• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА З.ДАШДАВАА: БИД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХҮРГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-12-08
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА З.ДАШДАВАА: БИД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХҮРГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭД ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА З.ДАШДАВАА: БИД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН САХИЛГА, ЁС ЗҮЙН ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ ХҮРГЭЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйн асуудал үргэлж олны анхааралд байдаг. Алба хаагчдын ёс зүй сахилга батыг дээшлүүлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна. Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ ?

Цагдаагийн байгууллага түүхийн бүх цаг хугацаанд  алба хаагчдын сахилга, хариуцлагад анхаарч, хяналт тавьж,  сахилгын зөвлөгөөн  зохион байгуулж, зохих шийдвэрийг  гарган хэрэгжүүлж ирсэн.  Одоо ч зохион байгуулж байна. Үүн дээр алба хаагчдын ёс зүй, зан харьцааны дутагдал, эрүүгийн  хэргийг  удаан шалгадаг, согтууруулах ундаа хэрэглэдэг  гэсэн хэдэн тооны зөрчил бол байнга яригддаг байсан.  Өнөөдрийн байдлаар согтууруулах ундаа  хэрэглэж буй гэх асуудал багассан байгаа.

1993 онд Дотоод хяналт сахилга ёс зүйн нэгжтэй болж, энэ  нэгж нь дотоод хяналтын  бүх үйл ажиллагааг зохион байгуулж байсан бол 2006 оноос алба хаагчийн аюулгүй байдлыг хангах асуудлыг  зэрэг анхаарч ажиллах болсон.  Энэ нь  алба хаагчдын албан үүргээ хэвийн саадгүй явуулах  эрх зүйн орчин, материаллаг баазыг  бий болгож, нийгмийн баталгааг хангаж өгөхийн зэрэгцээ,  тэдэнд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохих зөвлөмжийг хүргүүлэх  болсон явдал юм.

Алба хаагчийн аюулгүй байдал эрсдэлгүй нөхцөл байдлыг хангасны дараа  сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх талаар шаардах  алба хаагчдын дотроос алдаа дутагдлыг нь илрүүлэх, арилгах засуулах ажлуудыг  хэрэгжүүлэх суурь болж байгаа.  Үүнийг бид цааш нь улам боловсронгуй болгох, илүү эрүүл аюулгүй орчин бий болгохыг  зорилгоо болгон ажиллаж байгаагаараа шинэлэг болж байгаа юм.  

Алба хаагчдын аюулгүй байдлыг  хангах чиглэлээр яг ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Аюулгүй байдал гэдгийг байгууллагын гадаад, дотоод орчин нөхцөлтэй холбож  ойлгох ёстой. Дотоод орчин нөхцөл гэхээр алба хаагчдын дунд  гэмт хэрэг үйлддэг, сахилгын зөрчил гаргах зэргээр дотоод аюулгүй байдалд нөлөөлөх хүмүүсийг хэлж байгаа юм. Үүнтэй холбоотой цагдаагийн байгууллагаас  Авлигатай тэмцэх газар өгсөн хэргийн тоо өссөн. Өөрөөр хэлбэл энэ  нь байгууллагын дотоод хяналтаар илрүүлсэн хэрэг өсч,  цагдаагийн байгууллагын дотоодын хяналт шалгалт  сайжирсантай холбоотой юм.

Гадаад аюулгүй байдлын тухайд гэвэл энэ жил Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэж, алба хаагчдын нийгмийн асуудлын чиглэлээр тодорхой асуудлуудыг  шийдвэрлэсэн. Тухайлбал цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам стандарт, барилга байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулахад анхаарч байна.

Үүний бас нэг жишээ бол өнгөрсөн 11-р сард Нийслэлийн цагдаагийн газрын анги, байгууллагуудын аюулгүй байдалд үзлэг хийж дүгнэлт гаргасан.

Ингэснээр тоног төхөөрөмжийн шинэчлэл засвар үйлчилгээ, удирдлагын зүгээс алба хаагчидтай харьцах харилцаа, алба хаагчийн ажлын байрны талаар тулгарч буй зайлшгүй анхаарах асуудлуудыг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллага дотооддоо тавих хяналт шалгалтаа үе шаттай явуулдаг  учраас алба хаагчдаас холбогдож буй хэрэг, зөрчил жилээс жилд буурсан үзүүлэлттэй байгаа. Бид цагдаагийн алба хаагчдын сахтлга ёс, зүйн чиглэлийн мэдээллийг  маш нээлттэй хүргэж байгаа.

Цагдаагийн албанд  ажиллах хүмүүст тавих шаардлага хэр зэрэг өндөр байдаг вэ?

