• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Энхийг сахиулагч Цагдаагийн алба хаагчид НҮБ-ын медалиар энгэрээ мялаалаа

2014-07-23
Энхийг сахиулагч Цагдаагийн алба хаагчид НҮБ-ын медалиар энгэрээ мялаалаа

БНӨСУ-д Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг дэмжих ажиллагааны хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын III батальонд Цагдаагийн байгууллагаас 13 офицер, 38 ахлагч ажиллагааны газар оронд штабын хэвлэл мэдээллийн төлөөлөгч, цэргийн цагдаа, ахлах сувилагч, буудагч, тасгийн пулемётчин зэрэг албан тушаалуудад батальоны хариуцлагын 3 бүсэд хуваагдан үүрэг гүйцэтгэж байна.

Батальоны үндсэн байрлал болох Юнити мужийн Бентью хот дахь НҮБ-ын баазад 20 алба хаагч, Париан суурин дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж байгаа 3 дугаар мотобуудлагын ротод 10 алба хаагч, Баруун Бахр-Эль-Газаль мужийн Вау хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж байгаа 2 дугаар мотобуудлагын ротод 21 алба хаагчид тус тус сахилга бат ёс зүйтэй цагдаагийн байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. 

Цагдаагийн байгууллагын  энхийг сахиулагчид 7 дугаар сарын 8,10,14-ний өдрүүдэд тус тусын хариуцлага бүс дэх НҮБ-ын бааздаа НҮБ-ын энхийн төлөө медаль гардаж авах ажиллагаа болсон юм. 

Батальоны медаль парадын ажиллагаанд UNMISS хүчний командлагчийн орлогч бригадын генерал Рамиш Кумар Пан, Хүчний штабын J-2 дарга дэд хурандаа Матхаэз Вогт, J-6 дарга дэд хурандаа Г.Болор, Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж буй J штабын офицерууд, Юнити мужийн зохицуулагч хатагтай Мэри Каммис, ахлах холбогч офицер хурандаа Саймон Ленира нар болон Бентью хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын төлөөлөл, хүмүүнлэгийн бусад байгууллагын зочид төлөөлөгчид оролцлоо.

Батальоны бие бүрэлдэхүүн хүчний командлагчийн орлогч, НҮБ-ын хүндэт, зочид төлөөлөгчдөд ёслолын жагсаалаар хүндэтгэл үзүүлэн, жагсаал, гардан тулааны болон урлагийн тоглолт үзүүлж Монгол цэргийн сүр хүчийг гайхуулан баяр наадмын өдрүүдийг баяр баясгалан, шагнал урамшууллаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. 

2014 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Монгол улсын цагдаагийн байгууллагын 93 жилийг ойн баяраар батальоны болон ротын захирагчид энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлж нэг өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлөн амрааж, орой нь хүндэтгэлийн зоогт урьж цагдаагийн баярыг хамтдаа тэмдэглэж өнгөрүүлсэн юм.

Баярын арга хэмжээний үеэр батальоны захирагч хурандаа Б.Эрдэнэбат энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цагдаагийн байгууллагын алба хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлээд цагдаагийн алба хаагчдад батальоны захирагчийн болон батальоны ахлагчийн зөвлөлийн Дурсамж хадгалуулсан юм.
Энэ дашрамд дурдахад ажиллагааны үүрэг гүйцэтгэх хугацаа сарын дараа дуусч, эх орон, эцэг эх, хамт олон, найз нөхөдтэйгөө учран золгох баярт өдөр хором хормоор ойртсоор буйг дуулгахад таатай байна.

Фото зургийг дэлгэрэнгүй хүргэж байна.