Ахмадуудаа алдаршуулъя
Намайг Жанчивын Чинбат гэдэг. Ахмад ажилтан, цагдаагийн ахмад цолтой. Цагдаагийн дээд сургуулийг төгсөөд л хариуцлагатай энэ албандаа залуу халуун насныхаа гуч гаруй жилийг зориулжээ. Гучин жилийнхээ 25-д нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө зүтгэсэн.
Тэтгэвэрт суугаад хэдхэн жил болж байгаа ч ажлаа их л үгүйлэх юм. Өнөөдөр дүрэмт хувцсаа өмсөөд цөөн хором ч болов урьд хийдэг байсан ажлаа хийлээ. Сэтгэл дүүрээд л ирлээ, сайхан байна шүү...
Зам дээр үүрэг гүйцэтгэж байхад иргэн, цагдаа хоёрын хооронд үл ойлголцох ганцхан зүйл нь “торгуулийн арга хэмжээ авах”. Би торгууль бага хийдэг байсан юм. Буруу л даа, гэхдээ бодит байдлаа яриад, үнэнээ хэлээд нулимс дуслуулах хүнийг хараад торгох хэцүү байдаг байсан. Намайг ажиллаж байх үед цагдаа, иргэн хоёрын харилцаа их гоё байсан юм шүү. Ажилдаа эрт явах, орой тараад явж байхад жолооч нар “хаа хүрэх үү” гэж асууна, зарим нь “дөхүүлээд өгдөг” байлаа...
Айхтар айхтар осол хэргийн дуудлагад их очсон доо. Осол гаргасан хүмүүс сандраад л, уйлаад л... Тэр үед “яахав дээ техник хэрэгсэл засагдана, хүн нь л амьд, бага бэртсэн байгаасай” гэж боддог байсан юм даа.
Залуу алба хаагч нартаа захиж хэлээд байх их зүйл байхгүй ээ. Хүн бүрт хүндлэлтэй байгаарай, эрүүл мэндээ бодоорой л гэж хэлнэ. Жолооч, замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэддээ зохицуулагчийн биет дохиог сайн мэддэг байгаарай, ачаалалтай замруу дайралгүй хэдхэн минут түр хүлээж зогсоод “Ар халхын алдарт чагтан түгжээ” битгий үүсгээрэй л гэж хэлнэ дээ /инээв/.




100 жил