Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Баярсайханы Бат-Эрдэнийн ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, тус газрын даргаар ажиллаж байсан, нутгийн уугуул цагдаагийн хурандаа Б.Гантулга хүлээлцүүлж, тус цагдаагийн газрын алба хаагч нарт Цагдаагийн ерөнхий газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэж, холбогдох үүрэг, ажлын чиглэл өглөө.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбатад шинээр томилогдсон Цагдаагийн газрын даргыг танилцуулж, Цагдаагийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, аймаг, орон нутгийн хэмжээнд хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр санал солилцов.

Цагдаагийн хурандаа Баярсайханы Бат-Эрдэнэ нь эрх зүйч, цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжилтэй, эрх зүйн магистр зэрэгтэй бөгөөд цагдаагийн байгууллагад 25 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байна.
Тэрээр Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэст жижүүрийн офицер, Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Эрдэнэцагаан сумдад хэсгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч, Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, Мөнххаан сум дахь Сум дундын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хороонд эргүүлийн офицер, хэв журмын ахлах байцаагч, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст жижүүрийн ахлах мөрдөгч, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бодлогын нэгжүүдэд ахлах байцаагч, чиглэлийн ахлах байцаагч, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, мөн Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст улсын хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ хариуцсан чиглэлийн ахлах байцаагчаар тус тус ажилласан арвин туршлагатай.
Мөн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй цагдаагийн хурандаа Б.Баатархүү нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн даргаар томилогдсон байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Э.Төвшинжаргал утас-70191095
Хаяг, утасны дугаар:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж-18, утас:70191095