Цаг үеэ дагаад цагдаагийн албанд орж ажиллах алба хаагчдын хувьд тавигдах шаардлага нь улам өндөр болж байгаа.  Хуучин биднийг цагдаагийн албанд орж ажиллахад  заавал дээд сургууль төгссөн байна гэсэн шалгуур байгаагүй. Харин бие бялдар, гурван  үеийн намтар, цэргийн алба хаагаад ирсэн хүмүүсийг  л ажиллуулдаг байсан. Одоо манай цагдаад дээд сургууль төгсөөгүй нэг ч алба хаагч байхгүй.  Мэдээж цагдаагийн албанд орж ажиллахад сонгон шалгаруулалт зарлаад хууль эрхзүй, бие бялдар, эрүүл мэнд болон бусад олон шалгалтуудыг шалгуур үзүүлэлт болгосон байгаа. Тэгээд сүүлийн нэг жилийн хугацаанд захиргааны ямар нэгэн зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаагүй байх нь маш чухал шалгуур болдог. 

Ард иргэд цагдаа алдах ёсгүй хүн гэж хардаг. Гэтэл энд чинь хүн ажиллаж байгаа болохоор алдаа гаргах тохиолдол байна. Та бүхэн алдаа дутагдалгүй ажиллах чиглэлээр урьдчилан сэргийлэх ямар бодлого барьж ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчдаас санаатай гэхээсээ илүү санамсаргүй байдлаар зөрчил гаргах тохиолдол  олон байдаг. Энэ оны эхний 10 сарын байдлаар 967 сахилгын  зөрчилд 988  алба хаагч холбогдсон. Тухайлбал цагдаагийн алба хаагч  согтуу иргэнд  үйлчилгээний стандартын дагуу цол, нэр албан тушаалаа хэлээд ёсолж харьцахад хараадаг, зүхдэг явдал бол байнга тохиолддог доо.

Үүнээс болж маргаан үүснэ.  Үүнд иргэд гол төлөв цагдааг л буруутгадаг. Тэгээд иргэний ёс зүйгүй авирлаж байгаа үйлдлийг нь  хасаад  цагдаагийн өндөр дуугаар шаардлага тавьсан, тэвчээр алдаж зандарсан хэсгийг л сошиалд нийтэлж байна шүү дээ.   Энэ нь цагдаагийн алба хаагчдыг бүхэлд нь харлуулсан  сөрөг үзэгдэл болж харагддаг. 

Харин энэхүү байдлын цаана цагдаагийн байгууллагаас эерэг хандлага бүхий  олон арга  хэмжээг авч байна. Цагдаагийн албаны шинэчилсэн хуулиар зөрчил дутагдал гаргасан  алба хаагчдад ёс зүйн  төлбөртэй сургалт явуулах, алдаа дутагдлаа засаж, сайн ажилласан алба хаагчийг тодорхой шалгуурыг үндэслэн сахилгын шийтгэлийг нь хугацаанаас нь өмнө хүчингүй  болгох  зохицуулалт оруулж  өгсөн байгаа.

“Хуульд өөрөөр заагаагүй бол сахилгын шийтгэл хүлээсэн өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно. Энэ хугацаанд сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчийн байгуулсан онцгой гавьяа, гаргасан зөрчлийн шинж чанар зэргийг харгалзан сахилгын шийтгэл оногдуулсан албан тушаалтны шийдвэрээр хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцож болно” гэж заасан нь сахилгын зөрчил гаргасан алба хаагч дахин зөрчил гаргахгүй байх, ажлын амжилтаараа хугацаанаасаа өмнө сахилгын шийтгэлгүйд тооцох боломжийг олгосон нь  алба хаагчдыг гаргасан алдаа, дутагдалдаа дүгнэлт хийж, ажлын амжилт гаргах боломжийг  нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон гэж үздэг.

Одоогийн энэ арга хэмжээ нь  алба хаагчдад  маш их урам зориг өгч байна. Хуучин  бол албанд эргэж авахгүй олон жил болох зэрэг хүнд асуудал байсан л даа. Нөгөө талаар алба хаагчийн гадаад аюулгүй байдлыг хангах томоохон ажил болж байна. Цагдаагийн алба хаагчид хаана болж бүтэхгүй юм болж байна тийм дуудлага мэдээлэл дээр очиж ажилладаг чиг үүрэгтэй хүмүүс. Өөрөөс нь шалтгаалахгүй ямар нэгэн асуудалд орох тохиолдол байдаг юм шүү.  

 

Энэ олон арга хэмжээ аваад ямар үр дүн гарч байна

Үүний үр дүнд сүүлийн гурван жилд цагдаагийн алба хаагчдаас  гэмт хэрэг, зөрчилд  холбогдох явдал 20 хувиар буурсан. Хэдийгээр цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн зөрчил, гэмт хэрэгт холбогдох явдал сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа хэдий ч таслан зогсоогдохгүй байгаа нь  үнэн.  Монгол Улсын Засгийн газраас сахилга хариуцлагыг  чухалчлах  үүрэг чиглэл өгсөн байгаа. Бид цагдаагийн байгууллагын харьяа 60 гаруй албад, газар, хэлтсийн алба хаагчдын сахилга, ёс зүйн байдалд дүгнэлт хийж, тухайн нэгжид зайлшгүй хэрэгжүүлэх асуудлаар зохих үүргийг хүргүүлж биелэлтэд нь хяналт тавин  ажиллаж байна. Шалгуурыг даваад, цагдаад тогтвортой, тэвчээртэй үүрэг гүйцэтгээд ажиллана гэдэг бол эр зориг доо.   Нэр төртэй, сайн ажиллах юм бол цагдаа сайхан алба юм шүү дээ. 

Цагдаагийн алба бол залуу хүний хийх ажил шиг санагддаг.  Хуулиндаа ч  50 хүрээгүй цэргийн тэтгэвэрт гарч байна. Ажил албаны  нь онцлогт тохирсон ямар шинэлэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

Манай алба хаагчид тэтгэвэрт гараад ихэвчлэн харуул хамгаалалтын албанд л ажилладаг. Бид  алба хаагчдаа тэр дундаа цэргийн байнгын тэтгэвэрт гарах гэж байгаа алба хаагчдыг өөр чиглэлийн ажил хийх, боловсрол эзэмшүүлэх, сургах дадлагажуулах, сэтгэл зүйтэй нь ажиллах чиглэлээр хийх  цөөнгүй ажил яригдаж байгаа. Нэг үгээр хэлбэл тэдэнд  иргэнших чиглэл рүү  хандсан сургалт  явуулахаар төлөвлөж байна. Манай замын болон хэв журмын эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг офицер, цагдаа нар маань  тэтгэвэрт гараад юу хийх вэ гэдэг “асуудал” болоод байна. Үүнд бид анхаарна. Тодорхой ажлыг эхлүүлнэ.

Зөвхөн алба хаагчдын төдийгүй удирдлагуудын зан харьцааны талаар олон нийтийн цахим мэдээллийн хуудас, өдөр тутмын сонинд янз бүрээр бичдэг. Хэр үнэний ортой байдаг бол?

Бид иргэний гомдол, мэдээлэл, сонин хэвлэлд нийтлэгдсэн материалуудын мөрөөр шалгалтын үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Ялангуяа цагдаагийн албанд удирдах түвшний алба хаших нь амаргүй л дээ. Энэ олон эрчүүдийг нэг шугаманд үүрэг чиглэл өгч ажиллуулах нь удирдагчаас ур чадвар, ухаан шаардсан ажил. Сайн ажилласан нэгнийг нь шагнаж урамшуулж, сахилга хариуцлага алдсан хүмүүст нь бол арга хэмжээ тооцож ажиллах журмынхаа дагуу л  ажилладаг. Цаашид ч тэгж ажиллана.

Бид удирдах албан тушаалтнуудынхаа үйл ажиллагаанд нь дүн шинжилгээ хийж, зөвлөмж хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код/ журмаараа хяналт шалгалтыг удирдлагын түвшинд ч байнга зохион байгуулдаг.  “126” тусгай дугаарын утсанд цагдаагийн алба хаагчийн авлига, албан тушаалтай холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч,  холбогдох шалгалтыг  явуулж, бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажилладаг байсан бол  одоо алба хаагчийн ёс зүйтэй дуудлагууд зонхилон ирдэг болсон. Энэ оны эхний 11 сарын байдлаар 12 удирдах албан тушаалтан үйл ажиллагааны  болон  сахилга ёс зүйтэй холбоотой зөрчилд холбогдсон. Үүнийг бид шалгаж шийдвэрлэсэн

Мөн энэ онд цагдаагийн байгууллагаас “Алба хаагчдын ажлын хариуцлага, харилцааны соёл, ёс зүйн шаардлагыг хангаж ажиллах” гэсэн зорилтыг дэвшүүлж ажиллаа. Бид дотоод үйл ажиллагаагаа зохицуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулахын зэрэгцээ цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулж баталсан. Энэ нь ч  цаашид үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Уул уурхайн салбарын хууль бус олборлолттой холбоотой орон нутаг болон төвийн цагдаагийн нэгжийн дарга нар яригдах болсон. Тухайлбал Сэлэнгэ аймагт хууль бусаар олборлолт явуулах үйл ажиллагаа явуулдаг зарим нэг хүмүүстэй ярилцахад манай цагдаагийн алба хаагчидтай холбоотой гэдэг, энэ талаар шалгаж байгаа юу? Ямар ч асуудалгүй гэж та итгэлтэй хэлж чадах уу?

Цагдаагийн дарга гэлтгүй алба хаагчид ч  энэ асуудлаар хардалтад их өртдөг. Монгол Улсын эдийн засаг  уул уурхайн салбар дээр суурилж байна. Үүнтэй холбогдуулан уул уурхайн бүс нутгийг хариуцан хариуцан ажиллаж  буй цагдаагийн байгууллага, албан тушаалтан, ажилтнуудыг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, хууль бусаар олборлолт хийдэг иргэдтэй ашиг сонирхлын хувьд нэгдэж,  тэдний талд үйлчилдэг гэх хардлага иргэдийн дунд сүүлийн жилүүдэд ихээхэн төрөх болсон. Бид нийгэмд үүсч буй асуудлыг шалгаж тодруулах чиглэлээр тодорхой төлөвлөгөөний дагуу шалгалтын ажиллагааг хийж байна. Одоогоор үүнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон алба хаагч байхгүй байна.

Эрүүгийн хэрэгт холбогдож байсан, ял шийтгүүлж байсан иргэн цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа мэдээлэл байдаг. Үүнд яаж хяналт тавьдаг вэ ?

Энэ асуудалд тогтмол хяналт тавьж ажилладаг. Цагдаагийн байгууллага нь шүүхээр ял шийтгэгдсэн хүмүүсийн тоо бүртгэлийн цахим болон архивын санг хөтөлж лавлагаа өгдөг. Шүүхээс ял шийтгэгдсэн хүмүүсийн мэдээллийг тухай бүр ирүүлдэг тул үүний дагуу санд баяжилт хийж үүгээр дамжуулж хяналтаа хэрэгжүүлдэг  гэсэн үг.

2017-03-02 ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Цагдаагийн албаны шинэчилсэн хуулийн  66.2 -д маш тодорхой хуулийн зохицуулалт хийгдсэн. Энэ зохицуулалт хийгдснээс хойш урьд нь гэмт хэрэгт холбогдсон гурван алба хаагчийг албанаас халсан. Цаашид ч бид энэ хуулиа дагаж мөрдөнө. 

Цагдаагийн алба хаагч нар авлигад өртөх эрсдэлтэй талбар гэж үздэг. Үүнд хэрхэн анхаарал тавьж ямар арга хэмжээ авч ажилладаг вэ ?

Иргэд олон нийт ийн дунд  төрийн албан хаагчдыг авлигад өртөмхий гэх яриа байдаг. Цагдаагийн төв байгууллагаас нийт цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээрийг хууль тогтоомж, алба хаагчийн сахилга, ёс зүй, зөрчил, авлига, хээл хахууль, хүнд сурталд өртөж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын “126”  тусгай утсаар цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой мэдээллийг 24 цагаар хүлээн авч ажилладаг.

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулан олон ажлыг  зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий алба хаагчдаас холбогдох мэдүүлгийг хуулийн хугацаанд шинэчлэн гаргуулж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлж байна. Ер нь энэ асуудлаар манай цагдаагийн байгууллага нээлттэй ажиллаж байгаа гэж хэлэхэд болно. 

Цагдаагийн байгууллагын дотоод хяналтын систем өнөөдрийн байдлаар ямар түвшинд байгаа талаар та мэдээлэл өгнө үү?

 Байгууллагын дотоод хяналтын систем нь хяналт ба дотоод аудит гэсэн үндсэн чиглэлээр ажиллаж байна. Хяналт шалгалт нь хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан, дүрэм журмыг дагаж  мөрдөх, төсөв, санхүүгийн мэдээллийн үнэн зөв байдлыг хангахад чиглэсэн асуудлыг  нягтлан шалгах, байнгын шинжтэй, тасралтгүй үйл ажиллагаа байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд дотоод хяналтыг үр дүнтэй, үр өгөөжтэй зохион байгуулахад анхаарч, байгууллагын бүхий л үйл ажиллагааг хамарсан дотоод хяналтын системийн бүрдүүлэхээр ажиллаж ирсэн.

Хууль зүйн салбарын хэмжээнд анх цагдаагийн алба хаагч бүр байгууллагын болон өөрийн үйл ажиллагаанд учирч болзошгүй, эсхүл учирч байсан эрсдэлийн мэдээлэгч байх, байгууллагын дарга нар удирдлагын менежментийн үүргийн дагуу эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэгч байх гэсэн зарчмын хүрээнд эрсдэлийн мэдээллийн цахим программыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэ арга хэмжээ ч зохих ёсоор үр дүнгээ өгч эхэлж байгаа гэж үзэж байна.

 

 

 

----оОо----