1. Лаварын Дэмбэрэл

 1909-1910 онд өрнөсөн Манжийн хаант засгийг эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцоод хүчинд автан дарагдахад хүрсэн Илийн Зүүнгарын хошууны дэд дарга  Л.Сумъяа  хэсэг ардаа дагуулан 1912 оны хавар Орост орж, улмаар мөн оны намар Монголд дагаар оржээ.  Монголын зүүн  болон баруун хилд хятадын хар цэрэгтэй тулалдахад гарамгай гавъяа  байгуулсан,  “Ялгуун баатар” цол шагнагдсан Сумъяа  бээс өөрийн хошууны цэргийг зохион  байгуулан  партизан  цэргийн дөрвөн хорооны нэгийг бүрдүүлж 1921 оны Ардын хувьсгалд идэвхитэй  оролцсон юм. Л.Сумъяагийн дүү Л.Самъяан, гүн  Л.Дэмбэрэл нар  мөн. Ардын  хувьсгалын партизан бөгөөд Л.Дэмбэрэл Монголын цагдаагийн түүхэнд нэр нь үлдсэн зүтгэлтэн билээ. Сэргийлэх цэргийн дарга болоод гаргасан  бичигтээ  “Миний  бие нь энэ өдрөөс хойш Монголын Хиагт хот ба ойр орчмын цагдан сэргийлэх газрын дарга болсон” гээд нэрээ “Дэмбэрэлбилэгт” гэж бичсэн байна. /Улсын  түүхийн  архив. Ф-2 T1,хн-3/ Хадгалагдан үлдсэн үүнээс бусад бүх бичиг баримтад  “Дэмбэрэл”  гэж  байгаа ажээ. Л.Дэмбэрэл нь 1897 онд БНХАУ-ын Зүүнгарын Шинжааны Ил Тарвагатайн Бор тал гэдэг газар төрсөн. 
Монгол Ардын Намын анхдугаар их хуралд анхны өдрөөс нь оролцон гишүүн болжээ. Хиагтыг эзэлсний дараа  1921 оны 03 дугаар  сарын 24-ний өдөр Монгол улсын хэмжээт цаазат засгийн газар, МАН-ын  Төв Хорооны  хамтран зөвлөлдөж хэлэлцэн тогтсон 1 дүгээр хурлын тогтоолоор  Алтанбулангийн цагдан сэргийлэх салааны даргаар томилж, Ерөнхий сайд  Чагдаржав, Засгийн газрын гишүүн Бодоо, Сүхбаатар, Билэгсайхан, Сумъяа, Намын Төв хорооны  дарга  Данзан, гишүүн Дамбадорж нар гарын үсэг зуржээ. 1921-1927 онд цэргийн хорооны комиссар, Ховд хязгаарыг тохинуулах сайд  
1927 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 1929-1937 онд Монгол трансын ерөнхий хорооны гишүүн, Төмөрийн заводын даргаар ажиллаж  байгаад 1938 оны 01 дүгээр сарын 29-нд  улс төрийн хэрэгт татагдаж 1938 оны 05 дугаар сарын 08-нд шоронд нас  баржээ. 1965 оны 12 дугаар сарын 14-нд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй  болгож цагаатгажээ.

2.Батгэрэлийн Сүнгээ

  Арван тавны цагдаагийн үед нийслэлийн  цагдан сэргийлэх албаны түшмэлээр бээл Цэмбэлжигмэддорж, Амгаланбаатар дахь цагдаагийн даргаар Цэрэнпунцаг нар ажиллаж байжээ. 1921 онд Ардын журамт цэрэг Хүрээнд орж ирэхэд цагдаагийн газрын дарга Нямжав байгаад түүнийг Дотоод яаманд ажиллуулах болж 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс буюу шинэ цагийн цагдаагийн байгууллага болон зохион байгуулагдсан өдрөөс 1921 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл мэргэн гүн Сүнгээ цагдаагийн газрын  даргын үүрэг гүйцэтгэж  байжээ. 
  
Б.Сүнгээ 1880 онд одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутаг Улиастайн гол гэдэг газар төржээ. “Эрхэм мэргэн гүн”  хэргэмтэй. Ардын засгийн үед сангийн яаманд эх зохиогч, хэлтэс эрхэлсэн түшмэл, Хутаг улаан хошууны дарга, хэлтсийн эрхлэгч, хараагийн тариалан дээр нарийн бичгийн дарга, засгийн газрын “Үндэсний эрх” сонины мэдээ боловсруулагч, гар үйлдвэр болон зургийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Төв аймгийн Баянцогт сумын 7 дугаар багт амьдран сууж  байсан. Автономит засгийн үед богд хаанаас “Гүн” хэргэмээр шагнагдаж явсан. Ардын засгийн үед сангийн яамны эх зохиогч ба хэлтсийн эрхэлсэн түшмэл, Хараагийн тариалан дээр нарийн бичгийн дарга, Засгийн газрын “Үндэсний эрх” сонины мэдээ боловсруулагч, мөн гар үйлдвэр зураг хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ. 1921 оны 7 дугаар сарын 19-нд Засгийн газрын 6 дугаар хуралдаанаас Хүрээний амгалан тайван  байдлыг сахиулах үүрэгтэй  Ардын цагдан сэргийлэх  байгууллагыг байгуулж, цагдаагийн дарга байсан бэйс Нямжавыг Дотоод  яаманд шилжүүлж, орлогч  гүн Сүнгээд цагдааг  хариуцуулжээ. 
  
Сүнгээг Гэндэн, Дэмидийн эсэргүү бүлгийн гишүүн  хэмээн 1938 оны 6 дугаар сарын 3-ны онц  бүрэн эрхт комиссын 21 дүгээр тогтоолоор  буудан  алах, хөрөнгийг нь хураах  ялаар шийтгэжээ. 1993 оны 4 дүгээр сарын 19-ний  өдөр Дээд шүүхийн  цэргийн коллегийн 86 дугаар тогтоолоор цагаатгажээ.

3. Ганжуурын Гүрсэд

   Цээжид овгийн Ганжуурын Гүрсэд нь 1898 онд ядуу ард эмэгтэй Цэндийн хүү болон төрөөд Сэцэн хан аймгийн Санбэйсийн хошууны өртөөчин ард “хар” гэгч  Ганжуурт үрчлэгдсэн ажээ. Тэр 1912 оноос  Нийслэл хүрээ,  Хиагт, Эрхүү хотод бага, дунд сургуульд суралцаж  төгссөн,
  1919 оноос Автономийн үеийн гадаад яаманд хэлмэрч бичээчийн ажил хийж  байв.Гадаад  яаманд ийнхүү ажиллаж  байхдаа А.Амарыг дагалдан Хаант Оросоос хил зөрчиж ирэгсдийг Хүдэр харуулаар хөөн гаргах ажилд сайн оролцож, дэд зэрэг жинс шагнагджээ. 1920 оноос Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцох болжээ. Барон Унгерн Монголд цөмрөн ирсний дараа Г.Гүрсэдийн ах Г.Гэлэгсэнгээг цэрэг захируулахаар томилоход зөвшөөрөөгүй  учраас түүний  бичиг, цэргийн гавьяагаар шагнуулсан сул Гүнгийн зэргийг нь бүрмөсөн  эвдэж, 1921 оны 5 дугаар сарын 29-нд дүү Гүрсэдэд хүчээр шилжүүлэн зүүлгэсэнд Гүрсэд  эрс дургүйцэж  тэр даруй ардын  журамт цэрэгт шилжин очжээ.1921 онд МАН-д  элссэн. 
Г.Гүрсэд нь 1921 оны 10 дугаар сарын 11-ний  өдрөөс  1922 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг  хүртэл Нийслэл хүрээний  Цагдан сэргийлэх  хорооны даргаар  ажиллаад  цэргийн зөвлөлд дэвшин ажиллажээ. 1919 оноос  Гадаад  яаманд  бичээч,  хэлмэрч, 1920 оноос  Ардын  журамт цэрэгт жанжины  бичээч.1922 оноос  Цэргийн  зөвлөл, Гадаад явдлын  яаманд хэлтсийн  орлогч, 1924 оноос ЗХУ-д  суух  Элчин  сайдын  яаманд хэлмэрч, нэг, хоёрдугаар нарийн бичгийн даргаар  ажиллаж  байхдаа  Москва хотын  Хууль цаазны нэгдүгээр сургуульд  суралцаж төгссөн.:1926 оноос цаг зуурын  шүүх,  1927 оноос  Дээд шүүхийн дарга, 1928 оноос ЗХУ-д суух Элчин  сайд,  1929 оноос Гадаад явдлын  яамны  сайд, 1930-1937 онд Шүүх  яамны  хууль зүй  боловсруулах хэлтсийн дарга зэрэг  алба  хашиж  яваад 1938 оны 7 дугаар  сарын 29-нд цаазаар авахаар шийтгэсэн.1969 оны 10 дугаар сарын 17-нд Дээд шүүхийн  Бүгд хурлын 6 дугаар тогтоолоор хэргийг нь хэрэгсэхгүй болгож  цагаатгажээ. 

4. Базарын Пунцаг

    Ардын журамт цэргийн анхны хороог 1921 оны 3 дугаар сарын 10-нд байгуулж даргаар нь Базарын Пунцагийг томилжээ. Б.Пунцаг нь 1882 онд Цэцэн хан аймгийн Лха жононгийн хошуу одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Баян-Улаан гэдэг газар төржээ. 29 нас хүртэл мал адуулан бусдад зарцлагдаж байгаад 1911 онд автонмитын цэрэгт татагдаж Хужирбуланд байрлан 1912 онд Ховд хотыг чөлөөлөх дайнд оролцжээ. Хужирбулангийн цэргээс 120 хүнийг шигшин авч их бууны сургуууль хийлгэхэд түүнд суралцаж сайн боловсроод улмаар их бууны Пунцаг нэртэй болжээ. 1912-1914 оны үед зүүн хязгаарт хятадын хар цэрэгтэй удаа дараа байлдаж гүн Бавуужавын дээрэмчдийг бут цохиход оролцсон.
   1920 он хүртэл Хиагтын 50 цэргийн захирлаар ажиллаж байхдаа Монголын хувьсгалын нууц бүлгэмийн ажилд идэвхитэй тусалж, 1921 оны эхээр Хиагтын 50 цэргийн албыг орхиж Дээд шивээнээ одоод улмаар ардын журамт цэрэгт элсэж, 1921 онд Хяраан, Хиагтын район, Хиагт хотыг эзлэх байлдаануудад хошуучлан оролцож, дараа нь баруун замын цэргийн ангийн дэд жанжнаар, 1922-1923 онд нийслэл хүрээнд хотын комендат ба улсын цагдан сэргийлэх газрын дарга, 1923-1924 онд Улаанбаатар хотод тэргүүн хорооны дарга, 1924-1926 онд машины товчлон эрхлэх газрын дарга, 1926-1934 онд Монгол тээхийн хорооны өвс хадлангийн газрын дарга, 1934-1936 онд Тахилтын даваа зэрэг газар Ойг хамгаалах цагдаа, 1936-1938 онд Хэнтий аймгийн морин станцын дарга, 1940 оны 6 сараас улсын Бага хурлын гишүүн, маршал Х.Чойбалсангийн зөвлөхөөр ажиллаж байжээ. 
Улсын 10 жилийн ойгоор нэгдүгээр зэргийн одон, 20 жилийн ойгоор хоёрдугаар зэргийн улаан тугийн одон, сайн малчны тэмдэг, мөн хүндэт медалиар тус тус шагнагджээ.

5. Магсарын Дугаржав

  1893 онд Сэцэн хан аймгийн Далай бээсийн хошуу, одоогийн  Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, улс төр,  урлаг  соёлын  нэрт зүтгэлтэн,  Монгол Улсын  гавьяат дуучин цолыг 1935 онд анх удаа хүртсэн. Улаан тугийн  болон  Хөдөлмөрийн гавьяаны одонгоор шагнагдсан.15 наснаас Хошуу тамга, аймгийн яаманд бичээч, 1917-1918 онд Гадаад ба Цэргийн  яаманд бичээч, 1921-1923 онд ардын цэргийн бригадын дарга, Сэцэн хан аймгийн тохинуулах сайдын онцгой үүрэг хүлээн гавъяа байгуулсан учир “Хурц баатар” цол шагнагдсан.1922-1928 онд Хотын  намын хороонд  нарийн бичгийн дарга, 1923-1926 онд Цагдан сэргийлэхийн дарга 1929-1932, 1937-1941 онд Тагна Тува улсад суух Бүрэн эрх барих төлөөлөгчөөр ажиллаж  байжээ..1932 оноос Гадаад  яамны  дэд  сайд, 1936 оноос Засгийн газрын тусгай  хэлтсийн эрхлэгч, Улсын  драмын  театрт дуучин зэрэг ажил хийж  явжээ. 1946 оны  хавар нас барсан.
“Улаан туг”, “Таван  эрдэнэ” зэрэг  дууны  үг,  ая  зохиож,  “Идэр жинчин”, “Баян монгол”,  “Үхэрчин хүү” зэрэг дууны хөгжим  бичсэн. Түүний  тухай  ардын  ура  зохиолч Л.Түдэв “Хувьсгал танаа өчье” түүхэн роман бичжээ. 100 жилийн ойг нь 1993 онд тэмдэглэж, төрсөн  нутагт нь хөшөө  босгожээ. 
Тавин насандаа 1943 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Дээд шүүхийн Шүүн таслах  газрын  шүүх  бүрэлдэхүүний  тогтоолоор 10 жил хорих, сонгох, сонгогдох эрхийг 4 жил хасах, хувьд ногдох хөрөнгийг хураахаар шийтгүүлсэн. Улсын дээд шүүхийн Бүгд хурлын 1962 оны 11 дүгээр сарын 16-ны 17 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.                     

6. Цэрэндоржийн Дашдорж

  1882 онд төрсөн. Түшээтхан аймгийн Дархан чин вангийн  хошууны харъяат, тайж, уйгуржин, манж бичгийг сурч  эзэмшсэн. Автономитын үед  бичээч, эх зохиогчийн  алба хашиж  байгаад  Ардын  засгийн  эхний  жилүүдэд Цэргийн явдлын  яаманд  бичээч, Шүүх  яаманд  бичээч,  Гаалийн хороонд  байцаагч  зэрэг  албыг хашиж  явжээ. Засгийн газрын 1926 оны  02 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаар тогтоолоор Улсын  цагдан  сэргийлэх ерөнхий газар  болон  түүний  салбаруудын орон тоог  133 нэгжтэй  баталж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргаар  их зохиолч Д.Нацагдоржийн эцэг Цэрэндоржийн Дашдорж тайжийг томилон  ажиллуулжээ. 
  
Улсын  Бага  Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны  5 дугаар сарын  12-ны  8 дугаар хурлаар Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрыг татан буулгаж, Улаанбаатар хотын захиргааны дэргэдэх Цагдан сэргийлэх хэлтэс  болгон  байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ үед Ц.Дашдорж Улсын  цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. Б.Содномын “Их зохиолч Д.Нацагдоржийн намтар зохиол” номынхоо өмнөтгөлийг үзнэ үү.

7. Лувсангийн Жигжид

   Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд 1892 онд төрсөн. Ерөнхий даргын сургуулийг 1919 онд төгссөн. 1923 оны 6 сард Хиагт зэргэмжийн газраа ардын цэрэгт элсэн бүхий цагт цэрэгт чин үнэнхүү сэтгэлээр орсон ба түүнээс хойно салаан даргын үүрэг гүйцэтгэж байсан. Гэмин ба Бароны цэрэгтэй байлдаж явсан. Намын гишүүн бус, халх, ард, эхнэр Ханд, охин Долгорсүрэн нарын хамт амьдарч байжээ. 1932 онд Дотоодыг хамгаалах газрын 10 жилийн ойн хүндэт тэмдгээр шагнагдсан. Л.Жигжид Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын даргаар 1930 оны 12 дугаар сарын 2-ноос  эхлэн  ажиллаж  1932 оны 2 дугаар  сард  Цагдан  сэргийлэх  газар Дотоодыг  хамгаалах газарт харъяалагдахад даргаар нь Дотоодыг хамгаалах  газрын 1932 оны 2 дугаар сарын 23-ны  өдрийн  66 тоот тушаалаар томилогдсон Дотоодыг хамгаалах  газрын  1932 оны  5 дугаар  сарын 7-ны 132 тоот тушаалаар өөр  газар шилжсэн учир  халагджээ.

 

8. Ланхайн Дарьсүрэн

   Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч вангийн хошуу, Одоогийн Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг Зүүн түнх гэдэг газар 1894 онд төрсөн. 1921 онд Хатанбаатар Магсаржавын захирсан ардын журамт цэрэгт элсэж Дамдингийн тавьт, Гунаажавын арванд явж Улиастай Худгийн ам, Ховд Төгрөгийн хүрээ, Гурван цэнхэр, Улаангом зэргэмж газраар цагаантны эсрэг байлдсан их бага байлдаанд удаа дараа ололцсон. Ардын хувьсгалын жилүүдэд Ховд хязгаарын дөрөвдүгээр хороо, Улаанбаатар хот дахь нэгдүгээр морин бригад, Дотоодын ба хязгаарын цэргийн тусгай хороо, мөн 13, 19-р тусгай суман, цагдан сэргийлэх зэрэг газар 19 жил цэрэг, цагдаа, бага дунд, ахлах тушаалын дарга, дараа нь зам барилгын газар ажиллаж байжээ. 
Дотоодыг хамгаалах газрын 1932 оны 5 сарын 7-ны өдрийн 132 тоот тушаалаар Улсын цагдан сэргийлэх газрын даргаар томилогдож 1933 онд өөрчлөгджээ. 

 

9. Дамдины Жадамбаа

  1894 онд Төв  аймгийн Угтаал  цайдам сумын нутагт Зөөхий гэдэг газар хар Ёндонгийн хоёрдугаар хүү болон төржээ. Анх цэрэгт ирэхдээ өвөг эцэг Дамдингаар овоглож иржээ. 1924-1925 онд цэрэг, 1925-1927 онд армийн пульмётын хороонд салааны дарга, 1927-1928 онд мөн хороонд сумангийн туслах, 1928-1929 онд Цэргийн ерөнхий сургуулийн дарга нарын давтан курс төгссөн, 1929-1930 онд Дотоодыг хамгаалах газрын тусгай  суманд туслах, 1930-1931 онд мөн газар дивизоны туслах, 1931-1933 онд тусгай хороонд дарга, штабын дарга, 1933-1934 онд хязгаарын газарт хэлтсийн туслах, 1934-1936 онд Улсын цагдан сэргийлэх газрын дарга, 1936-1938 онд Алтанбулагийн  цагдан сэргийлэхийн дарга, 1938-1940 онд Улсын цагдан сэргийлэх газарт штабын туслах, 1940-1943 онд Улсын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх сургуулийн захирал, 1943-1944 онд ДЯЯ-ны төв  сургуулийн орлогч захирал, 1944-1945 онд Төв аймгийн  цагдан сэргийлэх  ангийн дарга, 1945-1948 онд Улсын цагдан сэргийлэх газрын сэргийлэн хамгаалах хэлтсийн дарга, 1948-1949 онд Төв комендатурт зэвсгийн байцаагч, 1949-1952 онд  Төв комендатурт аж ахуйн  эрхлэгч, 1952-1953 онд хязгаарын газрын орон сууцны комендатын даргаар тус тус  ажиллаж  байжээ. Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны одонгоор 2 удаа, Алтангадас одон, Зөвлөлт Монголын Бид ялав медаль, Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль, Хүндэт чекист тэмдгээр шагнагдсан. 1939 онд  ЗХУ-д Октябрийн баярын ажиллагаанд оролцох Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд явжээ. Хурандаа  цолтой.

10. Буянгийн  Аюуш

   1902 онд Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу буюу Сэлэнгэ  аймгийн  Мандал сумын 3-р багийн нутагт Буянгийн гэрт төржээ. 18 нас хүртэл эцэг эхийн хамт мал маллан амьдарч байсан. 1922 онд цэргийн албанд татагдан, бага даргаар дэвшин алба хааж байгаад гачигдлаар халагдсан. 1926 онд Намын сургуульд орж суралцсан, МАХН-н Төв хорооны шийдвэрээр 1927 онд Дотоодын хамгаалах газар шилжин ирж 1927 оны 10 сард ерөнхий хэлтэст бичээч, 1929 оны 2 сараас Алтанбулаг дахь Дотоодыг хамгаалах ангийн туслах, 1930 оны 8 сараас төвд шилжин ирж Дотоодыг хамгаалах газарт хэлтсийн туслах дарга, 1932-1936 онд Дотоодын хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, 1936 оны 5 сард Дотоод явдлын яамны харъяа Цагдан Сэргийлэх Газрын даргаар ажиллаж байсан.  1934 онд Цэргийн Гавъяаны 2-р зэргийн одонгоор шагнагдсан. 1937 оны  9 сарын 10-нд баривчлагдаж 1937 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Онц  бүрэн  эрхт комиссын  тогтоолоор  буудан  алж,  хөрөнгийг нь хураахаар  ял шийтгэжээ. Дээд шүүхийн  Бүгд  Хурлын  1965 оны  12 дугаар  сарын 09-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор эрүүгийн  хэргийг  хэрэгсэхгүй  болгож  цагаатгажээ.

11. Гэлэгийн  Хас-Очир

   1897 онд Хэнтий аймгийн Галшар суманд төрсөн, гэрээр бичиг заалгаж  сурсан, багадаа ноёны адуу маллаж байсан, цэргийн алба хааж халагдаад хошуу тамгын газарт бичээчээр  ажиллаж  байсан. 1927 оноос ДХГ-т бичээч, Тамсагбулагт туслах төлөөлөгч, Сулинхээрт жинхэнэ төлөөлөгч,  1932 оноос ДХГ-ын Өмнөговь дахь хэлтсийн дарга,  1934 оноос Хязгаарын ба цэргийн хэлтсийн тасгийн дарга,  1938 оны 1 сарын 8 нд ДЯЯ-ны сайдын 2 тоот тушаалаар Цагдан сэргийлэх газрын дарга,  Тохинуулагч цолтой 1939 оноос ДЯЯ-ны аж ахуйн хэргийг эрхэлсэн орлогч сайд бөгөөд хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад 1939 оны 7 сарын 9-нд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын 17 дугаар армийн тагнуулын албаныханд баривчлагдаж  ЗХУ-д хүргэгдэн 1941 оны 7 дугаар сарын 5-нд ЗХУ-ын цэргийн коллегийн  тогтоолоор цаазлах ял оногдуулан гүйцэтгэжээ. 1960 оны 6 сарын 7-нд ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгасан.
 

