• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 81.5 хувиар өссөн нь шалгалтыг чанартай зохион байгуулсны үр дүн

2020-05-11
Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 81.5 хувиар өссөн нь шалгалтыг чанартай зохион байгуулсны үр дүн

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Экологийн цагдаагийн алба байгуулагдаад таван сар болж байна. Энэ хугацаанд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн үү. Ямар ахиц, үр дүн гарав?
-Улсын хэмжээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг энэ оны I улиралд нийт 216 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 97 хэргээр буюу 81.5 хувиар өссөн. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн 8125 хэргийн 2.7 хувийг эзэлж, илрүүлэлт 15.9 хувьтай байна. Нийт гэмт хэргийн 196 буюу 90.7 хувь нь орон нутагт, 20 буюу 9.3 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон нутагт бүртгэгдсэн гэмт хэрэг 92 хэргээр буюу 88.5 хувиар, Улаанбаатарт бүртгэгдсэн гэмт хэрэг таван хэргээр буюу 33.3 хувиар тус тус өссөн нь хяналт, шалгалтыг чанартай зохион байгуулсны үр дүн.

-Тэгвэл танай алба хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран улсын хэмжээнд “Ногоон дуу хоолой”, “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриан дор “Байгалиа хамгаалъя” олон нийтийн соён гэгээрүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сарын 15-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 11 шторк, хууль бусаар мод бэлтгэх, ан агнах, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, байгаль орчныг бохирдуулах, химийн хорт бодистой холбоотой зорилтот найман нэвтрүүлэг, шалгалт явуулсан хоёр нэвтрүүлэг, ухуулга нөлөөллийн 25 постер, олны танил 19 хүнийг аянд нэгдүүлэн уриалга гаргуулж, цахим шууд дамжуулалтыг бэлтгэн, нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд хүргэсэн.

Үүнийг давхардсан тоогоор 735800 хүн үзэж, 7986 хүнд таалагдаж,  8899 хүн бусадтай хуваалцжээ.  Мөн арга хэмжээний хүрээнд 42 удаагийн хяналт шалгалт зохион байгуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 39, зөрчил 65-ийг илрүүлэн шалгаж, 64 зөрчлийг газар дээр нь шийдвэрлэж, 775 иргэн, хуулийн этгээд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө өгч, ажилласан байна.

-Элс, хайрга, шар шороо авах зорилгоор Улаанбаатар хотын ойр орчимд их хэмжээгээр газар шороо сэндийчиж байгаа харагддаг. Үүнд танайхаас ямар хяналт тавьдаг вэ?
-Экологийн цагдаагийн албанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул голын сав газрын захиргаатай хамтран ажиллах төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсээс “Түгээмэл 2020” хэсэгчилсэн арга хэмжээ зохион явуулж байгаа. Дээрх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн байгаль орчны газартай хамтран тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчилд хариуцлага  тооцон ажилладаг. Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлд зааснаар газрын хэвлийг дур мэдэн ашигласан бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, хүнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.

-Алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдэд яаж хяналт тавьж, хариуцлага тооцож ажиллаж байна вэ?
-2020 оны I улиралд гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж завдаж байгаа зургаан бүлэг, 77 этгээдэд холбогдох 834.6 сая төгрөгийн хохиролтой 53 хэрэг, үйлдлийг илрүүлэн шалгаж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Дархан, Орхон, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад өнгөрсөн нэг, хоёрдугаар сард хяналт шалгалт хийсэн юм. Энэ хүрээнд Төв аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай, Баянцогт сумын нутаг дэвсгэр Эрдэнэтогтохын Ар гэх газруудад иргэд дайрч, хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шалгасан. Мөн  Төв аймгийн Сүмбэр суманд байрлах  компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай руу иргэд дахин дайрч, хууль бусаар ашигт малтмал олборлож байсан найман гэмт үйлдлийг таслан зогсоож, Төв аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэн шалгууллаа.

