Миний мөр...
Хэрвээ аав минь байсан бол өнөөдрийн залуучууд шиг цолоо аваад аав дээрээ очиж, илтгэл рапорт өгөөд, хажууд нь суугаад, “Ааваа, би таны цолд хүрлээ” гэж хэлээд үнэрлүүлэхсэн гэж боддог.
Миний амьдрал бүр багаас минь цагдаагийн байгууллагатай холбоотой байлаа. Учир нь миний аав цагдаа. Аав минь надаар байнга дүрэмт хувцсаа индүүдүүлнэ. “Миний хүү их гоё индүүддэг” гэж үргэлж магтдаг байсан юм. Би ч тэрэнд нь их оодордог байж.
Би дөрвөн хүүтэй айлын гуравдах нь. Ах, дүү нар минь хүртэл цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Би ч тэднийгээ дагасан гэхүү дээ. Ер нь бол мөрдөгч, эрүүгийн төлөөлөгч болох сонирхолтой байсан юм.

1999 онд арван жилээ төгсөөд дөнгөж 17 насандаа цагдаагийн дамжаанд гурван сарын хугацаанд казармд байрлаж, суралцаж төгссөн. Тэр үедээ жаахан байсныг ч хэлэх үү их л чанга даваа байсан сан. Аав минь манай салаанд хичээл ордог байсан болохоор сэтгэлд өег. Гэхдээ нэг зүйл жаахан эвгүй. Гэртээ өдөр бүр “аав” гэж дууддаг хүн маань ангийн өмнө багш болоод зогсож байна. Тэгээд “аав” гэж дуудах уу, “багш аа” гэж дуудах уу гэдэг дээр эхэндээ жаахан түүртдэг байлаа /инээв/.
18 нас хүрээд жинхэнэ цагдаагаар томилогдож, тангараг өргөсөн. Тэгээд дүрэмт хувцсаа өмсөөд, мөрдөс, тусгай хэрэгслээ зүүгээд иргэдтэй харилцахад дотроо “Би болчихжээ” гээд бүр багтаж ядаад байгаа юм чинь /инээв/.
Үүний дараа 2005 онд Цагдаагийн академид элсэн орж 2009 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр томилогдсон.

Тэр үед би Улаанбаатараас өөр газар байж үзээгүй болохоор гэнэт орон нутаг руу томилогдсондоо, хотод үлдэж чадаагүйдээ жаахан эмзэглэсэн. Гэхдээ орон нутагт ажиллах нь шинэ алба хаагчид их зүйл зааж өгдөг. Тэнд тухайн орон нутгийн онцлог, хүмүүсийн амьдрал, ажиллах нөхцөл бүгд өөр. Заамар суманд тухайн үед алт олборлолт ихтэй байсан. Хууль бусаар гар аргаар алт олборлодог иргэд буюу тухайн үеийн “нинжа” нартай холбоотой асуудал их гардаг байлаа. Хэргээ мөрдөөд хэд л бол хэд хоногоор “хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж” ажиллана.
2012 оноос хотод ажиллаж эхэлсэн. 2012-2023 он хүртэл мөрдөн байцаалтын чиглэлээр тасралтгүй ажилласан. Мөрдөгчийн ажил тэсвэр тэвчээрийг их шаарддаг. Хааяа “өөр чиглэлээр ажиллая” гэсэн бодол төрнө. Гэсэн ч туулсан он жилүүдээ бодоод хоргодно. Нэг хэргийн араас тамираа тасартал атгаад дараа шүүхээр шийдэгдэх үед нь л хөлсөө арчиж, амьсгаа авдаг. Мөрдөгч хүн мэдлэг, ур чадвараас гадна тэвчээртэй, шударга, зарчимч, хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой. Учир нь бидний гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл нэг хүний төдийгүй гэр бүл, хамт олон, цаашлаад нийгмийн амьдралд нөлөөлөх боломжтой. Тиймээс би ажилдаа хэзээ ч хөнгөн хуумгай хандахгүй байхыг өөртөө шаарддаг.
Одоо би Экологийн цагдаагийн албаны Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн хяналт шалгалт хариуцсан ахлах мөрдөгчөөр ажиллаж байна. Ерөнхийдөө бол алба хаагчдын сахилга ёс зүйг чанд сахиулж, эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний эрх ашгийг хамгаалдаг гэсэн үг.

Би анх цагдаа болж байх үед дэд хурандаа цол их хол санагддаг байсан. Тухайн үед дэд хурандаа цолтой хүмүүс ихэвчлэн газар, хэлтсийн дарга нар байдаг байлаа.
Би цолоо авахдаа аавтайгаа адил Цэргийн гавьяаны одонгоо мөн авсан. Дэд хурандаа цолыг зүүж байхад аав, ээж минь байсан бол гэдэг бодол хамгийн түрүүнд орж ирдэг юм билээ. Нүд дүүрээд л ирсэн. Гэвч гэрийнхэн, найз нөхөд бүгд хотод, би тэнд ганцаархнаа учир аргагүйн эрхэнд залгиж байгаа юм. Хэрвээ аав минь байсан бол өнөөдрийн залуучууд шиг цолоо аваад аав дээрээ очиж, илтгэл рапорт өгөөд, хажууд нь суугаад, “Ааваа, би таны цолд хүрлээ” гэж хэлээд үнэрлүүлэхсэн гэж боддог.

Хүний амьдралд үлдээсэн мөр болгон харагддаггүй. Зарим мөр цаасан дээр үлддэг бол зарим нь хүний сэтгэлд үлддэг. Миний мөр бол шударга ёсны төлөө хийсэн хөдөлмөр, үнэнийг тогтоохын төлөө гаргасан хичээл зүтгэл, хуулийн өмнө хүн бүр тэгш байх зарчмыг хамгаалсан үйл хэрэг байгаасай гэж хүсдэг. Энэ хүсэл тэмүүлэл минь намайг мөрдөгч хэмээх хариуцлагатай, үнэнийг эрэлхийлдэг мэргэжлийг сонгоход хүргэсэн.

100 жил