Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь хуулиар харьяалуулсан захиргааны хяналт тавих, цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бусад албадыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах чиг үүргийн хүрээнд иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, үйл ажиллагааг чирэгдэлгүй шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны А/77 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын “Лицензийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж, 2017 оноос “Бүртгэл хяналтын төв” нэртэйгээр Мэргэжил хяналт, Зөвшөөрөл хяналт чиглэлээр бүтцийн үндсэн 2 нэгжтэйгээр иргэдэд үйлчилж байна.
Цагдаагийн албаны тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар батлагдсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх журам”-ын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн замын цагдаагийн нэгжийн алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, жолоочийн бүртгэлийн нэгдсэн сан бүрдүүлэх, жолоодох эрхийн үнэмлэх хэвлэж олгох, жолоодох эрх сэргээх чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажилладаг.
Зөвшөөрлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Хувийн хамгаалалтын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хамтарсан А/246, А/189 дүгээр тушаалаар баталсан “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/292 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”, Монгол Улсын стандарт “Аюултай ачаа техникийн ерөнхий шаардлага MNS 4978:2017”, “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020”, “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрэл дохио. Ерөнхий шаардлага MNS 4979:2016”-ын хэрэгжилтийг хангуулан үйл ажиллагаа явуулж байна.