• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Хууль зүйн яам Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвтэй хамтран ээлжит сургалт-семинарыг зохион байгуулж байна

2014-09-24
Хууль зүйн яам Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвтэй хамтран ээлжит сургалт-семинарыг зохион байгуулж байна

Хууль зүйн яамнаас явуулж буй Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хууль зүйн яамны урилгаар Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв /Geneva Centre for the Democratic Control of Armed Forces/-ийн Др.Филипп Флюри тэргүүтэй Унгар улсаас ирсэн сургагч багш Др. Зсолт Молнар, Андреа Кисс нар 2014 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд ЦЕГ-ын Сургалт дадлагын төв дээр мэргэжлийн сургалт-семинар зохион байгуулж байна. Энэ удаа "Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй", "Дотоод хяналт, мөрдөн шалгалтын арга зүй" сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөр төлөвлөгөөний загвар, цагдаагийн байгууллагын сургалтын орчин үеийн арга хэлбэр, аргачлал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шудрага байдал, хяналт зэрэг сэдвээр хичээл зааж байна. Сургалтад Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн багш зэрэг нийт 50 гаруй оролцогчид хамрагдаж байна.
Хууль зүйн яам, УИХ-ын Тамгын газартай хамтран Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн 5 сургагч багшийг өнгөрсөн 6 дугаар сард урьж хууль сахиулах байгууллагуудын удирдлагын албан тушаалтнуудыг бусад орны туршлагаас суралцуулах, чадавхжуулахад чиглэсэн сургалт-семинарыг амжилттай зохион байгуулсан билээ.
Монгол Улс 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв байгууллагын 62 дахь албан ёсны гишүүн орон болсон билээ. Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төв нь Швейцарын Холбооны Улсын санаачилгаар 2000 онд үүсч байгуулагдсан бөгөөд өдгөө АНУ, ОХУ, Британи, Франц зэрэг 61 гишүүн, 3 ажиглагч орныг эгнээндээ нэгтгээд байгаа ардчилсан шинэчлэл, сайн засаглалыг бататган бэхжүүлэх замаар олон улсын болон үндэсний хэмжээнд батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт сайн засаглалыг хөгжүүлж, шинэчлэхэд мэргэжлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготой байгууллага юм.