Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоол

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20

дугаар  тогтоолын хавсралт

 

 ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН

ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ  ИРГЭНЭЭС  МЭРГЭШЛИЙН

ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаал (цаашид “Тусгай албан тушаал" гэх)-д анх орох иргэнээс тусгай албан тушаалд тавигдах шаардлага хангах иргэнийг сонгон шалгаруулж, хүний нөөцийг бүрдүүлэх, байгууллагын зорилго, зорилт, чиг үүргийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, иргэдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх зорилго бүхий мэргэшлийн шалгалт авахтай холбогдон үүссэн харилцааг зохицуулахад оршино.

1.2. Мэргэшлийн шалгалт авахдаа нээлттэй, ил тод байх, адил тэгш хандах, шударга байх зарчмыг удирдлага болгоно.

1.2. Мэргэшлийн шалгалтад орох Монгол Улсын иргэний эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, нам, олон нийтийн байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.

1.3. Төрийн албаны зөвлөл энэ журмын биелэлтэд хяналт тавьж, мэргэшлийн шалгалттай холбогдсон асуудлаар салбар зөвлөлийг зохион байгуулалт, мэргэшил, арга зүйн удирдлагаар хангана.

 Хоёр. Мэргэшлийн шалгалтад орох иргэнд тавигдах шаардлага

2.1. Тусгай албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан иргэн Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль болон цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад алба хаах журам”-д заасан нийтлэг болон эрүүл мэнд, бие бялдар, боловсрол, мэргэжил, ёс зүйн шаардлага хангасан байна.

2.2. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүилийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан иргэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд орохыг хүсвэл энэ журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө.

 /Энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 68 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.3. Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын төрийн тусгай албан тушаалд ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан иргэн цагдаа, дотоодын цэргийн тусгай албан тушаалд орох бол энэхүү журмын 3.5.3, 3.5.4, 3.5.5 дахь хэсэгт заасан шалгалт өгнө.

2.4. Энэ зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаас бусад төрийн тусгай албан тушаалд ажиллаж байсан болон төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байсан иргэн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд шилжин ажиллах тохиолдолд энэхүү журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө.

2.5. Хуульчдын сонгон шалгаруулалт болон төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн тусгай албан тушаалд ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү журмын 3.3.1-д заасны дагуу эрүүл мэндийн дүгнэлт гаргуулж, тэнцвэл энэхүү журмын 3.5.2, 3.5.4, 3.5.5 дахь хэсэгт заасан шалгалт өгнө.

2.6. Цагдаагийн төв байгууллагатай гэрээ байгуулж, энгийн их, дээд сургуульд суралцаж төгссөн иргэн энэхүү журмын 3.5.2-3.5.4 дэх хэсэгт заасан шалгалт өгнө.

2.7. Цагдаагийн төв байгууллагатай гэрээ байгуулж, дотоод, гадаадын цагдаагийн их, дээд сургууль, академид төрийн зардлаар суралцаж, мэргэжлийн диплом авсан иргэнийг мэргэшлийн шалгалт өгсөнд тооцож, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын тусгай албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэнэ.

2.8. Дараахь тохиолдолд мэргэшлийн шалгалтад оруулахгүй:

2.8.1. Хуульд өөрөөр заагаагүй бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгэгдсэн;

2.8.2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрөөгүй;

2.8.3. Гадаадын иргэн, харъяалалгүй хүн;

2.8.4. Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт зааснаар хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэг хүлээсэн иргэн төрийн албаны онцлог төрөл болох энэ үүргээ биелүүлээгүй;

2.8.4. Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд.

2.9. Мэргэшлийн шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

2.10. Шалгалтад орох иргэн мэргэшлийн шалгалттай холбогдон гарах зардлыг өөрөө хариуцна.

Гурав. Мэргэшлийн шалгалтын төрөл, үнэлгээ

3.1. Мэргэшлийн шалгалтыг офицерийн болон ахлагчийн албан тушаалын гэсэн ангиллаар явуулна.

3.2. /Энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 68 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

3.3. /Энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 68 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

3.4 /Энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 68 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

3.5 Шалгалтыг дараахь төрлөөр явуулна:

3.5.1 Баримт бичгийн шалгалт;

3.5.2 Бие бялдрын бэлтгэлийн шалгалт;

3.5.3 Ерөнхий мэдлэг (сорил)-ийн шалгалт;

3.5.4 Ур чадварын шалгалт

3.5.5 Ярилцлага.

3.6 Шалгалтад орсон иргэн тухайн төрлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхтэй.

3.7 Шалгалтын өмнө эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгийг нийслэлд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар хийнэ. Эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд шалгалтад орох эрхтэй байна.

3.8 Энэ зүйлийн 3.5 дахь хэсэгт заасан шалгалт тус бүр дараахь агуулга, шалгуур үзүүлэлтээр шалгаж үнэлгээ өгөх ба шалгалт тус бүрийн үнэлгээний нийлбэрээр нийт оноог гаргана.

