Түүхэн замнал

МОНГОЛД ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАГДСАН НЬ

        Монголд оронд “цагдаа” гэдэг алба нэршил анх Манж Чин улсын эрхшээлийн үед бий болсон байна. Ар Монголд “цагдаа” гэдэг тусгай үүрэг гүйцэтгэдэг алба хаагч 1733 онд байгуулагдсан байна. Энэ нь Улиастайн манж жанжны газрын мэдэлд “Улиастайн цагдаа цэрэг” нэртэйгээр анх бий болжээ. Монгол цагдаа нь цагдаа цэргийн хэлбэрээр анх үүсч, цэргийн болон харуулын, өртөөний албатай хавсарч, цагдаагийн үүргийг цэргүүд гүйцэтгэж байсан тул “цагдаа цэрэг” гэдэг нэршил бий болжээ. Манж Чин Улсын үеийн монголын цагдаа нь а) хот суурин газрын цагдаа б) орон нутгийн цагдаа в) тусгай чиг үүрэг бүхий төрөлжсөн цагдаа гэсэн хэлбэртэй байв. 1846 онд Хүрээний манж сайдын яамнаас Хүрээг гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс сэргийлэх зорилгоор дүрэм хэмжээ тогтоож, Хүрээний дотогш, гадагш хилийн дээсийг тогтоон, Түшээт хан, Сэцэн хан, Их шавиас түшмэл, зайсан, цэрэг, ард гарган халалцуулан цагдуулах болсон. 1866 онд Хүрээний хилийн дээсийг 15 газраар хэмжээлэн “арван тавны газрыг цагдах цагдаа” буюу “арван тавны цагдаа” гэдэг нэршил бий болжээ. Манж Чин улсын “Шинэ засгийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1905 онд Хүрээнд “Цагдан цээрлүүлэх газар”-ыг байгуулсан нь Ар Монгол дахь цагдаагийн анхны байгууллага байв. Тус цагдаагийн байгууллага нь Манж Чин улсын хязгаар дахь орон нутгийн цагдаагийн байгууллага бөгөөд манж цэрэг, монгол цагдаа нараас бүрдсэн холимог бүрэлдэхүүнтэй байснаараа онцлог юм. 1910 онд “Цагдан цээрлүүлэх газар”-ыг “Цагдан сэргийлэх цэргийн хороо” болгон өөрчилж, манж цэргүүдийг гэдрэг татан цэргийн хороонд нь буцааж, түүний оронд монгол цагдаа цэргийг ажиллуулах болсон ажээ. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Манж Чин улсын цагдаагийн байгууллагад ажиллаж байсан монгол цагдаа нарыг Цэргийн яамны харьяа морьт цагдаа цэрэг, явган цагдаа цэрэг болгон өөрчлөн зохион байгуулснаар Монгол улсын төрийн цагдаа анх бий болжээ. Ийнхүү 1911 оны 12 сарын 12-нд Манж Чин улсын үеийн монголын цагдаа болох Хүрээний тойрон 15 газрыг цагдах түшмэл цэргүүдийг хэвээр үлдээж, шинэ төрдөө хүчин зүтгүүлэх болсон байна. Эл шийдвэрт Богд хаан уулын цагдаагийн тухай дурдаагүй боловч уг цагдааг хэвээр үлдээж, хожим Ардын засгийн эхэн үе хүртэл ажиллуулсан байна.

       Нийслэл хүрээний зэвсэгтэй явган цагдаа

Улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал, хууль эрх зүйн шинэчлэл, гэмт хэргийн нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, хүч чадал, үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Энэ шаардлагыг үндэслэн Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам Цагдан сэргийлэх газрыг шинээр байгуулах саналыг, 27 зүйл дүрмийн[1] хамт боловсруулж, 1917 оны 02 дугаар сарын 19-нд  Богд хаанд айлтгаж, 1917 оны 02 дугаар сарын 20-нд Богд хаан “Зарлиг Гуйсан ёсоор болгогтун” хэмээсэн нь Монгол Улсын Цагдан сэргийлэх байгууллага албан ёсоор байгуулах эрх зүйн  акт батлагджээ. Шинээр байгуулагдсан Цагдан сэргийлэх байгууллага нь “Цагдан сэргийлэх албаны газар” нэртэйгээр байгуулагдаж, анхны эрхэлсэн түшмэлээр гүн Цэмбэлжигмэддорж томилогдон үйл ажиллагаагаа 1917 оны 05 дугаар сарын 06-нд албан ёсоор эхлэн явуулсан байна.

        Ардын Засгийн газрын 1921 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хуралдааны 4 дүгээр зүйлд “Цагдаагийн тухай хэлэлцээд, Сэргийлэх цэрэг хэмээн нэрийдэж цэргийн сургуульд боловсруулмой” гэсэн тогтоол гаргаж, хуучин тэмдгийг шинэ тэмдгээр сольж, эрхэлсэн түшмэлээр түр хамаарсан гүн Сүнгээг, туслах түшмэлд торгууд Вакунаев, гүн Гүрсэд нарыг тус тус томилсон байна.

        Монгол Улсын цагдаа эхнэрийн хамт

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1926 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурлаар УЦСГ-ын дүрмийг баталжээ. Дүрэмд, “БНМАУ-ын Цагдан сэргийлэх газар” нь Ерөнхий, Бэлтгэл, Эрүүгийн хэргийг эрхлэх 3 хэлтэстэй, хот ба аймгуудад салбар хороо, олон хошуудын нутгийн захиргааны дэргэд цагдан сэргийлэхтэй байх бөгөөд 25-45 насны эрүүл чийрэг хүмүүсийг цагдаа цэрэгт элсүүлэхээр тусгажээ. 1926 онд Цагдан сэргийлэх байгууллагыг Улаанбаатар хотын Захиргаанд шилжүүлсэн ба БНМАУ-ын Засгийн газрын шийдвэрээр Цагдан сэргийлэх байгууллагыг 1932 онд Дотоодыг хамгаалах газрын удирдлагад шилжүүлсэн нь Цагдан сэргийлэх байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох, материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, цагдан сэргийлэгч болон ДХГ-ын чекист нарын хүчийг нэгтгэхэд чухал ач холбогдолтой болжээ. Энэ шийдвэрийн үр дүнд 1932 оноос аймгуудад болон зарим томоохон суурин газруудад цагдан сэргийлэх анги байгуулагдаж эхэлсэн бөгөөд тухайлбал, Дорнод, Хөвсгөл аймагт 1935 онд Цагдан сэргийлэх ангийг байгуулж, даргаар нь Мөнхцэцэгийн Чойдог, Төгсийн Ёндон нарыг томилсон бол 1942 онд Жавхлантшарга (Сүхбаатар) аймагт Л.Намдаг даргатай анги, Дундговь аймагт Б.Ишцэрэн даргатай анги, Баянхонгор аймагт Д.Батсэнгэ даргатай анги, 1943 онд Төв аймагт С.Равжаа даргатай анги, 1945 онд Улаанбаатар хотод Н.Маналжав даргатай Цагдан сэргийлэх ангийг тус тус байгуулжээ. Ийнхүү Улаанбаатар хот болон бүх аймгуудад цагдан сэргийлэх анги байгууллагыг байгуулснаар БНМАУ-д цагдан сэргийлэхийн тогтолцоо бүрэлдэн буй болжээ.

        МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо Цагдан сэргийлэх байгууллагын ажлын тухай хэлэлцээд 1957 оны 07 дугаар сарын 16-ны өдөр УЦСГ-ын ажлыг сайжруулах, ажиллах нөхцөл бололцоогоор хангах талаар авах арга хэмжээний тухай 19 тоот тогтоол гаргажээ. Тогтоолд, цагдан сэргийлэх байгууллага нь ардчилсан төрийн хууль дүрмийг биелүүлэх, улсын ба ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн хэв журмыг сахиулах, улс, олон нийтийн өмч хөрөнгийг идэж ашиглах, хулгайлах явдалтай тэмцэх эрхэм үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхийн төлөө цагдан сэргийлэх байгууллага тууштай тэмцэж, цагдан сэргийлэхийн ажилтнууд нь ажилдаа ихээхэн туршлага хуримтлуулж байгааг онцлон тэмдэглэж, Цагдан сэргийлэх байгууллагын Онц сэргийлэгч, гал сөнөөгчдийн анхдугаар зөвлөгөөнийг мөн онд хийж, ажил, туршлагаараа шалгарсан хүмүүсийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын тушаалаар “Онц сэргийлэгч” тэмдгээр шагнасан байна.

       Нийслэл Хүрээний Цагдан сэргийлэх хорооны хуучин, шинэ тэмдэгний дардас (МУҮТА-ын ТБА)

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1963 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 499 дүгээр тогтоолоор[2] Цагдан сэргийлэх байгууллагын дүрмийг батлан гаргасан ба уг дүрэмд цагдаагийн албан хаагчдын тангаргийн үгийг  баталсан байна. Цагдаагийн түүхийн зарим бүтээлд 1963 онд цагдаагийн алба хаагчид анх тангараг өргөж эхэлсэн хэмээн бичсэн байгаа боловч түүхэн баримтаас үзэхэд 1943 оноос тангараг өргөдөг болсон хэмээн үзэж болохоор байна. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор МАХЦ-ийн анги, байгууллагууд болон хязгаарын цэргийн ангиудын хөлсний ажилчид (энгийн ажилчид)-ын тангаргийг шинэчлэн баталж, мөн тангаргийг ДЯЯ-ны харьяа засан хүмүүжүүлэх лагеруудыг удирдах газрын зэвсэгт харуул болон УЦСГ-ын цагдаа нарт нэгэн адил мөрдүүлэхээр шийдвэрлэжээ. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 26 дугаар зарлигаар Цагдан сэргийлэх байгууллагад “Улаан туг” олгож, 1966 онд “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнасан байна.

        БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 95 дугаар зарлигаар Нийгмийг аюулаас хамгаалах яамыг татан буулгаж, Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газар (УЦСЕГ), Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар (УАБХЕГ) гэсэн хоёр тусдаа чиг үүрэгтэй, байгууллага бий болгожээ. АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарсантай холбогдуулан Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Цагдан сэргийлэх байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” 192 дугаар тогтоол гаргаж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шууд удирдлага дор, Улсын Цагдан сэргийлэх ерөнхий газрыг бие даалган зохион байгуулав. 1996 оны 7 дугаар сар хүртэл Засгийн Газрын үндсэн бүтцийн төрийн захиргааны төв байгууллага болж байсан цагдаагийн байгууллага нь 1996 онд Цагдаагийн байгууллагын тухай хуульд орсон өөрчлөлтөөр “Цагдаагийн төв байгууллага” болж улмаар Хууль зүйн сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаарч Засгийн Газрын тохируулагч агентлаг гэсэн статустайгаар ажиллаж эхэлсэн юм. Эрх зүйт, ардчилсан төрийг бий болгох үйл явц эрчимтэй өрнөж байсан энэ үед цагдаагийн үйл ажиллагаа, бүтэц, тогтолцоог зарлиг, тогтоолоор бус хууль тогтоомжоор зохицуулах нийгмийн хэрэгцээ аяндаа урган гарч ирсэн юм.  Монгол Улсын Их хурлаас 1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Цагдаагийн байгууллагын тухай хууль”[3]-ийг батлан гаргасан байна.  Цагдаагийн байгууллагын тухай хууль 1993 онд батлагдснаас хойш 2013 онд, 2017 онуудад тус тус шинэчлэгдсэн юм. Өөрчлөлт шинэчлэлийн энэ цаг үед Монголын Цагдаагийн байгууллагыг цаашид хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө боловсруулан, Засгийн газраа батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын цагдаагийн байгууллага нь эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэй биелүүлж, “тайван цагт байлдааны үүрэг” гүйцэтгэж байгаа ярьж дуусамгүй, бичиж барамгүй арвин түүхтэй байгууллага билээ.

 

[1] МУҮТА. ТБА. Х-А4, Д-1, ХН-564. Х.1-27

[2] Засгийн газрын архив. Х-1, Д-11, ХН-7, Х.169

[3] УИХ-ын архив. Х-1, Д-3, ХН-437. Х.212-233

Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос