхдийн сэтгэл зүйг мэдэрч чадах мэдлэг, мэдрэмж шаарддаг гэдгээрээ онцлогтой.
Цагдаагийн байгууллагын хүүхдийн мэргэжилтэн гэдэг бол хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, түүнтэй тэмцэх, ялангуяа хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус бүхий л байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд туслалцаа үзүүлдэг алба хаагчид юм.
-Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлүүдтэй хэрхэн тэмцэж байна вэ? Ямар байдлаар ажилладаг вэ?
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгддэг олон төрлийн ажлуудаас хамгийн том, хамгийн чухал ажил бол хүүхдэд бага наснаас нь гэмт хэргийн хор уршиг, аливаа асуудлыг хүчирхийллийн бус замаар шийдвэрлэх арга зам, өөрийгөө хамгаалах чиглэлээр мэдлэг ойлголт өгөх ажил байдаг учраас энэ ажилд онцгойлон анхаарч байна. Тухайлбал,
Цагдаагийн ерөнхий газрын даргын санаачилгаар өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчил, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж, 259 сургуулийн 184429 сурагчдад нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон “Эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс сэргийлэх”, “Танихгүй хүний үгэнд орж болохгүй”, “Үе тэнгийн найзаа дооглох, шоглох, эд зүйл, өмссөн хувцсаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй” зэрэг агуулгаар видео хичээлийг үзүүлэн, хүүхдүүдтэй харилцан ярилцаж “Сэргийлэгч хүү, Зөвлөгч охин”-ы хамт зөвлөгөө өгсөн.
Энэ оны 1 дүгээр улиралд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 370 төрийн болон төрийн бус байгууллага, 110 аж ахуйн нэгж байгууллагатай хамтран нийт 965 удаагийн сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулж, 241778 иргэн, 14310 багш, нийгмийн ажилтанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 75624 ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудад “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Цахим гадуурхал”, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт”, “Аюулгүйн дүрэм” зэрэг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон сэдвээр мэдээлэл хийж, хууль эрх зүйн мэдлэг ойлголтыг тогтмол өгч ажиллаж байна.
Та бүхэнд хэлж байгаа эдгээр тоо бол зүгээр нэг тоо биш юмаа. Тооны ард нэг ч болтугай хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн хүүхдийн мэргэжилтнүүдийн урт удаан хугацаанд олон удаагийн давтамжтай хийсэн маш олон ажлууд байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.
Цаашид Боловсролын ерөнхий газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрх зүйн боловсрол олгох, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг тайлбарлан таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Иргэний ёс зүй”, “Иргэний боловсрол” хичээлүүд дээр хүүхдийн мэргэжилтнүүд маань зочин багшаар оролцох, багш, сургуулийн захиргаатай нартай хамтран сурагчдад мэдээлэл өгөх ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
-Хүүхдийн мэргэжилтэн бол хүүхдийн сурч, хүмүүжиж байгаа орчинд хүүхдүүдтэй хамгийн ойр ажилладаг цагдаагийн ажилтан гэж ойлголоо. Хүүхдүүд өөрсөддөө тулгарсан асуудлыг цагдаагийн ажилтнуудад хэр их нээлттэй ярьдаг вэ?
-Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой, өөр өөрийн үзэл бодол, ертөнцтэй байдаг учраас хүүхдийн мэргэжилтнүүд олон янзаар хүүхдүүдээс мэдээлэл цуглуулж, тэдэнд тусалдаг. Тухайлбал бид өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн ерөнхий боловсролын 108 сургуулиуд дээр сургуулийн захиргаатай хамтран “Санал хүсэлтийн хайрцаг”-ийг байрлуулсан. Энэ хайрцганд хүүхдүүд өөрийнх нь болон найзынх нь эрх зөрчигдсөн асуудлын талаар бичиж үлдээдэг. Хайрцагт ирсэн мэдээллийг хүүхдийн мэргэжилтнүүд үзэж, хэрвээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл байвал түүнийг нь шалгах, хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр ажилладаг.
Санал хүсэлтийн хайрцганд хүүхдүүд 20 орчим нуугдмал гэмт хэргийн талаар мэдээлэл ирүүлсэн байсныг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэсэн. Цаашид ерөнхий боловсролын бүх сургуулиуд дээр энэ хайрцгийг байршуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэл хотын зарим сургуулиудын дунд, ахлах бүлгийн сурагчдын дунд зохион бичлэг хийлгэсэн. Зохион бичлэг хийлгэхээсээ өмнө хүүхдүүдэд өөрийнх нь эрх зөрчигдөж байгаа бол түүнийхээ талаар, ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа талаар бичихийг зөвлөж, маш сайн ярилцаж ойлгуулж байгаад зохион бичлэгээ хийлгэсэн байгаа.
Энэ ажлын хүрээнд бид бэлгийн хүчирхийллийн 3 гэмт хэргийг илрүүлсэн. Энэ мэтчилэн хүүхдийн эсрэг болон хүүхэд өөрөө үйлдсэн гэмт хэрэг, зөрчлүүдийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг олон аргаар зохион байгуулж байна.
-Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийг илрүүлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тэднийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг зохион байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа 3656 хүүхдийг илрүүлэн хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудтай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж ажилласан.
Энэ оны эхний 3 сард “Хүүхэд хамгаалал” арга хэмжээг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж худгийн ус түгээгч, дэлгүүрийн худалдагч зэрэг 3906 иргэнтэй уулзаж, мэдээ мэдээлэл цуглуулан 695 өрхөд хамтарсан багийн гишүүдтэй хамтран ажиллаж, 497 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучилсан.
Мөн эрсдэлт нөхцөлд байгаа 897 хүүхдийг цагдаагийн байгууллагын эрсдэлтэй хүүхдүүдийн санд бүртгэж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тэдэнд чиглэсэн хариу үйлчилгээг үзүүлж эхлээд байна.
-Хүүхдийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах тал дээр цагдаагийн байгууллага ямар бодлого барьж байна вэ?
-Хүүхэдтэй хэрхэн харилцах, эцэг эхчүүд, сургууль, нийгмийн ажилтнуудтай хэрхэн ажиллах, хохирсон, хохирсон байж болзошгүй хүүхдийг хэрхэн яаж таних, хэрхэн ойлголцох, хүчирхийлэлд өртсөн иргэнд хэрхэн туслах, хүчирхийлэгчид хүчирхийлэл үйлдэж болохгүй гэдгийг ойлгуулж гэмт зан үйлээс нь татгалзуулах гээд хүүхэд, насанд хүрсэн иргэдтэй харилцана гэдэг шинэ залуу алба хаагч бүү хэл туршлагатай олон жил ажилласан алба хаагчаас тунчиг нарийн мэдрэмж, ур чадвар шаардана. Энэ бүх ажилд алба хаагчдаа түргэн шуурхай дадлагажуулах, сургах ажилд цагдаагийн байгууллагаас анхаарч ажилладаг. Тухайлбал, Европын Холбоо, Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, НҮБ-ийн Хүн амын сантай хамтран “Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүй” сэдвээр 60, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинээр томилогдсон цагдаагийн алба хаагч болон нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байранд ажилладаг ажилтан нарыг чадавхжуулах, дадлагажуулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 4 удаагийн сургалтад 651, Өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 25 нийт 736 алба хаагчийг сургалтад хамруулсан.
Бид хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлынхаа зэрэгцээ алба хаагчдыг чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулдаг.
-Хүүхэд гэмт хэрэг үйлдэж бас гэмт хэргийн хохирогч болж байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?
Олон шалтгааныг дурдаж болно. Гэхдээ эцэг, эх, асран хамгаалагч, томчууд бидний хайр халамж, хараа хяналт, зөв зөвлөгөө, гэр бүлийн суурь хүмүүжил нь хүүхдүүд гэмт хэрэгт өртөж хохирох, гэмт хэрэг үйлдэхэд хамгийн их нөлөөлж байна.
-Эцэг эхчүүдэд анхааруулж, сэрэмжлүүлж хэлэх зүйл юу байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас эцэг, эх, асран хамгаалагч нарт чиглэсэн хүүхдүүддээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулах талаар олон сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэдэг. Энэ удаад би арай өөр зүйл хэлье гэж бодож байна. Эцэг эхчүүд бид өөрсдөө хүүхдүүддээ ялгаварлан гадуурхах, амин хувиа бодох сэтгэлгээг суулгаад байна уу даа гэж хардаг. Жишээлбэл зарим эцэг эхчүүд гудамжинд явахдаа засвар үйлчилгээ хийж байгаа ажилтныг заагаад хүүхэддээ “чи муу сурвал ийм хүн болно, ийм хүн болмоор байна уу” гэх мэтчилэнгээр загнаж байгаатай таарч байсан хүн олон байхаа. Эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хараад “энэ хүүхдээс хол бай, битгий хамт тоглоод бай” гэж хэлж байгааг ч сонсож байсан байх. Иймэрхүү хандлага гаргах нь хамгийн хортой. Харин ингэж хэлэхийнхээ оронд “Хүн бүр дуртай ажлаа хийж болдог, муу, муухай ажил гэж байдаггүй”, “Хүн болгон өөр хоорондоо адилгүй байдаг, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь аюултай гэсэн үг биш, найзлаад хамт тоглож байгаарай” гэж учрыг нь зөв тайлбарлаж хэлж байгаарай гэж зөвлөж хэлмээр байна.
Бас зарим эцэг эхчүүд бага насны хүүхэддээ “чамайг сахилгагүйтээд байвал цагдаад аваачиж өгнө дөө” гэж хэлж байхыг ч олон хүн сонсож байсан байхаа. Яагаад хүүхдээ цагдаагаар айлгаж байгааг нь ойлгодоггүй. Харин ч “чамд хэцүү зүйл тохиолдвол ээж, ааваасаа тусламж гуйж чадахгүй болвол хамгийн түрүүнд цагдаад хэлээрэй. Тэр чамд тусална” гэж хэлэх нь зөв шүүдээ. Хүүхэд хаанаас хэнээс тусламж авахаа мэддэг байх нь гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх бас нэг арга зам гэдгийг ойлгоорой гэж хэлмээр байна.
-Баярлалаа.