МОНГОЛ УЛСЫН ЖОЛООДОХ ЭРХ АВАХ

     Тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах, ангилал нэмэх үйл ажиллагаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний дүрэм”, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/171, А/496 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”, Хөдөлмөрийн сайд, боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/185, А/405 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан “Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”-аар тус тус зохицуулагдсан.

1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дахь хэсэгт зааснаар механикжсан тээврийн хэрэгслийг дор дурдсанаар
ангилна:

- A-мотоцикл;
- B-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
- C-“D” ангилалд хамаарагдахаас бусад бүх жин нь 3500 кг-аас их автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй
- D-жолоочоос гадна наймаас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
- BE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “B” ангиллын автомашин;
- CE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C” ангиллын автомашин;
- DE-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D” ангиллын автомашин болон угсраа автобус, угсраа троллейбус;
- M-трактор, өөрөө явдаг машин механизм, тэдгээрийн чиргүүл буюу ажлын тоног төхөөрөмжтэй бүрэлдэхүүн.
- “C”, “D”, “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийг:
- C1-бүх жин нь 7500 кг-аас илүүгүй “C” ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
- D1-жолоочоос гадна арван зургаагаас илүүгүй хүний суудалтай “D” ангиллын автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй);
- C1E-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “C1” дэд ангиллын автомашин;
- D1E-бүх жин нь 750 кг-аас илүү чиргүүлтэй “D1” дэд ангиллын автомашин гэж ангилна.
“A”, “B”, “C”, “M” ангилал болон “C1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван найм, “D” ангилал болон “D1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорин нэгээс дээш насны хүнд олгоно.
- “BE”, “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах “B”, “C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд, түүнчлэн “C1E”, “D1E” дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрхийг тухайн харгалзах “C”, “D” ангилал буюу “C1”, “D1” дэд ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүнд олгоно.
- “C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах “C1”, “D1” дэд ангиллын тээврийн хэрэгслийг, мөн “CE”, “DE” ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн жолоодох эрх бүхий хүн нь тухайн харгалзах “C1E”, “D1E” дэд ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнийг жолоодох эрхтэй.

2. Тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллага /авто сургууль, курс/-д хамрагдсан иргэн дараах нөхцөлийг хангасан бол шалгалтад хамрагдаж, тэнцсэн тохиолдолд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авна:
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий насанд хүрсэн;
- Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тээврийн хэрэгсэл жолоодоход “тэнцэнэ” гэсэн эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт авсан;
- Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын дагуу жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудсыг тус тус авсан байна.
     Жолоодох эрхийн сургалт нь үндсэн болон ангилал нэмэх гэсэн 2 төрөлтэй бөгөөд аль нэг ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн үндсэн ангиллын сургалтад, үнэмлэхтэй хүн ангилал нэмэх сургалтад хамрагдаж болно. Үндсэн “А”, “В”, “М” ангиллын сургалт нь онолын 76, дадлагын сургалт нь “В” ангилалд 32, “А” болон “М” ангилалд тус тус 10 цагийн хугацаагаар, ганцаарчилсан хэлбэрээр, жолоодлогын дадлагын тусгай талбай /дром/, замын хөдөлгөөний бодит нөхцөл /хот/-д явагдана. Ангилал нэмэх “С” болон D” ангиллын сургалт нь онолын 16, дадлагын 16,  “ВЕ”, “СЕ”, DЕ” болон “А”, “М” ангиллын сургалт нь тус тус дадлагын 16 цагийн хичээлийн багтаамжтай байна.
Жич: “С” ангиллын сургалтад хамрагдах тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 3 сараас доошгүй, “D” ангиллын сургалтад хамрагдах тохиолдолд 21 нас хүрсэн, “В” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй, “Е” ангиллын сургалтад хамрагдах тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд тус тус жолоодож дадлагажсан байх шаардлагатай. Үндсэн “А”, “В”, “М” ангиллын онолын шалгалтыг ерөнхий мэдлэгийн 20, ангилал нэмэх “С” болон D” ангиллын онолын шалгалтыг нэмэлт мэдлэгийн 10 асуулт бүхий тестээр, үндсэн “В” ангиллын дадлагын шалгалтыг замын хөдөлгөөний бодит нөхцөл /хот/-д, бусад ангиллын шалгалтыг жолоодлогын талбай /дром/-д авна.  
Бүрдүүлэх материал:
1. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журамд заагдсан үнэлгээний хуудас /Авто сургалтын байгууллагын сургалтад хамрагдаж хөтөлбөр хангасан суралцагчид олгоно/
2. Иргэний үнэмлэх, эсвэл жолоодох эрхийн үнэмлэх эх хувиар байхгүй бол цахимаас иргэний болон жолоочийн цаасан лавлагаа, гадаадын иргэн бол гадаад паспорт, МУ-д түр оршин суух үнэмлэх,
3. Цээж зураг 2% /4х6см/
4. Эрүүл мэндийн тодорхойлолт /Харьяалагдах дүүргийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн үзлэгт орж “Эрүүл мэндийн үзлэгийн хуудас ЭММ-34 Б” маягтыг бөглүүлнэ/
5. Жолооны үнэмлэхийн үнэ 12.500 төгрөг тушаасан баримт. /Дансны дугаар: 100900012520, Хүлээн авагч банк - Төрийн сан банк, Хүлээн авагч байгууллага - ЦЕГ-ын жолооны үнэмлэх орлого, Гүйлгээний утга - овог, нэр, регистрийн дугаар/