Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт болж байна
Цагдаагийн ерөнхий газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран “Цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт”-ыг Улаанбаатар хотноо энэ оны 08 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус хуралд Монгол Улс болон Вьетнам, Тайланд, Малайз, Филиппин, Индонез, Лаос улсын хууль сахиулах байгууллагын цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг удирдах албан тушаалтан, мөрдөгч, прокурор, хүүхэд хамгааллын мэргэжилтэн, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцож байна.
Монгол Улсыг төлөөлж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Батбаатар, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэдалай, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Гансүх болон Мөрдөн шалгах алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид оролцож байна.
Уулзалтын хүрээнд цахим орчин дахь хүүхдийн эсрэг шинээр гарч буй аюул, эрсдэлийн талаар нэгдсэн ойлголт бүрдүүлэх, хил дамнасан мөрдөн шалгах ажиллагаа, дижитал нотлох баримт солилцох механизмыг сайжруулах, улс орнуудын сайн туршлагыг хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Тус уулзалт нь цахим орчин дахь хүүхдийн бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.




100 жил