Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, хугацаа сунгах, солиулах ажиллагаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хууль зүйн сайдын 2023 оны А/316 дугаар тушаалаар баталсан "Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар", "Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийн загвар", "Жолоодох эрхийн түр зөвшөөрлийн загвар", "Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл болон хязгаарлалт", Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-аар тус тус зохицуулагдсан.
Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, хүчинтэй хугацаа нь /10 жил/ дуусгавар болсон тохиолдолд нөхөж буюу сольж олгох бөгөөд иргэдээс эрүүл мэндийн тодорхойлолт, цээж зураг шаардахгүй.
Тодорхой шалтгааны улмаас үнэмлэх хэвлэх үйл ажиллагаа тасалдсан, зогссон үед Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаатай олгож болно.
Түр зөвшөөрөл нь үндэсний жолоочийн үнэмлэхтэй нэгэн адил хүчинтэй байх бөгөөд жолоочийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдэж баталгаажсан байна. Үндэсний жолоочийн үнэмлэх хэвлэж, олгосон тохиолдолд түр зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцно.
1. Үндэсний жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, хүчинтэй хугацаа сунгах, солиулах Монгол Улсын иргэд энэхүү үйлчилгээг 2 хэлбэрээр авах боломжтой.
1. Портал буюу цахимаар захиалах иргэд өөрийн бүртгэлтэй email хаяг, гар утасны дугаартай байх шаардлагатай бөгөөд “Е-Mongolia” аппликейшныг татан авч, “Үйлчилгээнүүд” цэсний “Жолооны үнэмлэх солих, нөхөх” хэсгийг сонгон нэвтэрч, хүсэлтээ илгээнэ. Жолооны үнэмлэхийн төлбөр болон зөрчлийн торгуулийг smartcar.mn, Гэрэгэ систем, QPay, цахим банк зэрэг төлбөр тооцооны бүх хэлбэрийг ашиглан төлөх боломжтой бөгөөд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.
2. Операторын буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 6 салбар /БЗД-ийн “Дүнжингарав” худалдааны төв, СХД-ийн “Драгон” төв, Баянхошуу Жанцаны буудал “Бизнес инкубатор” төв, ЧД-ийн Чингэлтэйн 1 дүгээр буудал “Сэлбэ” дэд төв, БГД-ийн III хорооллын эцэс “Соло молл” /И-март/ төв, ХУД-ийн “Мишээл экспо” төв/-т биеэр хандаж буй иргэд өөрийн нотлох бичиг баримтыг авч очих, эсвэл цахим лавлагаагаар жолоодох эрхийн үнэмлэхээ захиална.
Анхаарах асуудал: Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах /ASAP/ санд зарлагдсан, бэлэн бус торгуулийн шийтгэлийг төлөөгүй, зам тээврийн осол хэрэг, зөрчлийн улмаас эрх нь хязгаарлагдсан шалтгаантай иргэд захиалга өгөх боломжгүй.
3. Монгол Улсын үндэсний жолоодох эрхийн үнэмлэх олгогдсон гадаад улсын иргэд жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, хүчинтэй хугацаа сунгах, хуучирч муудсаныг солиулахад доорх бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр тус төвийн үйлчилгээний танхимаар үйлчлүүлнэ:
1. Жолоочийн бүртгэлийн маягт бөглөх / Маягтыг үйлчилгээний танхимаас авна/
2. Гадаад паспорт, түүний хуулбар;
3. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/