• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Н.Гаравсүрэн: Цагдаагийн алба хаагч авлигаас хол хөндий байх ёстой

2018-08-06
Н.Гаравсүрэн: Цагдаагийн алба хаагч авлигаас хол хөндий байх ёстой

“Цагдаа” эмхтгэлийнхээ “Ахмадын үг” буланд Монгол Улсын гавьяат хуульч, Цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хурандаа Н.Гаравсүрэнг урьж ярилцлаа. 

-Танд уншигчдынаа өмнөөс Монгол Улсын гавьяат хуульч цол хүртсэн явдалд баяр хүргэе. Ярилцлагын эхэнд бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцана уу ?

-Баярлалаа. Энэ байгууллага, хамт олныхоо  нөмөр нөөлөг буянаар энэ эрхэм цолыг хүртсэндээ баяртай байна. Би цагдаагийн алба хаагчийн үндсэн зарчим болох үнэнч шудрага байхыг хичээж ажилласан.  Цагдаагийн хүнд хүчир албанд зүтгэхэд эрүүл саруул биеийг төрүүлж өсгөсөн ээж аавын минь, ар гэрийг маань авч явсан, бурхан болооч ханийн минь ач гавьяа хэмжээлшгүй.

-Та  өөрийн аав ээж, төрсөн нутаг нутгийнхаа  тухай хуучилна уу?

-Би Завхан аймгийн Отгон сумын уугуул. Хөдөөгийн хүүхдийн амьдралаар  өсч хүмүүужсэн. Миний аав Нацаг эр ганц хүн. Улиастайд цэргийн эрдэмд түр суралцаж байснаас  гойд сургуульгүй.  Малчин хүний амьдралын нарийн гүйх ухаан,  хуваарьгүй хөдөлмөрт дасан зохицсон эгэл хүн. Хүмүүсийн хэлдгээр “нүгэлт хар” гөрөөчин, малд нүдтэй, нэхий, арьс  элддэг, ажил голохгүй ямар ч ажлыг хийж чаддаг ажилсаг цөлх эр байсан юм. Гарын ур дүйтэй, дархан, мужаан, гагнуур гээд л бүгдийг хийдэг. Бусдад их тустай, хөдөлмөрлөхийн төлөө төрсөн хүн гэж хэлж, бахархах дуртай. Миний аав дуу цөөтэй, давжаа биетэй ч шөрмөслөг нэгэн байв.

Харин миний ээж эхээс олуулаа, орон нутагтаа нэр хүндтэй, царайлаг, ой ухаан сайтай, хэл ярианы баялагтай, цэцэн цэлмэг, тухайн орчиндоо бичиг үсгийн боловсрол, ой тогтоолт сайтай, цээжээрээ тоо боддог, хамаатан садны хүмүүсээ овог нэртэй, зүстэй, төрсөн жил сартай нь бүгдийг мэддэг тийм хүмүүс байсны нэг нь миний ээж юм. Жалга бүрээс нь ус ундарсан Завхан голын эх Буянт голын дагуух сав газар манай нутаг л даа. Манай сумынхан байгалийн эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө их хүйтэн, зундаа халуун нутагт дасан зохицож аж төрдөг, өлчир ажилсаг, тэвчээртэй түмэн тэнд аж төрдөг. Жилийн дөрвөн улиралд хол, хол нүүдэллэн, малынхаа ашиг шимийг бүрэн авдаг.  Үнээгээ ширгэтэл, хонийг зуны эхэн сард өдөрт хоёр ч удаа сааж, идээ цагаагаа базааж авдаг.  Намайг сумандаа байхад, архи уудаг, согтуурдаг хүмүүс байгаагүй.  Одоо бол нэг хэсэг архи уусан хүмүүсийг харж магадгүй. Энэнээс харахад цаг үе их өөрчлөгддөгийн жишээ л дээ.

Би 14 настайгаасаа сумынхаа сүү тосны заводод таван жил ажилласан. Одоо бодоход хүүхдэд бол хүнд хөдөлмөр. Анхны жил би 45 хоног ажиллаж, гар их өвддөг байсан ч дараа жилээс нь сурчихсан. Энэ хөдөлмөр намайг тэсвэр тэвчээртэй, биеийн зөв хөгжилтэй, хичээж хөдөлмөрлөхөд ихийг сургасан.  Аливаа хөдөлмөр хүнд маш их зүйлийг өгдөг. Би хөдөлмөрөөр л төлөвшсөн хүн. Нөгөө талаар эцэг эхдээ тус болж байгаа том хүү юм даа. Цалин авч амьдралдаа тус болдог байлаа. Сүү тосны заводод гурван том бэлтгэгч машинтай үйлдвэр ажилладаг. Өдөр халуун учраас шөнөдөө цөцгийг 6 газраас  тэмээгээр авчирдаг. Манай заводын дарга Чойжилсүрэн гуай Улсын хөдөлмөрийн сайчуудын 2 дугаар зөвөлгөөнөөс “Алтан гадас” одонгоор шагнагдаж  ирээд, ашиг хувааж, надад 300 гаруй төгрөг өгч,  би ээж аавыгаа баярлуулж байлаа. Тэр үед  бол их мөнгө байсан даа. 

-Цагдаагийн байгууллагатай  ажил амьдралаа холбох болсон сайхан залуу насаа  эргэн дурсана уу?

-Би 1961 оны 9 сард цэрэгт татагдаад барилгын цэргийн ангид 3 жил  дөрвөн сар, хугацаат цэргийн алба хаагаад, 1965 оны 2 сард халагдан цагдаагийн байгууллагад орсон. Тэр үед эргүүл рот гэж анх байгуулагдаж, би тэнд цагдаагаар томилогдож байлаа. Одоотой адилхан курс дамжаа гэж байсангүй. Шууд тушаал гаргаад цагдаа хувцас өмсгөөд, “ТТ” буу зүүлгээд эргүүлд гаргасан. Эргүүлд гарахдаа олон жил ажилласан хашир  туршлагатай сэргийлэгчдийг дагалдуулдагсан.  Тэр хуучин сэргийлэгч юу гэж хэлнэ, тэрийг би биелүүлэх үүрэгтэй, түүнийг ярьж байхад хөндлөнгөөс нь ярих, асуудлыг шийдэх эрхгүй байсан. Энийг би сургалтын том арга ухаан байж дээ гэж  боддог. Танхимд суугаад ном үзүүлснээс шууд туршлагатай хүний дагалдан болгоод иргэдтэй харьцаж хэв журам сахиулах ажлыг биечлэн таниулсан.  Энэ ажлаа жил гаруй хийгээд офицер болсон түүхтэй.

-Офицер болоод анхны томилолт хаанаас эхэлж, ямар ямар ажлууд хийсэн бэ?

-1966 оны 11 сард офицер болж, эргүүл ротод салаан дарга болсон юм. Тэр үед НАХЯ ны орлогч сайд Ж.Авхиа гуайтай  уулзуулахаар тэр үеийн боловсон хүчний Цэдэндамба гэж хүн дагуулж ороход, надтай босож ирээд гар барьсан.  Би тэр үед юун сайд байтугай хэлтсийн даргатай ч гар барьж үзээгүй байсан юм. Бодвол надад амжилт хүссэн байх, нэг мэдэхнээ би өрөөнөөс нь гараад ирсэн байсан даа. Ингээд миний мөрөн дээр байсан улаан мөрдөс цэнхэр болж хувирчихаад их л сайхан санагддаг байсан маань одоо ч тодхон байна даа. Их л бахархал төрж байсан.

-Тэр үед “тийм амархан” офицер болдог байсан юм уу? Тэр үед Та ямар боловсролтой байсан бэ?

-Би барилгын цэрэгт гурван жил бага дарга хийчихсэн, эргүүл ротын сэргийлэгч дотроо биеийн зөв хөгжилтэй, спортлог, байлдааны самбын дамжааг багшлах эрхтэйгээр төгсчихсөн, унаган хүмүүжлээрээ хүнтэй эвтэйхэн харьцчихдаг байсан юм. Тэр үед би тусгайлсан мэргэжилгүй байгаад, дараахан нь Марксизм-Ленинзмын оройн сургуулийг амжилттай дүүргэж байлаа.

-Таныг Ленинградын ДЯЯ-ны дээд сургуулийг “Онцсайн” төгссөн гэж дуулсан юм.

-Тэр чинь сүүлд 1981 онд төгссөн юм. Хүн өөрийгөө голохгүй, мэрийж чармайж чадвал юуг ч сурж, хийж чадна шүү дээ.

-Та цагдаагийн байгууллагад олон хариуцлагатай ажил хашсан хүн. Ажиллаж байсан туршлага, тухайн цаг үеийнхээ онцлох зүйлийг бидэнтэй хуваалцана уу?

