Тээврийн цагдаагийн албанаас “Бид мартахгүй” хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагааас төр, ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах зэрэг албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг билээ.
Өнөөдөр /2019.07.04/ Тээврийн цагдаагийн албаны хурлын тэнхимд Сүхбаатар районы 4 дүгээр салаанд цагдаа зохицуулагчаар ажиллаж байгаад 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн урд талын замд албан үүргээ гүйцэтгэж байхдаа автобусанд мөргүүлэн амь насаа алдсан сэргийлэгч Загдын Ганбаатар агсны аав Загд болон түүний дүү нарт хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
Энэхүү үйл ажиллагаанд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан болон алба хаагчдын төлөөлөл оролцож, дурсгалын зүйл гардууллаа.