Танилцуулга

ХҮЧ СПОРТ ХОРООНЫ
 ТҮҮХЭН ЗАМНАЛ 

     Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төв комиссын хурлын 1946 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “Хилчин” нийгэмлэг нэртэй байгуулагдаж, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны нарийн бичгийн даргын 1972 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 91, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайдын нарын зөвлөлийн 1972 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 146 дугаар тогтоолоор Нийгмийн аюулаас хамгаалах яаманд Биеийн тамирын сайн дурын “Хүч” нийгэмлэгийг байгуулж, Нийгмийн аюулаас хамгаалах яамны сайдын мөн оны 462 дугаар тушаалаар Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэг мөн 07 дугаар сарын 01-ний өдрөөс  үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь одоогийн Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны үндэс суурь юм.

Нийгмийн аюулаас хамгаалах яам 1990 онд буугдаж, Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1992 оны хамтарсан Б/40,18 дугаар тушаалаар Улсын аюулгүй байдлыг хамгаалах ерөнхий газрын Биеийн тамир, спортын “Хүч” нийгэмлэгийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 1992 оны 24 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Биеийн тамир, спортын “Хүч” хороо, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 434 дүгээр тушаалаар “Албаны спорт, сургалтын төв”; 2014 оны 59 дүгээр тушаалаар “Албаны спорт, сургалтын “Хүч” нийгэмлэг төв”, мөн оны 415 дугаар тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын нэгдүгээр газрын “Албаны спорт, сургалтын хэлтэс” болгон өөрчилж, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны Б/253 дугаар тушаалаар “Хүч” спортын хороо, мөн даргын 2017 оны А/220 дугаар тушаалаар  “Хүч” спорт хороо гэж нэрлэсэн.

Өдгөө 75 жилийн түүхтэй тус спорт хороо нь Дэлхийн цагдаагийн спортын болон Олон Улсын Динамо нийгэмлэгүүдийн гишүүн байгууллага бөгөөд Монгол Улсад нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх, тив, дэлхий, олимпын наадамд өрсөлдөх тамирчид бэлтгэх, хүүхэд, залуучуудыг нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх, чийрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчийн бие, бялдар, бэлтгэлжилтийн стандарт тогтоох, алба хаагчдын түвшинг тодорхойлох, бие, бялдар бэлтгэлжилтийг зохих түвшинд нь хүргэх биеийн тамир, спортын арга хэмжээг хариуцан зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.

Бидний тухай

     Үндэсний болон их спортыг хослуулан хөгжүүлж буй энэхүү хамт олны дундаас Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сэрээтэр 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Р.Даваадалай 1980 оны Москвагийн олимпоос жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос боксын төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртэн, ард түмнээ баярлуулж, төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулсан тэр цаг одоо ч олны сэтгэлд хадгалагдан буй.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг Монголын эмэгтэй жүдочдын түүхэнд анхны дэлхий аварга болж, гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медаль зүүж байсан бол чөлөөт бөхийн төрлөөр гавьяат тамирчин Б.Наранбаатар, О.Бурмаа, Д.Нармандах, О.Насанбурмаа, Э.Бэхбаяр, Т.Тулга, самбо, жүдо бөхийн төрлөөр  гавьяат тамирчин Н.Баатарболд, О.Одгэрэл, Х.Батхишиг, С.Мияарагчаа, хүндийн өргөлтийн төрөлд гавьяат тамирчин Н.Баярмаа, хөнгөн атлетиктийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од, уулын спортын төрөлд гавьяат тамирчин Т.Гүррагчаа, буудлагын төрлөөр гавьяат тамирчин Ц.Мөнхзул, боксын төрлөөр гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв гээд эх орныхоо нэрийг дэлхийн чихэнд дуурсгасан бахархалуудыг нэрлэвэл энэхэн зай үл хүрнэ.

Тэрчлэн “Хүч”-ийнхэн олон мянган жилийн түүхтэй, ард түмнийхээ уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний спортын өв уламжлалыг хадгалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үүссэн цагаасаа анхаарал тавин ажилласны үр дүнд тус спорт хорооноос Монгол Улсын дархан аварга 3, аварга 1, арслан 6, гарьд 2, заан 13, начин 52, Даяар дуурсагдах мэргэн 1, Улсын мэргэн 1  гээд олон арван хүчтэнийг төрүүлжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг, Монгол Улсын аварга Э.Оюунболд, Монгол Улсын арслан Ц.Бадамсэрээжид, Ө.Эрдэнэ-очир, У.Мижиддорж,  Д.Мөнх-Эрдэнэ, Х.Мөнхбаатар, заан Ж.Найдандорж, Д.Гүрбадам, н.Дүвчин, П.Цэнд-Аюуш, Р.Давааням, Д.Мягмар, Н.Сүхбаатар, Д.Хишигдорж, Ч.Бямбадорж, О.Одгэрэл, Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн,  харцага Ч.Даваадорж, Н.Золбоо, начин О.Цэцэнцэнгэл гээд “Хүч”-ийн хүчтэнийг тоочвол олон. 

Олимп, дэлхий, тив, олон улс, орон даяр нэр алдраа цуурайтуулсан шилдэг тамирчин, дасгалжуулагчид одон медалиа энгэртээ гялалзуулан, ёслолын жагсаалд жигдэрч төрийн дээд шагналаа угтсан хамт олонд эрхэм шагналын хамт хүндтэй даалгавар ирсэн юм.  Алтан соёмбот төрийн далбаагаа дэлхий, тивийн тэнгэрт мандуулж, Монгол Улсынхаа алдрыг өргөх, Цагдаагийн албаны хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэйгөөр “Хүч” спорт хорооныхон  амжилттай биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.