• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл, ёс зүйн уламжлал шинэчлэл

2014-10-09

Цагдаагийн байгуул­лагын алба хаагчийн харилцааны соёл, ёс зүйн асуудлыг төлөвшүүлэх чиглэлээр багагүй ярьж, анхаарал тавьж ирсэн түүхтэй. 1923 оны «Цагдаа сэргийлэхийн дүрэм»-д ....Цагдаагийн ажилтан дэмий уурлах, хараах, гар хөдөлгөн бусдыг занчих, ашигт шунахайрах, өр ширэнд орооцолдох, архи ууж согтуурах, мөрийцөн тоглох, зарга зальхайд холбогдох, хишиг гавъяа хүсэх явдал нь цээрлэвэл зохих зүйл мөн... гэжээ.

Мөн 1934 он, 1984 оны Цагдаа, сэргийлэхийн дүрмүүдэд заахдаа:

«...Цагдан сэргийлэх газрын алба хаагчид сахилга, дүрмийг зөрчин зүй бус явах буюу эд хахууль авбаас цаазын бичиг дор заасан ялын аль нэгэн хүндийг баримтлан шийтгэнэ...»

Цагдан сэргийлэх байгууллагын ажилтан үнэнч шударга, эрэлхэг зоригтой, өндөр сонор сэрэмжтэй байж, ард иргэдтэй эелдэг дотно анхааралтай соёлч боловсон харьцахын үзүүлж байх шаардлагаар тухайн үеийн сэргийлэгчид ажил үүргээ биелүүлж ирсэн байдаг.

Цагдан сэргийлэх байгууллагын ажилтнуудаас ард иргэдийг хүндэтгэн, соёлч боловсон, эелдэг зөөлөн харьцаж байх тухай 10 зүйл заалт бүхий НАХЯ-ны сайдын тушаал 1978 онд гарч түүнийг хэрэгжүүлэх ажил сэргийлэхийн бие бүрэлдэхүүний дотор хүчтэй өрнөж байсан.

Энэ тушаалд зааснаар «...Цагдан сэргийлэхийн ажилтан хууль ёс зөрчих, албан тушаалаа урвуулан хэтрүүлэх, иргэдийн эрхийг боогдуулах, хууль бусаар албадан саатуулах, баривчлах зэрэг жигшүүртэй ажиллагаа хэрхэвч гаргаж болохгүй гэдгийг хатуу анхааруулсугай...» гээд сэргийлэхийн ажилтан иргэдийг гүнээ хүндэтгэн соёлч боловсон харьцаж, үнэнч шударгаар туслах, үйл ажиллагаандаа шинэ их амжилт гаргаж Цагдан сэргийлэх байгууллагын нэр хүндийг улам дээшлүүлэхийг нийт бүрэлдэхүүнд үүрэг болгосон шинэ агуулга бүхий тушаалыг тухайн үед алба хааж байсан сэргийлэхийн алба хаагч нар журмын дагуу хүлээн авч, үүргээ зохих ёсоор биелүүлж, ардчилал шинэчлэлийн үеийн Цагдаагийн байгууллагатай залгуулж өгсөн түүхтэй юмаа.

Уламжлал шинэчлэлийн хувьд хоорондоо ялгаатай зүйл олон. Дээр дурьдсан хатуу заалт бүхий тушаалуудыг захиргаадалтын аргаар хэрэгжүүлэх оролдлогуудыг хүчтэй хийж, бие бүрэлдэхүүний дотор соёл хүмүүжлийн ажлыг тасралтгүй явуулж байсны үр дүнд сэргийлэгч нарын харилцаанд гарч байсан зохисгүй үзэгдлүүдийг зөөлрүүлэх нэмэр болж ирсэн, иргэд сэргийлэхийн ажилтны үгийг сонсож, тавьсан шаардлагыг биелүүлдэг цаг байсныг уламжлалтай холбон үзэх боломжтой.

Өөрчлөлт шинэчлэлийн өнөөдрийн түвшинд цагдаагийн алба хаагчдын соёлд, нийгмийн шаардлагыг дагасан өөрчлөлт хийх бодит нөхцөл бүрдээд удаж байна. Харамсалтай нь нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлт шинэчлэлийн шаардлагыг, цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл өнөөдөр тэр бүр хангаж чадахгүй байна. Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл нь яг юуг хэлээд байгаагаа тодотгон түүндээ тохирсон харилцааны стандартыг буй болгон хэвшүүлэх зүй ёсны шаардлага байгаа.