12. Маналжавын  Дамдинсүрэн

   Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Бүрхийн Ар майхант гэдэг газар 1903 онд төрсөн. 1924-1927 онд аймгийн яаманд бичээч, 1927-1930 онд аймгийн эвлэлийн хороонд зааварлагч, нарийн бичгийн дарга, 1930 онд Дотоодыг хамгаалах газар хэлтсийн даргаар таван сар ажиллаад өвчний учир өөрчлөгдсөн. 1931-1932 онд Булган аймгийн намын товчлох хорооны дарга, 1932-1938 онд Дотоодыг хамгаалах газарт жинхэнэ төлөөлөгч, тасаг, ангийн дарга, 1938-1939 онд гал түймэр эсэргүүцэх хэлтсийн дарга, 1939 оны 5 сараас 1940 оны 7 сард Улсын цагдан сэргийлэх газрын дарга, 1940-1941 онд Улаан хэрээстийн хорооны орлогч дарга, 1941 оны 1-8-р сард Батлан хамгаалах төв зөвлөлийн дарга, 1941-1942 онд Улсын циркийн дарга, 1942-1949 онд Дундговь аймгийн бага хурлын дарга, 1949-1951 онд Сэлэнгэ аймгийн дарга, 1951-1953 онд Улсын төв гэрэл зургийн газрын дарга, 1953-1961 онд Архангай аймгийн авто тээврийн 6-р баазын дарга, 1962-1963 онд Дундговь аймгийн авто тээврийн 17-р баазын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Байлдааны гавъяаны одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Зөвлөлт Монголын “Бид ялав” медаль, Ардын хувьсгалын 25, 40 жилийн ойн медаль, 1940 онд намын 10-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцсон. Улсыг аюулаас сахиж хамгаалах ахлах майор цолтой байсан.

13. Шагдарын Төмөрбат

   1905 онд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт Гурванбаян гэдэг газар төрсөн. Намын шинэ хүчний  дээд  сургууль,  ЗХУ-д КУТВ төгссөн.

1932 оноос намын товчооны дарга, улс төрийн удирдагч,  ДХГ-т төлөөлөгч, Мал тариалангийн яамны дэд сайд, 1940 оны 7  дугаар сарын 20-ны өдрөөс 1941 оны 4 дүгээр сарын 8-ныг  хүртэл Улсын цагдан сэргийлэх газрын дарга зэрэг албыг хашиж  байжээ. 
   
1923 онд  МАХН-д элссэн, Ардын хувьсгалын  партизан, Ардын хувьсгалын 15 жилийн ойн хүндэт медаль,  ТТ буугаар  шагнагдаж  байснаас гадна  1939 оны  Халх голын байлдаанд оролцож Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор  шагнагдсан. Улсыг аюулаас сахиж хамгаалах ахлах майор цолтой.


14. Данзангийн  Лувсандорж

   1912 онд ЗХУ-ын Буриад Монголын Сэлэнгийн Хонхор гэдэг газарт Осор овогтой Данзангийн ууган хүү болон төрсөн. 1936 оны 6 сарын 18-нд ДХГ-ын түр сургуулийн дэргэдэх намын үүрт гишүүнээр элссэн. 1935-1938 онд ДЯЯ-ны төв сургууль төгссөн. 
1930-1931 онд Алтанбулагт Талхны газарт манаач, 1932-1933 онд мөн газарт талх баригч,
1934-1935 онд Сэлэнгэ  аймгийн  цагдан  сэргийлэх ангид  цагдаа, 
1938-1939 онд ДЯЯ-ны  бэлтгэлийн газарт байцаагч,
1939-1940 онд Улаанбаатар хотын  цагдан сэргийлэх газарт төлөөлөгч, 
1940-1941 онд Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэх ангийн дарга,
1941-1943 онд Улсын цагдан сэргийлэх газрын дарга, 
1943-1944 онд Улсын цагдан сэргийлэх газрын гүйцэтгэх хэлтсийн дарга, 
1944-1947 онд Улсын  цагдан сэргийлэх газрын дарга, 
1947 оны 2 сараас Засан хүмүүжүүлэх газрын  хамгаалах хэлтсийн дарга,
1947-1949 онд  Чойбалсан  аймгийн  цагдан сэргийлэх ангийн дарга,
1949-1952 онд Улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийн дарга,
1952-1953 онд Улсын цагдан сэргийлэх газрын паспориын хэлтсийн орлогч,
1953 оны 7 сараас Улаанбаатар хотын цагдан сэргийлэх ангийн даргаар тус тус ажиллаж байсан. 
Алтан гадас одонгоор  2 удаа,  Зөвлөлт  Монголын  “Бид  ялав”  медалиар шагнагдсан, Хурандаа цолтой.
 

15.Санжийн Эрэнцэнхорлоо

   1918 онд Төв аймгийн Ерөө суманд төрсөн. Бага наснаасаа  гэрийн боловсрол олсон,  орос, хятад хэлтэй.
- 1936 онд Улсын цагдан сэргийлэх газарт цагдаа
- 1938-1939 онд Цагдан сэргийлэхийн  ХЗЭ-ийн товчооны дарга,
-1939-1940 онд Цагдан сэргийлэхийн шинэ хүчний байцаагч,
- 1940-1942 онд Цагдан сэргийлэхийн МАХН-ын товчооны дарга, паспортын хэлтсийн дарга,
- 1942-1943  онд ЗХУ-д тагнуулын  сургуульд сурсан
- 1943-1944 оны 2 дугаар  сард  Улсын  цагдан сэргийлэх газрын дарга,
- 1944-1949 оны 11 дүгээр сард Өвөрмонголын  нутагт тусгай даалгавар  гүйцэтгэсэн
- 1944 онд  ДЯЯ-нд хэлтсийн дарга,
- 1949-1950 онд Улсан цагдан сэргийлэх газрын хэв журам эрхэлсэн орлогч
- 1950-1954 онд Улсын цагдан сэргийлэх газрын дарга,
- 1954-1956 онд ЗХУ-д  ДЯЯ-ны  тусгай  дунд сургууль төгссөн, 
- 1956-1960 онд Улсын цагдан сэргийлэх газрын  орлогч дарга,
-1960-1973 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын орлогч бөгөөд  Улаанбаатар хотын  Цагдан сэргийлэх газрын даргаар  ажилласан. 1951-1954 онд Улсын Их Хурлын депутат, 1971 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гавьяат хуульч, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор 2 удаа, Цэргийн гавьяаны одон,  Цэргийн болон Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиуд, Хүндэт чексист,  Онц  сэргийлэгч тэмдгээр тус тус шагнагдсан. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн.

16. Ванжийн Даржаа

  1909 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутагт эмэгтэй  Ванжийн анхдугаар хүү болон төржээ. 
-1928-1931 онд Тосонцэнгэл сумын зарлага,  сургуулийн галч,
-1931-1933  онд Лүнгийн 6 дугаар морьт хороонд  цэрэг, бага  дарга,  мөн хороонд Салааны дарга
-1933-1937 онд ДХ-ын Ховдын тусгай отрядад хилийн заставын дарга, отрядын  салааны дарга, жагсаал ангийн  байцаагч
-1937-1938 онд тусгай хороонд  штабын туслах, дарга 
-1938-1940 онд Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагааны отрядын штабын дарга,
-1940-1942 онд хязгаарын газарт  байлдааны хэлтсийн дарга,
-1942 оны нэгээс хоёрдугаар сард ДЯЯ-ны тусгай группийн орлогч,
-1942-1947 онд МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр ардын  өөрийгөө  хамгаалах  сайн дурын  морьт отрядын штабын дарга,
-1947-1950 онд Дотоод явдлын яамны харъяа Улсын цагдан сэргийлэх газрын дарга,
-1950-1953 онд Замын хэрэг эрхлэх газарт хэлтсийн дарга, ДЯЯ-ны комендатурт тасгийн даргаар ажиллаж байжээ.
1945 оны  чөлөөлөх дайнд  Морьт отрядыг  командлан оролцож Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан 
Засгийн газрын үнэмлэх,  Улаан тугийн одон, Алтан гадас  одон,  Байлдааны  медаль,  Ардын хувьсгалын 25 жилийн ойн  медаль,  Зөвлөлт-Монголын  “Бид  ялав” медаль, Дотоод явдлын яамны үнэмлэх, байлдааны буу зэргээр шагнагдсан. Хурандаа цолтой.

17. Бат-Очирын Шагдаржав

   1912 онд Түшээт хан аймгийн Эетэй гүний хошуу одоогийн Өмнөговь  аймгийн Манлай сумын нутаг Сүүж гэдэг газар Бат-Очирын 8 дахь хүү болон төржээ. 1929 онд  Багшийн түр  сургууль төгсөөд хошууны бага сургуульд багшилж, 1930 оноос хошууны ХЗЭ-ийн хорооны  дарга улмаар Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд суртлын хэлтсийн даргаар  ажиллажээ.

Б.Шагдаржав цэргийн албанд сайн дураар орж  1932 оны наймдугаар сард ДХГ-ын Улсыг  аюулаас хамгаалахын  салбарт шилжин 1940 оны хавар хүртэл цэргийн тусгай төлөөлөгч, заставын дарга, төлөөлөгч, ахлах төлөөлөгч, тасгийн дарга, цэргийн  тусгай  хэлтсийн  дарга зэрэг ажил алба хашиж  байв. Тэрээр  ДЯЯ-ны Улсыг аюулаас хамгаалах газрын орлогч дарга болж удалгүй ДЯЯ-ны сайдаар томилогдон 1941-1946 онуудад ажилласан  байна.

Энэ үед намын Төв Хорооны шийдвэрийн дагуу дайны жилүүдэд ДЯЯ-ны дэргэдэх намын байгууллагыг намын Төв Хороонд харъяалуулах, ДЯЯ, цагдан сэргийлэх газрын мөрдөн байцаалт, таслан шийтгэх ажиллагаанд прокурорын хяналтыг хүчтэй болгох зэрэг арга хэмжээ авагдаж, улмаар хувьсгалын эсэргүү хэмээн хилсээр шийтгэгдэгсдийг цагаатгах ажил үргэлжилж, лам хар гурван мянга шахам хүнийг шоронгоос сулласан байна. Гэвч хууль ёсыг завхруулах ажил зогссонгүй, Ерөнхий сайдын орлогч Д.Доржпүрэв, Л.Жамсран нарын хэрэг, 1943 оны “Сүхбаатар аймгийн харилцаа” гэх бүлэг хэрэг, монгол тээхийн “Покрышка”,  Герман тагнуулын бүлэг хэрэг, хасагийн оргодол хөдөлгөөний зэрэг томоохон  хэргүүд түүний үед шийтгэгдсэн бөгөөд  Б.Шагдаржав тус яамны  мөрдөн  байцаах, таслан шийтгэх үйл ажиллагаанд хяналт тавих хэмээсэн Улсын прокурорын хууль ёсны оролдлогыг эсэргүүцэж, тухайлбал 1943 оны гуравдугаар сард БНМАУ-ын прокуророос мөрдөн байцаалтад байгаа хэрэгтнийг суллах тогтоол гаргахад Дотоод явдлын яамны Улсыг аюулаас хамгаалах газар татгалзах эрхтэй байх хууль эрхийн  актыг эрх баригчдаар гаргуулж  чадсан юм. Түүний үед хэрэг хүлээлгэхэд хүний бие  махбодийг тарчилган зовоож, зодож занчих явдал зогссонгүй харин МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн 1942 оны хоёрдугаар сарын тогтоолоор эрхтэнд харш гэмтэлгүйгээр зодох,  жанчиж  болох эрхийг түүнд даалган олгож  байв. 1946 оны дөрөвдүгээр сард ДЯЯ-ны сайд Б.Шагдаржавыг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хувийн ашиг сонирхолд автсан, баян чинээлэг этгээдийн зохион байгуулсан найр наадамд талархан оролцох зэргээр суртахууны дутагдал гаргасан, ширүүн догшин зан харилцаатай хэмээн Намын Төв Хорооны тогтоолд зааж сайдын үүрэгт ажлаас халж намын шийтгэл оногдуулжээ. ДЯЯ-наас халагдсаны дараахан Ж.Лхагвасүрэн түүнийг татан авч Цэргийн яамны тагнуулын хэлтсийн даргаар ажиллахыг хүссэн байна. Тэрбээр уг албанд хоёр жил ажиллаад 1948 оны намар ЗХУ-д М.Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн Академид суралцахаар явжээ. 1952 оноос Б.Шагдаржав Цэргийн яамны боловсон хүчний хэлтсийн дарга, ДЯЯ-ны төв сургуулийн захирлаар ажиллаж байгаад 1954 оны 9 сараас тус яамны УЦСГ-ын даргаар томилогдож, 1958 оны есдүгээр сар хүртэл ажиллажээ. Удалгүй улс төрийн хэлмэгдүүлэлтэд гар бие оролцсон ДЯЯ-ны офицеруудад намын болон захиргааны шийтгэл оногдуулахад тэр хийсэн хэргээ хүлээж Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газарт томилогдон очжээ. 1936 онд хамгаалагч, 1940 онд ахлах майор, 1941 онд 2-р комиссар, 1944 онд хошууч генерал цолоор, Улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, ЗХУ-ын Улаан таван хошуу, Улаан тугийн одон, ойн медалиудаар шагнагджээ.

18. Цэвэгийн  Нансалжав

  1921 онд Дөрвөд далай ханы хошуу одоогийн Увс  аймгийн Түргэн сумын нутагт төржээ. 15 настайдаа  сумынхаа  ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгогдон  ажиллаж байгаад Улаанбаатар хотноо холбооны техникумд суралцжээ. Тус сургуульд амжилттай  суралцагчдыг ДЯЯ-наас шалгаруулан авахад  Ц.Нансалжав багтаж тус  яамны гүйцэтгэх ажлын тусгай курст суралцаж 1943 оноос цэргийн хэргийн хэлтэст алба хаажээ. 
1946-1948 онд ЗХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд курсыг дүүргээд  ДЯЯ-ны Сүхбаатар, Ховд  аймаг дахь хэлтсийн даргаар ажиллажээ. 1952 онд  Ц.Нансалжавыг ДЯЯ-ны орлогч сайдаар тохоон томилсон байна. Тэрбээр 1955-1958 онуудад ЗХУ-д  Намын дээд сургуульд суралцан улс төрийн боловсрол эзэмшиж УЦСГ-ын даргаар томилогдон  улмаар 1959 оны  хоёрдугаар  сараас Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны орлогч сайд, УЦСГ-ын даргаар  дэвшин  ажиллав. Ц.Нансалжав цагдаагийн байгууллагыг толгойлон ажиллахын хажуугаар  Хууль  цаазны дээд сургуулийг  эчнээгээр суралцан 1961 онд төгсчээ. 1961 оны хоёрдугаар  сард Ц.Нансалжавыг НАХЯ-ны  сайдаар  баталжээ. Тэрбээр намын ХIҮ /1961/ их хурлаас намын Төв Хорооны гишүүнээр анх удаа сонгогджээ. Намын энэ их хурлын хаалтын дараахан намын их хурал, Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт оролцохоор хүрэлцэн ирсэн ЗХУКН-ын Төв  Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга  М.Суслов, МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн  бичгийн дарга  Ю.Цэдэнбал нар автомашины аваарт орсон байна. 
Улс төрийн товчооны 1961 оны долдугаар сарын 7-ны өдрийн хурлаар автомашины ослын тухай авч хэлэлцээд НАХЯ-ны сайд Ц.Нансалжав нарыг  харуул хамгаалалтын ажлыг муу зохион байгуулсан, сонор сэрэмжгүй ажиллан ажлын хариуцлага  алдсан,  НАХЯ-ны удирдлагыг өөрчлөх шаардлагатай хэмээн үзсэн ажээ. 1962 оны нэгдүгээр сарын 30-нд  НАХЯ-ны сайдын үүрэгт ажлаас халжээ. 
Ц.Нансалжав Эдийн засгийн дээд сургуульд орлогч захирлаар томилогдон  1966 оноос  Увс  аймгийн  АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны дарга, 1970 оноос Сайд нарын Зөвлөлийн Зохион зааварлах хэлтэс, БНМАУ-ын дээд шүүхийн цэргийн коллегийн даргаар ажиллаж байгаад насан өөд  болжээ. Байлдааны гавъяаны одонгоор 2 удаа, Байлдааны медалиар 3 удаа, медалиудаар шагнагдсан, хошууч генерал  цолтой.

19. Равдангийн Гүнсэн

  1923 онд Увс аймгийн Түргэн сумын нутаг Хар усан гэдэг газар төрсөн.1934-1937 онд бага сургууль, 1937-1941онд Улаангом хотын дунд сургууль, 1944-1946 онд ЗХУ-ын ДЯЯ-ны сургууль, 1947-1949 онд Намын боловсон хүчний дээд сургууль, 1949-1952 онд Улаанбаатар хотын Багшийн институт оройгоор, 1956-1960 онд ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны дээд сургууль, 1963-1965 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургуулийн аспирантур төгссөн. 
-1941 онд Увс аймгийн цагдан сэргийлэх ангид  Паспортын байцаагч,
-1942-1943 онд Улсын цагдан сэргийлэн газрын даргын нарийн бичгийн дарга,
-1943 онд Улсын цагдан сэргийлэх газрын социалист өмчийн хэлтэст ахлах төлөөлөгч,
-1943-1946 онд Улсын цагдан сэргийлэх газрын Эрүүгийн хэргийг эрэн  сурвалжлах хэлтэст тасгийн дарга,
-1946 оны 8 дугаар сараас Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын дарга,  
-1947 оны 2 дугаар сараас Улсын  цагдан сэргийлэх газрын орлогч дарга,
-1952-1954 онд ДЯЯ-ны боловсон хүчний хэлтсийн дарга,
-1954-1956 онд  ДЯЯ-ны Дорноговь  аймаг дахь хэлтсийн дарга,
-1960-1961 онд  Улсын цагдан сэргийлэх  газрын  орлогч дарга, 
-1961-1963 онд  НАХЯ-ны  нэгдүгээр орлогч  сайд, УЦСЕГ-ын дарга,
-1963-1970 онд  НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд,  Улсыг  аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга,
-1970-1978 онд Улсын Дээд шүүхийн дарга,
-1978-1982 онд  Монгол Улсын прокурор,
-1982-1985 онд БНМАУ-аас БНСВУ-д  суух онц бөгөөд  бүрэн эрхт элчин  сайд,
1985 оноос НАХЯ-ны цэргийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч,  сургуулийн  захирлаар тус тус ажиллаж байсан.
Ардын Их Хурлын  депутатаар 4 удаа сонгогдсон, Намын Төв Хорооны гишүүн, Монголын хуульчдын холбооны тэргүүн,  хууль зүйн  ухааны  доктор. Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн  болон  байлдааны гавьяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа, Цэргийн хүндэт медалиар 2 удаа, Хүндэт  чекист, Онц сэргийлэгч, Онц хилчин тэмдгээр тус тус шагнагдсан, хошууч генерал  цолтой. 

20. Жарантайн  Авхиа

  1922 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. Гэрийн багшаар ном заалгаж, бичиг үсгийн анхны боловсролтой болжээ.1947-1950 онд Алма-Ата хотын морин цэргийн дунд сургууль,  1954-1958 онд ЗХУ-д Лениний нэрэмжит цэргийн академи, 1964-1967 онд аспирантур төгссөн.
-1943-1944 онд Тусгай хороонд цэрэг, бичээч, 
-1944-1947 онд Хязгаарын ба Дотоодын цэргийн хэрэг эрхлэх газар дарга нарын хэлтэст туслах,  нарийн бичгийн дарга,
-1950-1953 онд Хязгаарын газрын байлдааны бэлтгэл хэлтэст тасгийн дарга, тусгай хорооны захирагч,
-1958-1961 онд Армийн тусгай хэлтэст төлөөлөгч, тасгийн дарга,
-1961-1963 онд  Улсын  цагдан сэргийлэх ерөнхий газрын орлогч дарга,
-1963-1969 онд Улсын  цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга,
-1969-1978 онд  Монгол улсын  прокурор,
-1978 оны 4-9  дүгээр сард Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд,
-1978-1982 онд  Батлан хамгаалах яамны сайдаар ажилласан,
Монгол Улсын гавьяат  хуульч, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон, ойн медалиуд, Прокурорын тэргүүний  ажилтан, Хүндэт чекист, Онц хилчин, Онц сэргийлэгч тэмдгээр шагнагдсан, хурандаа генерал цолтой,  хууль зүйн  шинжлэх ухааны  доктор, Монгол Улсын  харцага.

21. Содномбалжирын Бүдрагчаа

 1933 онд Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг Үзүүрийн Оточ гэдэг газар төрсөн.
1940-1947 онд Хөвсгөл аймгийн  Цэцэрлэг  сумын  бага, дунд сургууль, 1956-1958 онд Улаанбаатар хотын  хууль цаазны дунд сургууль, 1958-1961 онд Марксизм-ленинизмын оройн их сургууль, 1961-1965 онд ЗХУ-ын Эрхүү хотын их сургуулийн хуулийн  ангийг  төгссөн.
-1948-1953 онд Завхан аймгийн Тэлмэн, Тосонцэнгэл сумын бага  сургуулийн багш,
-1953-1954 онд мөн аймгийн Гэгээрлийн хэлтэст байцаагч,
-1954-1956 онд Завхан аймгийн прокурорт хэсгийн прокурор, мөрдөн байцаагч,
-1958-1961 онд Улсын прокурорт туслах прокурор,

-1965-1968 онд Улаанбаатар хотын прокурор,
-1968-1969 онд Улсын прокурорын  нэгдүгээр орлогч,
-1969-1979 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч  сайд,  Улсын  цагдан сэргийлэх  ерөнхий газрын дарга,
-1979-1982 онд Улсын прокурорын  нэгдүгээр орлогч,
-1982-1988 онд БНМАУ-ын прокурор,
-1988-1990 онд  НАХЯ-ны нэгдүгээр орлогч  сайд, УЦСЕГ-ын дарга,
-1992-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр  ажиллаж  байжээ.
Хөдөлмөрийн гавьяаны  улаан тугийн одон,  Цэргийн гавьяаны одон, Алтан гадас одон, ойн медалиуд, Онц сэргийлэгч, Прокурорын хүндэт ажилтан  тэмдгээр шагнагдсан. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар 4 удаа  сонгогдсон, төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх, хошууч генерал

22. Алтангэрэлийн  Думбурай

  1929 онд Хантайшир уулын  аймгийн Сэцэн  сартуулын хошуу  одоогийн  Увс  аймгийн Завхан  сумын нутаг  Сайханы гол хэмээх газар төрсөн. 
-1940-1947 онд бага, дунд сургууль, 1959-1962 онд Улаанбаатар хотод  Хууль цаазны дунд сургуулийг оройгоор, -1963-1967 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Цагдан сэргийлэхийн дээд сургууль төгссөн,
-1947-1948 онд Увс  аймгийн  Улаангом  сумын  бага  сургуулийн багш,
-1948-1949 онд Увс аймгийн Завхан сумын бага сургуульд хичээлийн эрхлэгч,
-1949-1958 онд Увс аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн орлогч,  тасгийн дарга,
-1958-1959 онд Увс аймгийн  цагдан сэргийлэх ангид  ахлах төлөөлөгч, 
-1959-1962 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын өмчийн хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, группын дарга,
-1962-1963, 1967-1972 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын өмчийн хэлтсийн дарга,
-1972-1974 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын эрүүгийн хэлтсийн дарга,
-1974-1978 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлд референт,
-1978-1979 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга,
-1979-1984 онд НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, УЦСЕГ-ын дарга,
-1984-1989 онд НАХЯ-нд тасгийн дарга, 
-1989-1990 онд  НАХЯ-ны  мөрдөн  байцаах хэлтсийн орлогч  дарга,
-1990-1993 онд НАХЯ-ны мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч,
-1993-2002 онд Цагдан сэргийлэх газрын Ахмадын хорооны даргаар  ажиллаж байжээ.
Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны  улаан тугийн одонгоор 2 удаа,  Байлдааны  гавьяаны  одон,  Алтан гадас  одон,  Байлдааны  болон  ойн медалиудаар  шагнагдсан, хошууч  генерал. “Монгол төрийн цагдаагийн уламжлалт түүхэн хөгжил” 2 боть,  “Урьдчилан  сэргийлэх нь манай гол чиглэл мөн” зэрэг ном зохиол туурвисан юм.

23.Сэнгээгийн Дамдинсүрэн

1938 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн.

-1948-1955 онд дунд сургууль, 1955-1958 онд Худалдааны техникум,  1964-1968 онд ЗХУ-д Улсын  аюулаас хамгаалах хорооны  дээд сургууль төгссөн.
-1958-1964 онд Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт нягтлан бодогч, ерөнхий ня-бо, төлөвлөгч, төлөвлөгөө санхүүгийн хэлтсийн дарга, 
-1968-1970 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын 7 дугаар хэлтэст ахлах төлөөлөгч,   группын дарга,
-1970-1973 онд Дорноговь  аймаг дахь НАХ  хэлтсийн дарга,
-1973-1978 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын нэгдүгээр газрын орлогч бөгөөд хоёрдугаар хэлтсийн дарга,
-1978-1979 онд Сайд нарын Зөвлөлд референт,
-1979-1981 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга,
-1981-1984 онд НАХЯ-ны орлогч сайд,  Үйлчилгээ аж ахуйн газрын дарга,
-1984-1988 онд  НАХЯ-ны нэгдүгээр орлогч  сайд,  УЦСЕГ-ын дарга,
-1988-1989 онд  НАХЯ-ны 9 дүгээр хэлтсийн орлогч, тасгийн дарга,
-1989-1995 онд Хилийн ба Дотоодын цэргийн 0119 дүгээр ангийн  захирагчаар  ажиллаж  байсан. 
Байлдааны  гавьяаны улаан тугийн одон,  Алтан гадас  одон, Байлдааны  болон  ойн медалиуд, Онц  сэргийлэгч тэмдгээр шагнагдсан, хошууч генерал

24. Баастын Пүрэв

  1942 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн.
1950-1958 онд Говь-Алтай аймгийн  Тонхил  сумын  дунд сургууль, 1958-1961 онд Улаанбаатар хотын Худалдааны техникум, 1966-1970 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль, 1975-1978 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академи төгссөн.
-1961-1965 онд Улсын  их дэлгүүрт тооцооны  болон  ахлах  ня-бо,
-1965-1966 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын 2 дугаар хэлтэст жинхэнэ төлөөлөгч,
-1970-1971 онд УЦСЕГ-ын зөвлөхийн орчуулагч,
-1971-1972 онд УЦСЕГ-ын Зохион зааварлах тусгай тасгийн дарга,
-1972-1975, 1978-1980 онд МАХН-ын Төв Хороонд  зааварлагч, зохион байгуулагч,  тасгийн эрхлэгч,
-1981-1989 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Зохион зааварлах хэлтсийн дарга,
-1989-1990  онд  Говь-Алтай аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга,
-1990  оны 4 дүгээр сараас  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын  цагдан сэргийлэх  ерөнхий газрын дарга,
-1990-1996 онд  Засгийн  газрын дэргэдэх Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн  анхны командлагч
-1996-1997 онд Үнэт цаасны үйлдвэрийн албаны дарга,
-1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх,
-2001 оноос Дохиолол хамгаалалтын Бамбай компанийн Төлөөлөн  удирдах зөвлөлийн даргаар  ажиллаж  байна.
Монгол Улсын  гавьяат хуульч, Хөдөлмөрийн гавьяаны  улаан тугийн одон,  Цэргийн гавьяаны  улаан  тугийн  одон, Алтан гадас одон, ойн медалиуд, Онц сэргийлэгч тэмдгээр шагнагдсан. БНМАУ-ын АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдсон, хошууч  генерал. 

25. Чимэддоржийн  Амарболд

  1956 онд  Улаанбаатар хотод төрсөн.
-1964-1974 онд 33 дугаар дунд сургууль төгссөн, 1974-1977 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1980-1984 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд  сургууль, 1988-1990 онд  Москва хотын  Намын дээд сургуулийг тус тус төгссөн.
-1977-1980 онд Хэнтий  аймгийн Цагдан сэргийлэх ангид төлөөлөгч, ахлах төлөөлөгч,
-1984-1985 онд УЦСЕГ-ын  социалист өмчийн хэлтэст тасгийн дарга,
-1985-1988 онд  Хэнтий  аймгийн  цагдан сэргийлэх  ангийн дарга,
-1990 онд  Найрамдалын районы цагдан сэргийлэх хэлтсийн дарга, 
-1990  оны  10 дугаар сараас  1992  онд  ЦЕГ-ын дэд дарга, 
-1992-1996 онд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга,
-1996-1998 онд  Цагдаагийн ерөнхий газрын дарга,
-1999-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
-2002 оноос Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдын яаманд консул,
-2006 оны 09 дүгээр сараас ЦЕГ-ын тэргүүн дэд дарга,
-2008 оны 03 дугаар сарын 19-нд ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон  ажиллаж  байсан.
Цэргийн  гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Байлдааны  медаль, Онц сэргийлэгч тэмдгээр  шагнагдсан, хошууч генерал.

26. Дашдоржийн  Мөрөн

  1960 онд Улаанбаатар хотод төрсөн.
-1965-1975 онд Нийслэлийн 10 жилийн 3 дугаар дунд сургууль, 1977-1980 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль,  1983-1988 онд  Москва хотын  ДЯЯ-ны дээд сургууль төгссөн.
- 1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид  хэсгийн төлөөлөгч,
- 1988-1993 онд Цагдан сэргийлэх ерөнхий газрын эрүүгийн хэргийг эрэн  сурвалжлах хэлтэст  төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан,
- 1993-1998 онд ЦЕГ-ын эрүүгийн хэлтэст тасгийн дарга,
- 1998-1999 онд  ЦЕГ-ын дарга,
- 2000-2004 онд  Улсын  Их Хурлын гишүүнээр 
- 2005 оноос Гадаадын иргэдийн харъяатын асуудал эрхлэх газрын даргаар тус тус ажилласан.
Монгол  Улсын  гавьяат  хуульч,  Цэргийн  гавьяаны  одон, Цэргийн хүндэт  болон  ойн медалиудаар шагнагдсан, цагдаагийн  хурандаа

27. Данзангийн  Сандаг-Очир

   1947 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Баруун арц гэдэг газар төрсөн.
1955-1965 онд  бага, дунд сургууль, 1973-1978 онд ЗХУ-ын  ДЯЯ-ны дээд сургууль, 1982-1984 онд ЗХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын  академи  төгссөн,
-1965-1967 онд Геологи шинжилгээ геофизикийн  ангид туслах ажилтан,
-1967-1971 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газар, Найрамдалын районы цагдан сэргийлэх хэлтэст цагдаа, 
-1971-1973 онд Сэлэнгэ  аймгийн Зүүнхараа хотын цагдан сэргийлэх ангид  эрүүгийн төлөөлөгч,
-1978-1982 онд Завхан аймгийн НАХ хэлтсийн орлогч бөгөөд цагдан сэргийлэх ангийн дарга, 
-1984-1987 онд УЦСЕГ-ын Эрүүгийн  хэргийг  эрэн  сурвалжлах хэлтсийн  дарга,
-1987-1990 онд Дорноговь аймгийн НАХГ-ын дарга,
-1990-1991 онд мөн аймгийн цагдан сэргийлэх хэлтсийн дарга.
-1991-1992 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга,
-1992-1996 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга,
-1996-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын  дэд дарга,
-2001-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
-2006 оны 11 дүгаар сарын 08-наас Монгол Улсын Их Хурлын даргын   175 тоот захирамжаар Улсын Их Хурлын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөр,
2008 оны  5 дугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын 37 дугаар тогтоолоор  Улсын  Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон  ажиллаж  байна.
Цэргийн гавьяаны улаан тугийн болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн  одон,  Байлдааны гавьяаны одон, Байлдааны болон  ойн медалиуд, Хүндэт  чекист, Онц сэргийлэгч тэмдгээр шагнагдсан,  хошууч  генерал.

28. Маньбадрахын Ганболд

  1959 онд Архангай аймагт төрсөн.
-1979 онд НАХЯ-ны Цэргийн тусгай дунд сургууль, 1982-1987 онд ЗХУ-ын ДЯЯ-ны  дээд  сургууль, 1999-2001 онд ОХУ-ын ДЯЯ-ны академийг төгссөн, 
-1979-1997 онд Төмөр замын  цагдан  сэргийлэх  ангид  төлөөлөгч, мөн хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, группын дарга, дэд дарга, хэлтсийн дарга,
-1997-1999 онд Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
-2001 оны  9 сараас  ЭЦГ-ын дарга,
-Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 9 сарын 13-ны өдрийн 216 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЕГ-ын даргаар томилогдож 2008 оны  3 сарын 19-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
2008 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт  болон  ойн медалиуд, Цагдаагийн   алдар тэмдгээр шагнагдсан, хошууч генерал, хууль зүйн  ухааны доктор:

29. Баянмөнхийн Билэгт

  1960 онд Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн. Уг гарал Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 
 -
1968-1978 онд Улаанбаатар хотын 5 дугаар дунд сургууль,
 -1978-1980 онд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургууль, 1983-1986 онд Монгол Улсын Их сургууль, -1996-1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг тус тус төгссөн, нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйч, хуульч мэргэжилтэй.
 -2006 онд хууль зүйн ухааны магистр, 2017 онд Бүгд Найрамдах Болгар Улсад нийгэм, судлалын чиглэлээр докторын /Ph.D/ зэрэг хамгаалсан.
 -Тэрээр 1977-1980 онд Зөвлөлтийн геологи хайгуулын экспедицэд туслах ажилчин,  1980-1982 онд Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, Улаанбаатар хотын 2 дугаар цахилгаан станцад засварчин, Хилийн цэргийн 0151 дүгээр ангид байлдагч, 1983-1986 онд Монгол Улсын Их сургууль суралцсан, 1986-1988 онд Элс, хайрганы “Сонсголон” заводад нягтлан бодогч, аж ахуйн тасгийн дарга, 1989-1990 онд Зөвлөлтийн барилгын “СОТ-2” трестэд нягтлан бодогч, 1990-1992 онд Монголын Ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн, улс төрийн ажилтан, 1993-1995 онд “Ардчилал” сонины сурвалжлагч, тоймч, эрхлэгч, 1996-1998 онд Хөдөө аж ахуйн үйлдвэрийн яаманд гадаад харилцаа, эрх зүйн газрын дарга, 1998-2000 онд Монголын Радио телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, 2004-2006 онд Тагнуулын ерөнхий газрын дарга, 2006-2011 онд “Төгрөг нуур энержи” ХХК-д зөвлөх, 2011-2012 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга,  2012-2014 онд Монгол улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагч, 2014-2016 онд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан.

30. Рэнцэндоржийн Чингис

1966 онд Улаанбаатар хотод төрсөн.
 -1985-1989 онд ОХУ-ын ДЯЯ дээд сургууль,
 -2002-2004 онд АНУ-д магистрын зэрэг хамгаалсан.
 -1989-1990 онд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх ерөнхий газарт гэрээт төлөөлөгч,
 -1990-1991 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт төлөөлөгч,
 -1992-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн хэлтэс, Банкны өр барагдуулах цагдаагийн гэрээт хэсэг, Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 
 -2004-2007 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,
 -2007-2012 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн дарга,
 -2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
 -2012-2014 онд Дотоод хэргийн их сургуулийн захирал,
 -2014-2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэмжлэг үзүүлэх газрын дарга,

 -2016 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан.  2006 онд Цэргийн хүндэт медаль, 2010 онд цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан.

31. Өлзийбатын Энхтөр

 -1965 онд Завхан аймагт төрсөн,
 -1983-1988 онд НАХЯ-ны цагдаагийн дээд сургуулийг төгсөж,
 -1988-1995  онд Завхан аймгийн цагдаагийн хэлтэст  хэсгийн төлөөлөгч, мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч,
 -1996-1999 онд Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,

 -1999-2001 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөгч, чиглэлийн ахлах мөрдөгч,
 -2001-2007 онд Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга,
 -2007-2008 онд Сонгинохайрхан дүүргийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Мөрдөн байцаах газрын дарга, 2012 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, 2017 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан.  2011 онд Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан.

 

32. Сайннямбуугийн Баатаржав

 Бригадын генерал С.Баатаржав нь Улаанбаатар хотод 1967 онд төрсөн.
 -1990 онд Цагдаагийн дээд сургууль, 2004 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академийг төгссөн. 
 -1990-1998 онд Төв аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын  мөрдөн байцаагч, эрүүгийн ахлах төлөөлөгч,
 -1998-1999 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Хөтөл дэх цагдаагийн тасгийн дарга,
 -1999-2002 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дэд дарга,
 -2002-2004 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академийн сонсогч,

 -2004 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын зохион байгуулагч,
 -2004-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
 -2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
 -2012 онд Мөрдөн байцаах газрын дарга,
 -2012-2013 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга,
 -2013-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга,
 -Цагдаагийн ерөнхий газрын дарга,
 -2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн захирал,

 -2017-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч,
-
2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар”, Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа”, “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнагдсан.

33. Жамсранжавын Болд

 Жамсранжавын Болдын 1976 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль, 2007 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2009 онд Билиг дээд сургуулийг  Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй тус тус суралцан төгссөн.

  •   -1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч,
  •   -2001-2006 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч,
  •  -2006-2010 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч -2010-2011 онд Мөрдөн байцаах газарт Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч, 2011-2012 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч,
    2012-2013 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга,
    2013-2014 онд Мөрдөн байцаах албаны Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн тасгийн дарга, -2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга, 2015-2017 Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,  2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, 2017-2019 онд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын дарга, -2019-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус тус томилогдон цагдаагийн байгууллагад тасралтгүй 28 дахь жилдээ ажиллаж байна.Цагдаагийн хурандаа Ж.Болдыг 2004 онд Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн гавьяа” тэмдэг, 2011 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” тэмдэг,  Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух”, 2014 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, мөн яамны “Хүндэт жуух бичиг”, 2016 онд “Цэргийн хүндэт медаль”, 2018 онд “Цэргийн гавьяаны одон”-оор тус тус шагнажээ.
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос