Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчийг гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүн, чадахуйн зарчим (мерит)-д тулгуурлан албан тушаал шатлан дэвшүүлэх, мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, шалгалт авах, нөөцөд бүртгэх, нээлттэй сонгон шалгаруулах замаар албан тушаалд томилох, төрөөс баримталж буй бодлогод нийцүүлэх, алба хаагчийн албан тушаал шат дараалан шударгаар ахих бололцоог олгох, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийн томилгоо ил тод нээлттэй, шилэн болгох бодлого баримтлан ажиллаж байна.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба, газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга, ангийн захирагч, салбарын дарга зэрэг удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны болон Цагдаагийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор баталсан журам, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус тус заасныг баримтлан томилохоос гадна шатлан дэвших зарчмын дагуу удирдах албан тушаалын шат шатны нөөцөд бүртгэгдсэн алба хаагчдын дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг сонгох замаар сул орон тоог нөхөн хангаж хэвшсэн.
Удирдах албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын зарыг алба хаагчдад нээлттэй зарлан мэдээлэх ажлыг тухай бүрд шуурхай зохион байгуулж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу тусгай шалгалтыг авч, томилолтын асуудлыг шийдвэрлэдэг.
Энэ оны эхний 11 сарын байдлаар удирдах албан тушаалын 140 сул орон тоонд 17 удаагийн сонгон шалгаруулалт зарласан.
Шалгалтад хамрагдахаар нийт 260 алба хаагч өрсөлдсөнөөс, шаардлага хангаж, өндөр оноо авсан 99 алба хаагчийг удирдах албан тушаалд томилсон байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Удвалцэцэг
Хаяг, утасны дугаар:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж-18, утас-70191095