Цагдаагийн алба хаагчийн харилцааны соёл гэдэг нь миний ойлголтоор бол алба хаагч нэг бүр бусадтай зөв боловсон, хүндэтгэлтэй харилцах чадвартай болсон байхыг хэлнэ. Монголчууд эртнээс эвгүй харилцаанаас ажил бүтдэггүй, залруулж үл болох алдаа ч гардаг гэж үзсээр иржээ. Энэ талаар Монголын нууц товчоонд: «Тос шиг сэтгэлийг царцааж, сүү шиг санааг ээдүүлэв» гэж өгүүлсэн байдаг... «Хүний сэтгэлийн ямар ч эгзэг ээдрээтэй өнгө аясыг гаргахад монгол үг дутагдана гэж байхгүй бөгөөд босоо хүн суухаар морьтой хүн буухаар ярьж бичиж болно...» Цагдаагийн алба хаагч аядуу зөөлөн мэндчилж, «Та» гэж, хэн хүнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ албаны цөөн үгээр зарчмын дагуу ярьж байвал зохистой.

Би танд юугаар туслах вэ? баярлалаа, талархаж байна, таны үнэтэй зөвлөгөөг хүлээж авлаа, миний буруу уучлаарай гэх үгүүдийг цагдаагийн алба хаагч хаана, хэнд хэлэх учиртайг, ажил үйлчилгээний онцлог бүрт нааж тогтоосон стандартыг буй болгож мөрдвөл зүгээр юмаа. Цагдаагийн алба хаагчдын харилцааны эв дүй, ур чадвар муутай, чанга дуутай, айлгаж сүрдүүлсэн, бүдүүлэг үг хэллэг хэрэглэсэн дээрэлхүү байдгаас гадна хэрэлдсэн, уурласан хүнийг дагаж хэрэлдэх, уурлах, өөрийгөө нөхцөл байдалд зохицуулан удирдах чадвар эзэмшээгүйгээс, харьцааны алдаа гаргасан үедээ буруугаа хүлээж, уучлалт гуйдаггүй зэрэг үзэгдэл түгээмэл байна. Түүгээр ч үл барам согтуу хүнтэй хэрэлдэж өөрийгөө эвгүй байдалд оруулдаг жишээ ч байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн, хохирсон, айж балмагдсан, тусламж хүссэн зэрэг иргэдтэй алба хаагч харилцахдаа ганцхан жороор хандаж алдаа хийдгээ ухамсарлах хэрэгтэй байхаа. Цагдаагийн алба хаагчийн ёс зүй нь Монголын ард түмний уламжлалт ёс суртахуунд суурилсан, хуульчдын ёс зүйд дулдуйдсан , ёс зүйн уламжлал шинэчлэл шингэсэн, хууль биелүүлэх ажилтай шууд нөхцөлдсөн гүйцэтгэж буй үүргийг дагасан заавал сахигдаж байх онцлогтой юм. Цагдаагийн ёс зүйн асуудлаар их ярьж, хэд хэдэн тушаал гаргасан боловч үр өгөөж нь төдийлөн сайн биш алба хаагч нэг бүрийн сэтгэлгээнд гарсан өөрчлөлт төдийлөн харагдахгүй байна.

Цагдаагийн алба хаагчийн бусадтай харилцах чадвар нь, тухайн алба хаагч өөрийнхөө албан тушаал, нэр, хийж яваа ажлаа иргэн хүнд танилцуулж хүсэл зорилгоо хэлэн туслалцаа авч, ажил үүргээ бүрэн дүүрэн биелүүлснээр тодорхойлогдоно. Алба хаагч аливаа асуудалд хүлээцтэй хандаж, иргэдийн эрх чөлөө, нэр хүндийг ямагт дээдлэн, уурласан, хэрэлдсэн хүний өмнөөс сөрөхийн оронд товч тодорхой албаны цөөн үгээр шаардлагаа тайван илэрхийлж сурах хэрэгтэй. Цагдаагийн алба хаагч нэг бүрийн ажил, үйлчилгээ мэргэжлийн өндөр түвшинд иргэдэд хүрч байхаас өөрөөр байж болохгүй.

Цагдаа хүн ихэвчлэн зөрчил дутагдал гаргасан, хууль дүрэм зөрчсөн хүнтэй харьцдагаараа онцлог тул, зөрчил гаргагчийн зөрчлийг залруулах, бурууг өөрөөр нь хүлээлгэхийг эрхэм болгохын оронд, зандрах, шууд торгох, арга хэмжээ авахыг зорилгоо болгодог нь, дайчин шуурхай ажиллагаа мэт боловч цаашдаа цагдаагийн байгууллагын нэр хүндэд хортой тусдаг. Ийм учраас хагас дутуу мэргэжлийн сургалтанд хамрагдсан нэртэй, өөрийнхөө хийж байгаа ажлаа хуульд заасан шаардлагын түвшинд явуулж буй эсэхдээ итгэл муутай, дадлагажилт нимгэн, итгэл үнэмшил төлөвшиж мэргэшээгүй алба хаагчдыг ажилд томилох явдлаас татгалзаж, тавигдаж байгаа шаардлагыг бүрэн хангасан алба хаагчийг сургаж дадлагажуулах тогтолцоо хэрэгтэй. Үүнээс соёлтой харилцаа бүрдэнэ.

Мөн цаашдаа цагдааг мэргэжилтэй боловсон хүчнээр бүрдүүлэх, ажлын хэт ачааллыг багасгах, оролцох, оролцохгүй ажлын зааг ялгааг гаргаж, сурч соёлжих, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь цаг зав гаргаж өгч мэргэжлийн түвшинг тогтсон хугацаанд баталгаажуулж байх нь зүйтэй болов уу? Цагдаагийн алба хаагч хүн шударгаар ажиллаж амьдрах ганцхан гарц байдаг. Шударга байхын эсрэг тал нь шударга бус үйл ажиллагаа байж таарна. Цагдаа хүний шударга байх гол шалгуур нь хууль биелүүлэх, хуулинд захирагдах аливаа хэрэг зөрчлийг авч үзэхдээ зөвхөн нотлох баримтыг иш үндэс болгох, танил тал харах, хуурч мэхлэх, хувийн байдлаар хандах зэрэг шударга бус зүйлийг гаргахгүй байж занших тухай асуудал юм.

Шударга байхын маш том шалгуур нь авлигал авахгүй байх. Цагдаагийн байгууллагын алба хаагч ийм асуудалд нэрээ сэвтүүлэхгүй байх явдал юм. Тэгвэл сая түмний өмнө шударга гэдгээ батлах болно. Шударга байна гэдэг соёлтой харилцааны хэмжүүр шүү дээ.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйг зөв төлөвшүүлэх ажилд дутагдал багагүй байна. Жишээ нь: Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм нь ганцхан талыг барьсан, алба хаагч нараасаа санал бодлыг нь аваагүй тулгалт маягтай хориглосон, арга хэмжээ авахаа тоочсон хоёрхон чиглэлтэй учраас, алба хаагч нар ёс зүйн дүрмээ өөрсдийн санаачлагаар бус албадлагаар сахиж биелүүлэх бяцхан тогтолцоо нь үр өгөөж муутай байх шиг бодогддог.

Алба хаагч бүр хэний ч оролцоогүйгээр ёс зүйгээ сахиж байх таатай боломжийг бүрдүүлж чадахаар сургалт, соён гэгээрүүлэх ажлыг хүн нэг бүрт, хүнд ба хүндэвтэр ажил үүрэг гүйцэтгэж буй ээлжийн багуудад байнга хүргэж, хяналт тавих ажлыг тасралтгүй хийн, ёс зүйгээ сахих нь алба хаагч миний үүрэг хариуцлага, надад өгөгдсөн хөрөнгө, оруулалт боломж гэдгийг ойлгуулах ажил үгүйлэгдэж байна.

Алба хаагч нэг бүр ёс зүйгээ сахиж биелүүлэх тухайгаа даргатайгаа зөвшилцөн харилцан тохиролцсон итгэлцүүр тогтоон гэрээ хийж хоёр тал тов тодорхой үүргүүдийг хүлээж хэрэгжүүлвэл үр дүн нь гарна. Гэрээгээ зөрчсөн тал хариуцлага хүлээнэ. Хариуцлага хүлээх нь хохирол нөхөх аргаар явагдаж, ёс зүйгээ зөрчсөн цагдаагийн алба хаагч, хамгийн наад зах нь төлбөртэй дахин сургалтанд хамрагдах, цаашлаад цол, албан тушаалаа өөрийн санаачлагаар буцааж өгөх асуудлыг хүртэл гэрээнд тусгасан байвал үр дүн гарах болно.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйг сахиж сурах нь даргын тушаал шийдвэрээр бус тухайн алба хаагчийн хүлээсэн үүрэгтэй холбоотойгоор өөрийн санаачлагаар биелүүлж хэвших ёстой. Ингэвэл иргэдийн өмнө хүлээсэн үүргээ өө сэв багатай биелүүлдэг болно.

Цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн