ХУЛГАЙН ХЭРГИЙГ ХАЛУУН МӨРӨӨР НЬ ИЛРҮҮЛЛЭЭ
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.
Тус аймгийн Батноров сумын иргэн З-ийн гэрт энэ сарын 7-8-нд шилжих шөнө хулгайч орж үнэт эдлэл болон бусад эд зүйлийг хулгайлсан хэрэг гарчээ.
Хэргийн дуудлага цагдаагийн байгууллагад ирсний дагуу эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргалаар ахлуулсан, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Ганхуяг, шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Төгөлдөр, туслах төлөөлөгч цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргал, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч И.Эрдэнэтогтох нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж, хэргийг шуурхай илрүүлэн ажиллажээ.
Хэргийн газарт хийсэн шалгалтын үеэр цагдаагийн ахлах ахлагч О.Түмэнжаргалын сургаж буй “Молли” дуудлагатай албаны эрэлч нохой гэмт этгээдийн гутлын мөрийн үнэрийг хөөн, сэжигтэн этгээд О-г таньж, хулгайлсан эд зүйлээ нуусан газрыг нь илрүүлсэн байна.