2500 ОРЧИМ ИРГЭН ГАР АРГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 

-Орон нутагт иргэд хууль бусаар алт олборлож, нөхөн сэргээлт хийхгүй байх нь элбэг. Энэ үйлдлийг таслан зогсооход чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ? 
-Монгол Улсын үндсэн хуулийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасан байдаг. Он гарснаас хойш зургаан аймгийн долоон газарт давхардсан тоогоор 2500 орчим иргэн хууль бус гар аргаар ашигт малтмал олборлосон тоо баримт байна. Эдгээр газарт нөхөн сэргээлт хийгдээгүй. Улсын хэмжээнд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг энэ оны эхний гурван сард 67 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 52 хэргээр буюу 3.5 дахин өссөн үзүүлэлт. Энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн хугацаанд бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 32.5 хувийг дангаараа эзэлж байна.

-Алт олборлоод, нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай улсын хэмжээнд хэд байна вэ?
-2018 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас улсын хэмжээнд 2118 нэгж талбар, 27637 га талбай хөндөгдсөнөөс нөхөн сэргээсэн 869 нэгж талбар, 7523 га талбай байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй 1249 нэгж талбар, 20214 га талбай байна. Үүнээс нөхөн сэргээлт хийгээгүй боловч хариуцах эзэнтэй 270 нэгж талбар, 11184 га талбай, эзэнгүй орхигдсон 971 нэгж талбар, 8930 га талбай бий. 2020 оны байдлаар 1634 байршлын 1941 газарт 34906.42 га газар байна.
Манай албанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нийт 58 үйлдлийг илрүүлэн нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар, хэлтэст шилжүүлэн шалгуулсан.

-Туул гол руу дулааны улиралд аж ахуйн нэгжүүд хаягдал бохир усаа цутгаж, тэдгээрт хариуцлага тооцож чадахгүй байгаа харагддаг. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцох хуулийн зохицуулалт байдаг вэ?
-Туул голын усанд хог хаягдал хаясан, эсвэл машин техник, бохир зүйл угаасан, усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгоно. Харин гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 24.1 дүгээр зүйл байгаль орчныг бохирдуулах үйл ангиар шалгаж, 5400-27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тусгасан байдаг.

ЖИЛД 100 МЯНГАН ТОНН БАРИЛГЫН ХОГ ХАЯГДАЛ ГАРДАГ

-Улаанбаатар хотод барилга их хэмжээгээр баригдаж, үүнээс үүдэлтэйгээр барилгын хог хаягдлыг нууцаар, ил задгай хаях явдал их гардаг. Мөн автомашины аккумлятор, мөнгөн ус, эмнэлгийн хаягдал зэрэг аюултай хогийг байгальд хаях нь бий. Эдгээрт хэрхэн хяналт тавьдаг вэ ?
-Манай улсад жилд 100 мянган тонн барилгын хог хаягдал гардаг. Энэ төрлийн хог хаягдлыг нүднээс далд,  хүн хөдөлгөөн багатай хотын зах, гуу жалганд хаях явдал ихээр гарч байна. Хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, гарах аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох, учирсан хор хохирлыг арилгуулах, зөрчил үйлдсэн тохиолдолд хуулийн дагуу 5400-27 мянган нэгжээр торгох, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эс бөгөөс хорих ялаар шийтгэх, арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Мөнгөн ус, автомашины  аккумлятор эмнэлгийн аюултай хог хаягдал нь байгальд хаягдсанаар урвалд орж,  хөрс, ус, агаарыг хүнд металлаар бохирдуулж, хүн малын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэлтэй. Иймд аюултай хог хаягдлыг байгальд хууль бусаар хаясан тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.3-т зааснаар ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 40000-20000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд зааснаар, мөн Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг ашиглахыг хориглосон, БОАЖ-ын сайдын тогтоолоор мөнгөн усыг гар аргаар ашигт малтмалд хэрэглэхийг бүрэн хориглосон ч хууль бусаар мөнгөн ус ашигласан хэрэг энэ оны эхээр тав бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурсан үзүүлэлт. 

ХУУЛЬ БУСААР АН АГНАХ ГЭМТ ХЭРЭГ 81 ХУВИАР ӨССӨН

-Ховор амьтдыг хууль бусаар агнасан хэд хэдэн гэмт хэргийг танай албаныхан илрүүлсэн. Тэдгээрээс заримыг нь онцолж дурдахгүй юу?
-Хууль бусаар ан агнах гэмт хэрэг 38 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17 хэргээр буюу 81 хувиар өссөн үзүүлэлт.  Манай албанаас хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажилласнаар Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт иргэн Н, Б, Э, Ш нар нь ашиг олох зорилгоор нэн ховор амьтны жагсаалтад орсон цаа бугын эвэр дөрөв, ховор амьтны жагсаалтад орсон аргаль хонины эвэр хоёр, янгир ямааны эвэр нэг, тас шувууны хөл хоёр, саарал чонын арьс дөрөв, хүрэн баавгайн нойтон арьс, гавлын яс, соёо гурав, савар дөрвөн ширхгийг хадгалж, худалдан борлуулах гэж байсныг илрүүлэн, эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болох бөгөөд үүнээс бусад зориулалтаар нэн ховор амьтныг агнаж бэлтгэсэн арьс, яс, бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр, эсвэл нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-40 сая төгрөгөөр торгох эсвэл 1-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

-Хууль бус мод бэлтгэлийн улмаас их хэмжээний ой устаж байна гэдэг. Энэ чиглэлээр танай алба ямар ажлууд хийж байна вэ?
-Монгол орны нутаг дэвсгэрийн 11.8 орчим хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд ихэвчлэн нутгийн хойд хэсгээр тархсан. 2020 оны I улирлын байдлаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 93  бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 19.2 хувиар  өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилд өсөх хандлагатай байна. Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт өнгөрсөн хоёрдугаар сард ажиллаж, аж ахуй нэгж, нөхөрлөл, тэдний ашиглаж байгаа техник хэрэгслийн судалгааг гаргаж, зохих зөвшөөрөлгүй болон гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар бэлтгэж  байгаль экологид 280 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй долоо, албан тушаалын шинжтэй нэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг илрүүлэн шалгалаа.

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст эд мөрийн баримтаар хоёр цахилгаан хөрөө, 431.3 шоо метр мод, гурван тээврийн хэрэгсэл, таван баримт бичиг тус тус хураан авч, харьяаллаар хүлээлгэн өгсөн. Мөн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард хийсэн хяналт, шалгалтаар Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн нутаг дэвсгэрт нэр бүхий  компани нь шалгагдаж байх хугацаандаа 120 шоо метр мод бэлтгэсэн. Түүнчлэн мод бэлтгэлийн зөвшөөрөлтэй нэр бүхий компани Богдхан уулын дархан цаазат нутаг дэвсгэрт ойн цэвэрлэгээ нэрийн дор хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

14 ТҮЙМРИЙН ХЭРЭГТ 19 ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

-Он гарснаас хойш ой хээрийн түймэр хэд хэдэн удаа гарсан. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож чадаж байгаа юу?
-Он гарсаар улсын хэмжээнд ой хээрийн 51 гал түймэр бүртгэгдсэн. Одоогийн байдлаар санаатай түймэр тавьсан гэх хэрэг бүртгэгдээгүй. 14 түймрийн хэрэгт 19 иргэнийг холбогдуулан шалгаж байна. Онцолбол, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянголын мухдаг гэх газар Булган аймгийн харьяат Г, Б, Орхон аймгийн харьяат Э нар нь хиргисүүр ухаж, бугын эвэр түүж байхдаа гал алдан, ойд түймэр тавьсан. Энэ хэрэгт Булган аймаг дахь экологийн асуудал хариуцсан алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн Хан-Уул дүүргийн XI хороо Соёмботой уул шатсан нь аж ахуй нэгжийн хогийн цэгээс гарсан байх үндэслэлтэйг шалгаж байна. Түүнчлэн тус дүүргийн XIV хороо Арцатын аманд долоон га газар шатсан хэрэгт иргэн Б-г холбогдуулан шалгаж байгаа. Ой хээрийн түймэр санаатай болон болгоомжгүйгээр тавьсан этгээдэд Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд зааснаар 1-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байдаг.