“Шилдэг мөрдөгч-2018” анхдугаар тэмцээнд ахлах дэслэгч Ж.Отгонбаяр түрүүллээ
Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албанаас “Шилдэг мөрдөгч-2018” тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Тэмцээний тэргүүн байрт Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Отгонбаяр, дэд байрт Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Тамир шалгарлаа.
Харин гутгаар байрыг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзориг эзэлсэн. Өнөөдөр /2018.10.12/ тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдад шагнал, өрсөлдсөн бүх алба хаагчид батламж, гэрчилгээ гардууллав.
“Шилдэг мөрдөгч-2018” тэмцээн энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд болсон бөгөөд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчид хууль, эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэг, хэргийн газрын үзлэг зэргээр мэргэжлийн ур чадвараа сорьж, бие бялдрын норматив үзүүлэлтээр авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.