• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн хошууч Ц.Хадбаатар: Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахын тулд ХАН-УУЛ дүүрэг камержуулах ажлыг хийж байна

2020-05-12
Цагдаагийн хошууч Ц.Хадбаатар: Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахын тулд ХАН-УУЛ дүүрэг камержуулах ажлыг хийж байна

Эх сурвалж: www.arslan .mn

Ажил мэргэжлээрээ олондоо танигдана гэдэг сайхан. Манай хамт олон ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан залуучуудыг урьж ярилцаж байгаа бөгөөд энэ удаад ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Хадбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө та бидэнд өөрийгөө танилцуулаач? Цагдаагийн байгууллагад хэдэн оноос ажиллаж эхлэв.

-Сайн байна уу. Уншигчиддаа ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ц.Хадбаатар гэдэг. Миний хувьд анх 2006 онд цагдаагийн байгууллагад орж ажиллаж байсан. Хамгийн сүүлд Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллаж байгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст томилогдож ирсэн. Томилогдож ирээд долоон сарын хугацаа болж байна. Нийтдээ 14 дэх жилдээ цагдаагийн албанд зүтгэж байна.

-Хоёр өөр дүүрэгт ажиллахад ажлын ялгаа байна уу?

-Ажил үүргийн хувьд болон хийж гүйцэтгэх чиг үүрэг болон албан тушаалтай холбоотой ялгаа бол байгаа. Цагдаагийн алба хаагч хуульд заасан чиг үүрэг гүйцэтгэдэг учир хаана ч байсан адилхан үүрэг гүйцэтгэнэ.

Адилхан л ард иргэдийнхээ төлөө үйлчилж байгаа учраас нэг их ялгаа гарахгүй дээ.

-Ажлын онцлогоосоо хуваалцахгүй юу?

Цагдаа хүний бахархал бол эх орон, ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэж ажиллаж байдагт оршдог гэж боддог.  Би цагдаагийн байгууллагын нэг эд эс нь болж ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж байгаадаа үргэлж баяртай байдаг. Энэ албаараа маш их бахархдаг. Цагдаа гэх нэр хүндийг сэвтээхгүйн төлөө өдөр бүр хамгийн сайнаар ажиллахыг хичээдэг.

-Танай дүүргийн онцлог юу вэ?

-Манай дүүргийн онцлог бол Эко-дүүрэг гэсэн уриаг бүхий л ажилдаа тусгахыг хичээн ажиллаж байна. Хан-Уул дүүргийн онцлогийн хувьд бусад дүүргээс арай өөр зохион байгуулалттай гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөн маш их нэмэгдэж байна. Мөн маш олон чиглэлээр бүтээн байгуулалт хийгдэж байна. Тиймээс алба хаагчийн ажлын ачаалал өндөр дүүргүүдийн нэг гэж хэлж болно. 

-Цагдаагийн алба хаагчийн ачаалал маш ихээр нэмэгдэж байна хэмээлээ. Ер нь нэг алба хаагч гэхэд хичнээн хүний аюулгүй байдлыг хангаж ажилладаг вэ?

-Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүн ам, тээврийн хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөл бусад онцлогийг харгалзан Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын бүтэц, орон тооны болон автомашин, тусгай хэрэгслийн хангалт, тэдгээрийн эдэлгээний жишиг нормативыг баталсан. Уг тогтоолын дагуу 4000 хүн ам тутамд 1 хэсгийн байцаагч, 15000 хүн ам тутамд 2-оос доошгүй хэв журмын эргүүл, хөдөлгөөнт эргүүлд 15000 хүн ам тутамд 1-ээс доошгүй автомашин байхаар тус тус заасан боловч улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалан цагдаагийн байгууллагын одоогийн бүтэц, орон тоо, ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн тоо энэхүү жишиг нормативт хүрэхгүй, 4000 орчим орон тоогоор бага байгаа нь алба хаагчдын хөдөлмөрлөх эрх зөрчигдөх, эрүүл мэндээр хохирох нөхцөлийг бий болгож байна. Тэгтэл өнөөдөр нэг хорооны хэсгийн байцаагч нь 28,000 мянган иргэнийг хариуцан ажиллаж байна. Харин эндээс нэг хэлтэст,  нэг алба хаагчид ногдож байгаа ачаалал ямар байгааг харж болно.

Гэхдээ бид  өргөсөн  тангарагтаа үнэнч, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, цагдаагийн алба гэсэн сэтгэлтэй залуус алба хаагчаар дүүрэн учир аливаа ажлыг хариуцлагатай зохион байгуулж, ачааллаа зохицуулан ажиллаж байна.

-Хан-Уул дүүрэг орон сууц ихтэй, хөл хөдөлгөөн ч ихтэй газар. Энэ онд хичнээн гэмт хэрэг бүртгэгдсэн вэ?

-2020 оны эхний дөрвөн сард гэмт хэргийн шинжтэй 1300 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 1201 нэг буюу 86.5 хувийг шийдвэрлсэн байгаа. Харин 603 буюу 43.9 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 593 буюу 43.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын газарт шилжүүлсэн. Мөн эндээс харъяаллын бус хэргүүдийг харъяаллын дагуу шилжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн гэмт хэргий шинжтэй гомдол, мэдээллээс 172 буюу 12.5 хувийг нь материалжуулан байна.

-Дуудлага мэдээллийн тухайд?

-Гуравдугаар сарын эхний  23 хоногийн мэдээгээр нийслэлд гэмт хэрэг зөрчлийн 27263 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж урд оны мөн үетэй харьцуулахад 7301 дуудлагаар буюу -21.1 хувь, гэр бүл хүчирхийллийн дуудлага 1582 бюу 35.9 хувь, зөрчлийн дуудлага, мэдээлэл 2065 буюу -9.5 хувь, согтуугийн дуудлага мэдээлэл 1540 буюу -15.1 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан. Энэ нь олон нийтийн  хөл хөдөлгөөнийг хориглосонтой шууд хамааралтай, нөгөө талаас архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын үйл ажиллагааг хязгаарлахад гэмт хэрэг, зөрчил буурдаг, энгийнээр тайлбарлахад олон хүн цугласан газар элдэв төрлийн хулгай, иргэдийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, зөрчил халаасны хулгай, гардаг шүү дээ. Урьд нь Улаанбаатар хотын шөнийн амьдрал өдөр шиг хөдөлгөөнтэй байсан. Энд тэнд архидан согтуурсан хоорондоо маргалдсан, нэгнийгээ гэмтээсэн, ааг омог ихтэй согтуу залуучууд их байдаг байсан.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийн тоо ингэж буурснаар 7600 орчим иргэнийг ямарваа нэгэн гэмт хэрэг зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж чадсан байна гэсэн үг.

Эндээс үзэхэд  цагдаагийн байгууллагаас ард иргэдэд мэдээлэл хүргэж ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч байгаа юм.  Урьдчилан сэргийлэх ажиллагаа үр дүнтэй байна. Тиймээс ард иргэд ч аливаа асуудалд анхаарал болгоомжтой, сэрэмжтэй хандах юм бол бид дүүрэг болон нийслэл цаашлаад улсын хэмжээнд гэмт хэрэг зөрчилгүй  орчинд амьдрах боломжтой.

-Хорио цээрийн эдгээр өдрүүдэд танай хэлтэс ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага энэ оны  хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтлэг болон нэг бүрчилсэн урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар иргэд байгууллага, аж ахуй нэгжтэй хамтран зохион байгуулж ажиллаж байна. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг тухай бүр нь шуурхай шалган шийдвэрлэх ажлыг холбогдох хууль сахиулах болон болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, олон нийтэд чиглэсэн  урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг цахим орчинд шуурхай хүргэх ажлуудыг оновчтой зохион байгуулж байна. 

Хан-Уул дүүргийн хэмжээнд онцгой нөхцөл байдлын үед авто эргүүлд үүрэг гүйцэтгэж буй автомашинууд автобусны буудал болон томоохон зах худалдааны төв гэх мэт хүн ам олноор цугладаг газруудад иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, зөвлөмжүүдийг түгээж байна. Тус хэлтсээр үйлчлүүлж байгаа иргэдийг нэвтрүүлэхдээ амны хаалтыг заавал зүүлгэж гарыг нь ариутгуулж, халуун хэмжигч багажаар халууныг нь үзэж, тусгайлан бэлтгэсэн мэдүүлэг авах өрөөнд оруулж шалган шийдвэрлэх байцаагч нарыг дуудаж иргэдтэй уулзуулж байгаа. 

Мөн хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан захирамжын хэрэгжилтийг хангах, хяналт тавьж ажиллах чиглэлээр алба хаагчыг авто машинтайгаар үүрэг гүйцэтгүүлэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа цагийн хязгаарт хяналт тавин ажиллаж байна. Дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй хамтран баар, цэнгээний газруудад тогтмол хяналт тавьж, зөрчлүүдийг газар дээр илрүүлж, арга хэмжээ тооцон ажиллаж байна.

-Хяналт шалгалтаар ямар зөрчлүүд их гарч байна вэ?

-Коронавирус гарсантай холбоотойгоор 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг даргын А223 захирамж гарсан. Захирамжийг хэрэгжүүлэх чиглэлээр манай цагдаагийн хэлтсээс хариуцсан хороодын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажиллаж байна. 2 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийн байдлаар нийт 99 зөрчил илрүүлсэн байна. Эдгээр зөрчлүүдэд зөрчлийн тухай хуульд заасны дагуу 500,000-2,500,000 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг оногдуулсан. Ахин зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдээс 8 газрын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар  НЦУГ-р дамжуулан холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэний үндсэн дээр 6 аж ахуйн нэгжийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлуулах арга хэмжээ авсан.

Гарсан дээрх зөрчлийн дийлэнх хувийг цагийн хязгаар хэтрүүлэн ажиллах зөрчил  эзэлж байна.

Захирамжтай холбоотой манай хэлтэс болон дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран архи, согтруулах ундаа худалдан, борлуулдаг энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудад мэдэгдэл, шаардлага хүргүүлэн ажиллаж байна.  ААН-ийн ажилтан алба хаагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон архи тамхины хор уршиг сэдвээр онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулан ажиллаж байна.

-Танайхаас өнгөрсөн онд ямар онцлох ажлууд болон энэ онд ямар ажил  хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна вэ?

-НЦУГ, дүүргийн Засаг даргатай хамтран дүүргийн хэмжээнд бүрэн камержуулалтыг хийе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн 2019 онд нутаг дэвсгэрийн 1, 2, 3,15 дугаар хороодод камержуулалтын ажил хийгдсэн. Энэ жил манай хэлтсээс 11 дүгээр хороог бүрэн камержуулахаар төлөвлөн ажиллаж байна. Орчныг камержуулснаар иргэдийг амгалан тайван орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөх давуу талтай. Хамгийн энгийн жишээ хэлэхэд дуудлага, мэдээлэл ирлээ гэхэд  хэлтсээс цагдаа явуулж байхаар, тухайн хэсэгт аль ойрхон байгаа цагдаа очвол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа танай хамт олонд ажлын амжилт хүсье.