-Хариуцлагагүй ажил гэж хаана ч байхгүй. Цагдаагийн ажил бол зүгээр захын хүн хийчихдэггүй мэргэжлийн ажил. Зайлшгүй дадлагажиж суралцаж, сэтгэлээ  өгч байж, иргэддээ элгэмсүү, соёлтой үйлчилгээг үзүүлэхийг хичээх ёстой гэж би боддог. Ямар ч ажлыг хийхэд хамгийн чухал нь итгэл үнэмшил зүтгэл юм. Цагдаагийн  ажилд өөрийгөө бэлдэхийн “А” үсэг нь шударга байх явдал.  Энд ерөнхий хүний хандлага, хүн чанар, ноён нуруу,  хүнлэг, шуналын сэдэлгүй байх, дээр нь хууль эрх зүйг мэддэг, төвшин, төлөв харьцаа маш чухал. Цагдаагийн алба хаагч, хулгайч, согтуу, мэдрэл  муутай хүнтэй ч уулзана. Хичнээн дутагдал гаргасан, гэм хэрэг үйлдсэн ч Монгол улсын иргэн, миний ах дүү аав ээжтэй адил хүн гэдгийг ойлгож байх ёстой. Гадаадын иргэн ч ялгаагүй хүнтэй хүн ёсоор ханддаг байх учиртай.

-Жигшүүрт хэрэг хийсэн хэнийг ч цагдаагийн алба хаагч үзэн ядах эрх байхгүй.

-Нийгмийн үзэгдэл гэж бодох хэрэгтэй. Үүнийг би өдөр бүр бодож, тэвчиж, хэрэгжүүлж  ажилласнаа зөв гэж үздэг. Сайн хамт олонтой ажиллаж байсан даа. Тэр үеийн Сүхбаатар районы цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн бол, үг дааж сурсан, ажлаа мэддэг, шударга, хичээнгүй, эвсэг, хөдөлмөрч хүмүүс байлаа.  Өдөр шөнөгүй зүтгэж олон ноцтой хэргүүдийг илрүүлж, гавьяа байгуулж байлаа. Тэр хүмүүсээ бүгдийг дурсан ярих дуртай ч, их урт түүх болно доо.

-Цагдаагийн алба хаагч цол нэмнэ гэдэг их урам зориг нэмдэг. Элдэв зөрчил дутагдлаас болж цол буурах ч гэж байна. Цолны үнэ цэний талаар та юу гэж хэлэх вэ?

-Цэрэг, цагдаагийн алба хаагчид цол нэмнэ гэдэг бол нэр төрийн хэрэг л дээ. Нэгдүгээрт албан тушаал дагасан цол хугацаатай байдаг. Албан үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн баталгаа.  Нөгөө талаар бас мөнгө дагадаг. Амьдралд нэмэртэй.  Цагдаагийн сайн алба хаагч байх гол тулах цэг нь  шударга, хичээнгүй, албаныхаа ёс зүйг сахиж биелүүлэх явдал мөн. Яагаад ингэж хэлж байгаа вэ? гэхээр ёс суртахуун гэдэг бол хуулиас өмнө бий болсон, хуулиас хүчтэй зүйл. Ёс суртахуун гэдэг бол хууль гэсэн үг. Энэ утгаар нь би тулах цэг гэж хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цол нэмэхийг, албан тушаал ахихыг хэт эрмэлзэхгүй ажлаа л зөв сайн хий гэсэн үг л дээ.

-Удирдах албан тушаал олон жил хашсан. Одоо ч бас ахмадын холбооны тэргүүнээр ажиллаж байна. Удирдах албандаа баримталдаг зарчим юу байсан бэ?  Залуусаа ямар байгаасай гэж боддог вэ?

-Миний бодлоор удирдах албан тушаалын хүн өөрөө үлгэрлэгч, үнэн юм хэлдэг, дутагдалыг дундаа хийдэггүй, хамт олноос нуудаггүй, архи дарс ууж, элдэв хэл ярианд ордоггүй, хувийн зохион байгуулалт сайтай, алба хаагчдаа албан тушаалаар нь алаг үздэггүй, ажилсагдынхаа амьдрал, бололцоо, гачигдалыг ойлгодог байх ёстой болов уу, Гэхдээ энд олон зүйл бий байхаа. Хал нь гаднаа ч хайр нь дотроо байх ёстой. Зайлшгүй хийх үүргээр нь хатуу шаардлага тавьж, хянаж шалгаж байх ёстой. Энэ бол менежментийн чухал зарчим мөн. Хүнд итгэ, хийлгэ, хяна, шалга гэсэн зарчмаар хүмүүстээ хандвал их чухал гэж боддог. Хүнд халамж, сайхан үг их хэрэгтэй байдаг юм. Бас зарим хүнд тааруухан үг ч бас хэрэгтэй. Оновчтой үгээр, хэрэгтэй цагт нь эмзэг цэг дээр нь сайн үг хэлж байх нь хүнийг төлөвшүүлэхэд их чухал даа.

-Та Үндсэн хууль батлалцаж явсан талаар түүхэн үйл явдлынхаа талаар ярина уу?

-Энэ хуулийг батлахад цагдаагийн байгууллагаас Р.Ёндондэмбэрэл хурандаа бид хоёр л оролцсон. Нийслэлийн цагдаагийн газрын дарга байхад бие дааж нэр дэвшүүлж, намайг дэмжээд энэ эрхийг иргэд сонгогч түмэн надад олгосон боломж, их хүндэтгэл гэж ойлгодог. 400 гаруй депутаттай хамт оролцсон  улсын хөгжлийг шинэ голдирол руу оруулахад энэ хууль маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би үздэг.  Одоо ч хуулийн хүчин чадал хэвээрээ байна. Батлалцсан юм болохоор энэ үндсэн хуулийг би сайн хууль гэж боддог.

-Та бас цагдаагийн алба хаагчдадаа зориулж олон ном бичсэн.  Энэ номнуудаараа яг юу хэлэхийг зорьсон бэ?

-Би ерөөсөө цагдаагаас өөр газар ажиллаагүй. Тиймээс өөрийнхөө мэддэг, мэдэхийг эрмэлздэг байсан зүйлсээ алба хаагч нартаа хүргэх гэсэн эрмэлзэл байгаа юм. Цагдаагийн алба хаагчийн ажил амьдрал ямар байдаг, ямар сөрөг асуудал тулгардаг, талаар амьдралд тохиолдсон зүйл,  үүнийг дутагдал доголдолгүй цаашид хэрхэн ажиллаж болох талаар бичсэн ухаантай.  Цагдаагийн ёс зүй бол их чухал. Цагдаагийн ерөнхий газраас жил бүр  ёс зүйгээ  дээшлүүлэх талаар зорилт дэвшүүлдэг ч, харамсалтай нь санасан хэмжээнд хүрэхгүй байна.

-Авлигалын асуудлын талаар таны нийтлэлийг бид уншсан. Авлигалын талаар таны бодол?

-Энэ авлигал, согтуу хоёр л монголыг муухай харагдуулдаг гэж би боддог. Цагдаагийн алба хаагч бол авлигаас хөндий, бүр хол, эсэргүүцэн тэмцдэг байх шаардлагатай. Үүнийг цагдаагийн алба хаагчдад соён гэгээрүүлэх замаар ойлгуулах хэрэгтэй.  Авлига авсан алба хаагч бол насан туршдаа хүний эрхшээл дор амьдарна. Бусдын эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэсэн монгол ухаан байдаг. Хүний эрхээр амьдарч яах юм. Хүний амьдралд байдаг л зовлон жаргалыг туулаад, өөрийн эрхээр л амьдрах хэрэгтэй юм даа. Үүнийг л сайн ойлгох ёстой. Хамт олноороо энэ асуудалд бүтээлчээр хандах учиртай.

-Цагдаагийн ерөнхий газрын ахмадын холбооны тэргүүний хувьд ахмадууддаа чиглэсэн ямар ажлууд хийж байна?

-4000 гаруй ахмадынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ахмадын олон нийтийн байгууллага. Манай холбоо хоёр сайн дурын ажилтны туслалцаатайгаар ахмадуудын тоо бүртгэлийг хөтлөн шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, үнэмлэх бичиж өгөх, уг үнэмлэхээр Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээр үйлчлүүлэх, ЦЕГ-ын “Сүүж уул” амралтад  хөнгөлөлттэй нөхцлөөр амрах, цагдаагийн төв орон нутгийн байгууллагад нэвтрэх эрхтэй юм. Мөн ахмадууддаа хүмүүнлэгийн дэм туслалцаа үзүүлэх, тэдэнд тохиолдсон гачигдал, бэрхшээлийг түшиглэсэн цагдаагийн газар хэлтсүүдийн дэмжлэгтэйгээр тэдэндээ үйлчилгээ үзүүлдэг юм. Ахмадуудын мэргэжил, туршлага хал үзэж хашир суусан саруул ухааныг залуу хойч үедээ өвлүүлэх ажлыг ном товхимол гаргах, зөвлөж ярилцах, уулзалт, алдар тэмдэглэх арга хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: “Цагдаа” эмхтгэл