3.8.1 “Баримт бичгийн шалгалт”-аар өрсөлдөж байгаа ажлын байранд тавигдсан ерөнхий шаардлагын боловсрол, мэргэжил, мэргэшил, ажлын туршлага гэсэн дөрвөн үзүүлэлтийг иргэний бүрдүүлсэн бичиг баримттай тулган шалгана. Тухайн иргэний бакалавр болон түүнтэй адилтгах боловсролын дипломын голч дүн 2.0-оос доошгүй, бусад гурван үзүүлэлт ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан тохиолдолд "Тэнцсэн”, харин аль нэг үзүүлэлт нь шаардлага хангаагүй бол “Тэнцэхгүй” гэсэн үнэлгээ өгнө. Энэ шалгалтад “Тэнцсэн" иргэний боловсролын зэрэгт доорх хүснэгтэд зааснаар үнэлгээ өгнө. Ингэхдээ дээд боловсролын дипломын голч дүнгээр 2.0-4.0 хүртэл оноо өгч, боловсролын болон эрдмийн зэрэгт 2-6 хүртэлх онооны дээд түвшинд харгалзах оноог өмнөх голч дүнгийн оноон дээр нэмж өгнө. Энэ хоёр онооны нийлбэр 10 хүртэл байна.

 Боловсролын зэрэг

 

Бакалавр болон түүнтэй

адилтгах боловсролын

дипломын голч дүн

Магистр

Боловсролын доктор

 

Шинжлэх ухааны доктор

Дотоодод

хамгаалсан

Гадаад

оронд

хамгаалсан

Дотоодод

хамгаалсан

Гадаад

оронд

хамгаалсан

Оноо

2.0-4.0

2

3

4

5

5

 

3.8.2 Бие бялдрын бэлтгэлийн шалгалтыг нас, хүйсийн ангиллаар цагдаагийн төв байгууллагаас тогтоосон тусгай нормативаар үзүүлэлт тус бүрээр шалгана. Үзүүлэлт тус бүрт нормативыг ханган биелүүлэх шаардлага тавигдах ба 10 хүртэл оноогоор дүгнэнэ;

3.8.3 Ерөнхий мэдлэгийн шалгалтаар тухайн иргэний төрийн бодлого, төрийн алба болон холбогдох бусад хууль тогтоомжийн мэдлэгийн түвшинг тодорхойлно. Шалгалтад анх орох иргэний тоо, шалгалт авах байрны багтаамжаас хамаарч шалгалтыг хэд хэдэн газар нэгэн зэрэг эсвэл ажлын байрны захиалгын чиглэл тус бүрээр тусгайлан зохион байгуулж болно;

3.8.4 Ерөнхий мэдлэгийн шалгалтад хариулах нийт хугацаа 60 минут байна. Шалгалт нь 60 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрийг 1 оноогоор үнэлнэ. Авбал зохих нийт онооны 55 хувь буюу 35, түүнээс дээш оноо авсан иргэнийг шалгалтанд тэнцсэнд тооцоно.

3.8.5 Хуульчийн сонгон шалгаруулалт болон төрийн жинхэнэ албаны мэргэшлийн  шалгалтад тэнцсэн иргэний ерөнхий мэдлэгийн шалгалтын оноог уг шалгалтын хууль эрх зүйн шалгалтад авсан оноогоор тооцно.

/Энэ хэсгийг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 68 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

3.8.6 Ур чадварын шалгалт нь тухайн ажлын байр, (албан тушаал)-нд тавигдах шаардлагаас хамаарч зарласан ажлын байр тус бүрт хамаарах онцлогийг тусгасан байж болно. Ур чадварын шалгалтаар тухайн иргэний албан хэрэг хөтлөлт, гадаад хэлний мэдлэг, компьютерийн өргөн хэрэглээний программ ашиглах болон мэргэшлийн тусгай ур чадварыг 15 хүртэл оноогоор үнэлнэ;

3.8.7 Ярилцлагын шалгалт нь тухайн иргэний ажиллах ажпын байр (албан тушаал)-ны зорилго, зорилт, чиг үүргийн талаар болон уг албан тушаалыг эрхлэхэд шаардлагатай мэдлэг, хандлага, тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хандлага, хүсэл, сонирхлыг тодруулах зорилгоор урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын хүрээнд иргэнтэй ярилцаж шалгана. Асуулт бүрт 1-3 хүртэл онооны үнэлгээ өгөх бөгөөд энэ шалгалтын нийт оноо 15 хүртэл байна. Ярилцлагыг ганцаарчилсан хэлбэрээр явуулна.

3.9 Мэргэшлийн шалгалтад авбал зохих дээд оноо 100 бөгөөд нийт 55 ба түүнээс дээш оноо авсан иргэнийг мэргэшлийн шалгалтад тэнцсэнд тооцно.

3.10 Шалгалтын комисс шалгалт бүрийн дараа дүнг мэдээлж байна.

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос