• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 2019 оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны товч тайлан

2019-11-04

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 оны гуравдугаар улиралд Цагдаагийн албаны тухай хуульд заасан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаа.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/158 дугаар тушаалаар  Нийслэлийн цагдаагийн газрын нэршлийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар болгож өөрчилсөнтэй холбогдуулан батлагдсан төсөв, орон тоонд багтаан Нийслэлийн цагдаагийн удирдах газар, дүүрэг дэх цагдаагийн газрыг шинэчлэн байгуулж, бүтэц, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг баталсан.

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой 2021 онд тохиохтой холбогдуулан “Бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийг байгуулж, бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээнд оролцож, иргэдээс үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл гомдол, мэдээлэл хүлээн авах, тэдэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, жолоодох эрх сэргээх сургалтад хамруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг, гарын авлага, танилцуулга, брошур материалыг тараах, байгууллагын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчилах зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах хорооны 99 дүгээр чуулганаар Монгол Улсын нэгдэн орсон “Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц”-ийн хэрэгжилтийн талаарх илтгэлийг Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хэлэлцүүлэх үүрэг бүхий Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга амжилттай оролцсон.

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/06 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 85, Санхүү, аж ахуйн алба, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын 80, Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг /Хүүхдийн алба/-ийн 70, Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрлийг олгож, холбогдох анги, байгууллагуудад хүргүүлсэн ба Эрүүгийн цагдаагийн алба, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрууд ойн арга хэмжээг ёслол, төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайгийн гэр бүлд дэмжлэг, туслалцаа үзүүлэх  тухай хүсэлтийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар уламжлуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлүүлсэн.

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, Үндэсний Их баяр наадам, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллаж, үр дүнг тооцсон.

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, бүрэн хэрэгжээгүй, хэрэгжилт удаашралтай байгаа ажил, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ аван ажиллаж байна.

Хүний нөөцийн чиглэлээр: Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 632 удаагийн тушаалаар давхардсан тоогоор 9119, Дэд дарга, Захиргааны удирдлагын газрын дарга нарын 25 удаагийн тушаалаар 270, нийт 657 удаагийн тушаалаар 9389 /хүний нөөц, шагнал, урамшил, сахилга, хариуцлага гэх мэт/ асуудлыг шийдвэрлэсэн.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтаар 40, өөрийн хүсэлтээр 78, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 90, хүүхэд асрах чөлөө авсан 39, эрүүл мэндийн шалтгааны улмаас 3, алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 4, бусад шалтгаанаар 7 алба хаагчийг албанаас чөлөөлж, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдон шүүхээр шийдвэрлэгдсэн 7, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн /цагдаагийн байгууллагад 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр/ 24 алба хаагчийг тус тус албанаас халж, 4 алба хаагчийг данс бүртгэлээс хассан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолын дагуу аймгийн төвөөс бусад суманд 5-аас дээш жил ажилласан 208 алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшил, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон 165 алба хаагчид 36, цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгосон 4 алба хаагчид 18, нас барсан 2 алба хаагчийн ар гэрт 120 сарын, 5 алба хаагчийн ар гэрт 36 сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор тус тус шийдвэрлэж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан 141 алба хаагчийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн, 112 алба хаагчийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарын яамны, 2101 алба хаагчийг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар тус тус шагнаж, урамшуулан, сахилгын шийтгэл хүлээсэн алба хаагчдаас онцгой гавьяа байгуулсан 16 алба хаагчийг сахилгын шийтгэлгүйд тооцсон ба албандаа хайнга хандсан, сахилга, ёс зүйн зөрчил, дутагдал гаргасан 183 алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан.

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн 1092 иргэн, алба хаагчийг шинээр албан тушаалд томилсноос 797 иргэнийг цагдаагийн бага цолны, 295 иргэн, алба хаагчийг офицерын албан тушаалд тус тус томилсон. 

Соён гэгээрүүлэх, албаны сургалтын чиглэлээр: Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг алба хаагчдад судлуулах, зорилгоор гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр 101 удаа 7420, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 66 удаа 5866, Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр 44 удаа 26580, Дотоодын цэргийн үйл ажиллагаа, улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангах чиглэлээр 118 удаа 32060 алба хаагчид, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нутаг дэвсгэрийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагатай хамтран 852 удаагийн сургалт, 315 зөвлөгөөнийг зохион байгуулж, 3156 алба хаагч, 221459 иргэнийг хамруулсан.

Алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, гадаад хэлний боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, АНУ, Австрали, БНХАУ, Тайвань, ОХУ, БНТУ зэрэг 6 улсын академи, их, дээд сургуульд боловсролын адъюнктур, доктор, магистрантур, бакалаврын сургалтад 80, богино хугацааны 29 удаагийн сургалтад 118 алба хаагчийг хамруулж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр: Гадаад орны цагдаагийн байгууллага, олон улсын чиг үүрэг бүхий бусад байгууллагатай харилцан хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийг боловсруулж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.  

БНКазУ, БНСВетУ, БНАзерУ, БНСУ, БНХАУ, БНФУ, АНУ, АНЭУ, ОХУ, ХБНГУ, Австрали, Тайвань, Филиппин, Малайз, Хонгконг зэрэг орнуудад зохион байгуулагдсан 15 удаагийн ажлын айлчлал, албан томилолт, олон улсын уралдаан тэмцээнд 58, олон улсын хурал, уулзалт, семинар, зөвлөгөөн зэрэг 18 арга хэмжээнд 35 алба хаагч /нийт 53 арга хэмжээнд 174 алба хаагч/ албан томилолтоор ажилласан.

Нэгдсэн Үндэстний байгууллагын БНӨСУ дахь Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн албанд 5, БНСуУ дахь ажиллагаанд 5, нийт 10 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд БНӨСуУ-д 2, Африкийн Сомали Улсад 1, БНӨСуУ болон БНСуУ-ын дундын бүс дэх ЮНИСФА-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд 4 алба хаагчийг тус тус нэр дэвшүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэдэх байнгын төлөөлөгчийн газарт материалыг хүргүүлээд байна.

Үйл ажиллагаатай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулсан.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын онц чухал обьектын хамгаалалтын тухай хуулийн төсөл, танилцуулга, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай, Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах саналыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 123 гомдол, санал, 6 нууцын зэрэглэлтэй албан бичгийн эрх зүйн зохицуулалтыг судалж, дүгнэлтийг гарган, хууль зүйн зөвлөгөө өгсөн ба цагдаагийн байгууллагаас бусад байгууллагатай хамтран ажиллах гэрээ 19, ажил гүйцэтгүүлэх болон бусад гэрээ, гадаад, дотоодын байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрийн 28 төслийг хянаж, холбогдох алба, нэгжид хүргүүлсэн.

Цагдаагийн алба хаагч, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдуулан гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, хохирсон нийт 20 алба хаагчид эрх зүйн туслалцаа үзүүлж, 1 алба хаагчийн өмгөөлөгчийн зардлыг байгууллагаас олгохоор шийдвэрлэлээ.

Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой 39 эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн чиглэлээр: Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас энэ оны эхний 9 сарын байдлаар 1159 сахилгын зөрчилд 1190  алба хаагч холбогдон шалгагдсанаас 796 буюу 66.9 хувийг офицер, 384 буюу 32.3 хувийг ахлагч, 10 буюу 1.0 хувийг энгийн ажилтан эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт бүртгэгдсэн сахилгын зөрчил 279 нэгж буюу 31.7, холбогдсон алба хаагч 310 нэгж буюу 35.2 хувь /офицер 92 нэгжээр буюу 20.5 хувь, энгийн ажилтан 6 нэгжээр буюу 3.0 дахин тус тус өсч, ахлагч 15 нэгжээр буюу 6.7 хувиар буурсан/-иар тус тус өссөн сөрөг үзүүлэлттэй байна.

Үүнээс ажлын хариуцлага алдсан 258 буюу 22.3, ажил тасалсан 109 буюу 9.4, архидан согтуурсан 198 буюу 17.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн 88 буюу 7.6, үүрэг даалгавар үл биелүүлсэн 83 буюу 7.2, төсвийн хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн, зориулалтын бусаар зарцуулсан 7 буюу 0.6, хахууль, шан харамж авсан, өгсөн, бусдад давуу байдал бий болгосон, бусдын үйл ажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар нөлөөлсөн 15 буюу 1.3, цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм зөрчсөн 146 буюу 12.6, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн 108 буюу 9.3, цэргийн сахилгын дүрэм зөрчсөн 4 буюу 0.3, дотоодын цэргийн ёс зүйн дүрэм зөрчсөн 6 буюу 0.5, бусад зөрчил 137 буюу 11.8 хувийг тус тус эзэлж байна.

Нийт сахилгын зөрчлийн 85.3 хувийг дотоодын хяналтаар, 14.7 хувийг гадны хяналтаар илрүүлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах,  удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийт бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох, албаны нэр хүндийг иргэд, олон нийтийн дунд дээшлүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний хооронд “Зөв хэвшил, хандлага” аяныг зохион байгуулж, үр дүнг тооцоход алба хаагчдын архидан согтуурсан зөрчил 68 нэгжид 25.0-100.0 хүртэл хувиар буурсан эерэг үзүүлэлттэй дүгнэгдсэн тул үргэлжлүүлэн II үе шатыг энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 90 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн, ажиллаж байна.

Иргэд, байгууллагаас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар: Иргэд, байгууллагаас алба хаагч, ажилтны үйл ажиллагаатай холбоотой 1083 өргөдөл, гомдол ирүүлсний дагуу 1367 алба хаагчийг холбогдуулан шалгасныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өргөдөл, гомдол 163 буюу 13.0 хувиар буурч, харин холбогдсон алба хаагч 483 буюу 35.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шийдвэрлэсэн байдлаар нь авч үзвэл, 59 буюу 5.9 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, 399 буюу 39.9 хувьд нь сахилгын шийтгэл оногдуулж, 535 буюу 53.6 хувь нь цагдаагийн алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, 20 буюу 2.0 хувь нь нотлогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хааж, 85 буюу 7.8 хувьд нь шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар: Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн удирдах албан тушаалтанд энэ оны эхний 9 сарын байдлаар  иргэд, байгууллагаас 10778 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1121 нэгжээр буюу 11.6 хувиар өсчээ.

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 150 буюу 1.4 хувь нь санал хүсэлт, 10460 буюу 97.0 хувь нь өргөдөл, 168 буюу 1.6 хувь нь гомдол байна.

Санал, өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл: 823 буюу 8.0 хувь нь ажилд орох, суралцахыг хүссэн, 144 буюу 1.0 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 1075 буюу 10.0 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 2293 буюу 21.0 хувь нь захиргааны чөлөө хүссэн, 418 буюу 4.0 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн, 6025 буюу 56.0 хувь нь бусад өргөдөл, гомдол байгаа ба нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 10598 буюу 98.3 хувийг шийдвэрлэж, 180 буюу 1.7 хувь нь ажиллагаанд байна.

Иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 89 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсний 38 буюу 42.7 хувь нь санал хүсэлт, 42 буюу 47.1 хувь нь гомдол, 1 буюу 1.1 хувь нь өргөдөл, 6 буюу 6.7 хувь нь талархал, 2 буюу 2.4 хувь нь шүүмжлэл байна.

Хоёр. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон

нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хэрэгжилтийн талаар

2.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Энэ оны эхний 9 сарын байдлаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ 1440, олон нийтийн ухуулга, нөлөөллийн 7 аяныг зохион байгуулж, үр дүнг тухай бүр тооцон ажилласан.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг хором”, хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Та сэргийлж чадна”, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Зөв тусгал” ухуулга нөлөөллийн хөдөлгөөнийг, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Залилан”, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл”, “Яараад яахав дээ”, нийслэл хот болон төвлөрсөн суурин газруудад хөдөлгөөний ачаалал ихэсч байгаатай холбогдуулан жолооч нарын хандлага, ухамсар, хариуцлагыг дээшлүүлэх, зам тээврийн, осол хэргийг бууруулах, хор уршгийг иргэдэд ойлгуулах зорилгоор “Дураараа биш ээ Дүрмээрээ” нэгдсэн арга хэмжээг тус тус зохион байгуулж, үр дүнг тооцон ажилласан.

 Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд төр, захиргааны байгууллагын дэмжлэгийг авах зорилгоор холбогдох байгууллагуудад санал, хүсэлт хүргүүлснээр Монгол Улсын Засгийн газар болон яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-ийн 28 тогтоол, Засаг даргын 65 захирамж, 36 тушаал,  16 хөтөлбөр,  6 журам, бусад 21 шийдвэрийг тус тус гаргуулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Тухайлбал, Булган аймагт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх”, Баян-Өлгий аймагт “Эрүүл зан үйлийг дэмжсэн архидалтгүй Баян-Өлгий”, “Соёлтой жолооч”, Баянхонгор аймагт “Амар амгалан”, Говь-Алтай аймагт “Архигүй Алтайчууд”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг”, Сэлэнгэ аймагт “Хөршийн хяналт-Айл хүний амь нэг”, Ховд аймагт “Тайван амгалан-Ховдчууд”, Завхан аймагт “Амар амгалан Завханы төлөө”, Дундговь аймагт “Архидалтгүй Дундговь”, Орхон аймагт “Хулгайгүй Эрдэнэт” зэрэг нийт 16 хөтөлбөр, дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 

Түүнчлэн “Эерэг харилцаа”, “Хандлагаа өөрчилье”, “Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг”, “Цахим орчны зүй бус хэрэглээ, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх”, “Архи, тамхины хор нөлөө”, “Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо”, “Хандлага, харилцаа”, “Та Зөв тусгал нь байгаарай”, “Холын замд Яараад яахав дээ”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр дүн, анхаарах асуудал”, “Өсвөр насны хүүхэд залуусыг зөв төлөвшилд уриалж байна“ зэрэг 26 сэдвийн хүрээнд 25 их, дээд, ерөнхий  боловсролын 119 сургууль, 764 аж, ахуйн нэгж, байгууллагын нийт 83.044 сурагч, оюутан, эцэг эхийн төлөөлөл, ажилчдад 201 удаагийн сургалт, 19 зөвлөгөөн, 8 хэлэлцүүлэг, 32 өдөрлөг зохион байгуулж, “Гүүд Нейборс” олон улсын байгууллагатай хамтран “Хүүхдийн төлөө сайн зүйл хийе” постерын эхийг бэлтгэн, нийтийн тээврийн 160, “Дураараа бишээ Дүрмээрээ” постерын эхийг бэлтгэн, нийтийн тээврийн 300 том оврын автобусанд тус тус байршуулж, иргэд, олон нийтэд хүргэсэн.

2.2.Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлээр: Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд 21624 хүн, мал амьтан, эд зүйлийн мэдээллийг бүртгэж, эрэн сурвалжилснаас 13981 буюу 64.6 хувийг олж тогтоон, эрэн сурвалжлалтыг зогсоож, сангийн гүйцэтгэл 64.6 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.7 хувиар өссөн, эрэн сурвалжлагдаж байгаа хүн, мал амьтан, эд зүйл 5934 нэгжээр буюу 21.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Яллагдагчаар татах этгээд нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 45 хоногийн хугацаатай зохион явуулж байна.

 Тус албаны түүхт 85 жилийн ойг угтаж байгууллагын түүхэн уламжлал, үйл ажиллагааг сурталчлах, бүтээлч ажил өрнүүлэх, хамт олны сахилга ёс зүй, ажлын идэвх санаачилгыг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээг цагдаагийн байгууллагын цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд сурталчлан ажилласан.

2.3.Мөрдөн байцаах албаны чиглэлээр: Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 612.9 тэрбум төгрөгийн хохирол учирсны хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд 161.6 тэрбум төгрөг буюу нийт хохирлын 26.3 хувийг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн прокурорын газартай хамтран “Тодорхой төрлийн гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг энэ оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, 54 алба хаагчийг хамруулан, зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг харьяа нэгжүүдэд хүргүүлж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Тус албанаас 73 жилийн ойн өдрийг тохиолдуулан алба хаагчдын албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч-2019”, “Мөрдөгчийн өдөрлөг” зэрэг уралдаан, тэмцээнийг зохион байгуулсан.

2.4.Хэрэг бүртгэх албаны чиглэлээр: Улсын хэмжээнд бүртгэгдсэн 26314 гэмт хэргээс Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6323 бүртгэгдсэн нь нийт хэргийн 23.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 929 нэгжээр буюу 12.8 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 67.1 байгаа нь өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас 6464 иргэн хүнд, хөнгөн бэртэж, иргэд, байгууллагад 5.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3.8 тэрбум төгрөг буюу нийт хохирлын 71.8 хувийг нөхөн төлүүлж, 619.6 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн, хохирогчдын эрх ашгийг хамгаалан ажилласан.

Тус албанаас Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хэргийн тоог бууруулах, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тодорхойлж, хэрэгжүүлэх үүрэг бүхий орон тооны бус “Мэргэжлийн зөвлөл”-ийг Хэрэг бүртгэх албаны даргын 2019 оны А/01 дүгээр тушаалаар, харьяаллын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, түүний шийдвэрлэлт,  алба хаагчдын ажлын ачаалал болон бусад холбогдох дүн шинжилгээ, судалгаа хийж, цаашид хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох үүрэг бүхий орон тооны бус “Судалгааны баг”-ийг энэ оны А/16 дугаар тушаалаар тус тус байгуулан ажиллуулж, үр дүнг тухай бүр тооцон ажиллаж байна.  

Энэ оны эхний 9 сарын байдлаар орон тооны бус “Мэргэжлийн зөвлөл”, “Судалгааны баг”-аас гаргасан “Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн статистик судалгаа, дүн шинжилгээнд түшиглэн дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, үйлдэгдсэн гэмт хэргийг шуурхай илрүүлж, шийдвэрлэх зорилгоор улсын хэмжээнд “Сан”, “Нэг хором”, “Шийдвэрлэлтийг эрчимжүүлье-2019”, “Аюулгүй ажлын байр” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион явуулсан нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар буурч, илрүүлэлт ахихад нөлөөлсөн гэж дүгнэж байна.

2.5.Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр: Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгч иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 78316 хүнийг албадан эрүүлжүүлж, 579 хүнийг архины албадан эмчилгээнд, 649 хүнийг сайн дурын эмчилгээнд хамруулж, тэдэнд архидан согтуурах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа, таниулга хийсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудаас захиргааны хяналт тогтоолгохоор ирүүлсэн хорихоос суллагдсан 106 хүний материалыг хүлээн авч, /өнгөрсөн оны 298/ нийт 404 хүнд захиргааны хяналт тогтоон ажиллаж байна.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Олон улсын “Торгоны зам” авто ралли уралдаан болон төв, орон нутагт зохион байгуулагдсан улс, бүсийн даншиг наадам, хурдан морины уралдааны 58, урлаг, спортын арга хэмжээний 423, төрийн тусгай хамгаалалт болон гадаадын зочин төлөөлөгчдийн айлчлалын үеийн 699, бусад төрлийн 1095, нийт 1380 удаагийн нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтад давхардсан тоогоор 33287 алба хаагч, 4103 автомашин, 24727 тусгай хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангасан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаан, Ашигт малтмал газрын тосны газрын даргын мөн оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 416-426 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/189 дүгээр тушаалаар тухайн газарт Цагдаагийн түр хүрээ байгуулан хэв журам сахиулсан.

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрүүгийн 36387, иргэний 56089, захиргааны хэргийн 10916, нийт 93572 шүүх хуралдаанд дэг журам сахиулж, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хэрэгжүүлэн, 1767 хүнийг албадан ирүүлж, цагдан хорих байрнаас шүүхийн байранд 10305 яллагдагчийг, шүүхийн байрнаас цагдан хорих байранд 9123 шүүгдэгчийг хуяглан хүргэх ажиллагааг зохион байгуулсан.

Цагдаагийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан хорио цээрийн дэглэмийг сахиулан хяналт тавих ажлыг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар ханган, мал, амьтны гоц халдварт Африкийн гахайн мялзан, шүлхий, галзуу, боом, хорт салст, цусан халдвар, тарваган тахал өвчний хорио цээр, голомтын бүсийн 20 аймгийн 56 сум, нийслэлийн 2 дүүргийн нийт 217 цэгт давхардсан тоогоор 2193 алба хаагч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх шалган нэвтрүүлэх цэгүүдийг ажиллуулж, 1854.4 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 54 тээврийн хэрэгслийг илрүүлэн, “Таван толгой түлш” ХХК-ий сайжруулсан түлшний 62887.2 тонн түүхий эд /мидлинг/-ийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд хяналт тавьж ажилласан.

“Хотын түлш” ХХК MNS 5679:2019 стандартын шаардлага хангахгүй сайжруулсан түлш үйлдвэрлэсэн үйлдэл, дулаан үйлдвэрлэх зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 6 аж ахуйн нэгжийг тогтоож, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлэн, 2 аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, 5 аж ахуйн нэгжид 13.0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан.

Галт зэвсгийн тухай хууль болон холбогдох журмуудын хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, алдагдсан, эрэн сурвалжлагдаж байгаа галт зэвсгийн нэгдсэн бүртгэлийг шинэчилж, бүртгэлгүй, нуугдмал галт зэвсгийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус худалдааг таслан зогсоох, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

2.6.Тээврийн цагдаагийн албаны чиглэлээр: Энэ оны эхний 9 сарын байдлаар иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 53753 дуудлага, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 18131 нь зам тээврийн осол, хэргийн, 356 нь төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, 39 нь нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дуудлага, мэдээлэл байна.

Дээрх дуудлага, мэдээллээс хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1077, зөрчлийн шинжтэй осол 16989, төмөр замын аюултай бүс, зурвас газар болон төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 54, нисэх онгоцны буудлын аюултай бүс, зурвас газар болон харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн нутаг дэвсгэрт 11 гэмт хэрэг  тус тус бүртгэгдэж, гэмт хэрэг, ослын улмаас 268 хүн нас барж, 841 хүн гэмтэж, иргэд, байгууллагад 4.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага, мэдээлэл 2241 нэгжээр буюу 4.0 хувиар буурч, гэмт хэрэг 80 нэгжээр буюу 8.0, гэмтсэн хүн 145 нэгжээр буюу 20.8, нас барсан хүн 23 нэгжээр буюу 9.4, иргэд, байгууллагад учирсан хохирол 6.7 сая төгрөгөөр буюу 49.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 25289, замын хөдөлгөөнд оролцох шаардлага хангаагүй журамлагдсан 15503 зөрчил илрүүлж, ASAP сангаас эрэн сурвалжлагдаж байгаа 1027 хүн, эд зүйлийг олж тогтоон, холбогдох албадад харьяаллын дагуу шилжүүлсэн.

Нийслэл хотын гудамж замд байрлах замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр нийт 411603 зөрчил илрүүлснээс хурд хэтрүүлсэн 13496, гэрлэн дохио зөрчсөн 781, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчсон 336027, түр зогсох журам зөрчсөн 33439, үзлэг оношилгоонд ороогүй 178 зөрчлийг тус тус баталгаажуулан, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүргүүлсэн.

Тус албанаас энэ оны эхний 9 сарын байдлаар “Шинэ жил”, “Сар шинэ-2019”, “Илрүүлэлт-Оргодол”, “Улсын дугаар”, “Тусгай дуут болон гэрлэн дохио”, “Хурд”, “Автомашин-2019”, “Ачааны автомашин”, “Нэг хором”, “Мотоцикл” зэрэг нэгдсэн 14, хэсэгчилсэн 16 арга хэмжээ, өдөрлөг 4, сургалт, зөвлөгөөн 45 удаа зохион байгуулж, үр дүнг тооцсон.

2.7. Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын чиглэлээр: Цагдаагийн албаны тухай хуульд заасан чиг үүргийн хүрээнд 24 төрлийн 49 программ, хангамжийг үйл ажиллагаандаа ашиглаж, нийт 2.2 сая мэдээллийг бүртгэсэн.

Статистик, мэдээллийн талаар: Нийт 173298 гомдол, мэдээлэл бүртгэгдэн шалгагдсанаас гэмт хэргийн шинжтэй 52732 /30.4 хувь/, зөрчлийн шинжтэй 117885 /68.0 хувь/, ажиллагаанд байгаа 2681 /1.6 хувь/, гомдол, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллээс 29086 буюу 55.2 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23263 буюу 44.1 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 383 буюу 0.7 хувийг нь харьяаллын дагуу шилжүүлсэн.

Улсын хэмжээнд нийт 26314, нийслэлд 17564  буюу 66.7, орон нутагт 8692 буюу 33.1, бусад газар /хилийн чанадад/-т  58 буюу 0.2 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх  оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг 2236 нэгж буюу 7.8, нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 2961 нэгж буюу 14.4 хувиар тус тус буурч, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 708 нэгж буюу 8.9, бусад газар /хилийн чанадад/-т 17 нэгж буюу 41.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 35.4, нийслэлд 29.9, орон нутагт 47.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс улсын хэмжээнд 6.4, нийслэлд 7.2, орон нутагт 0.5 нэгжээр тус тус өсчээ.

Гэмт хэргийн улмаас 75 хуулийн этгээд, 25555 иргэн хохирсноос 823 хүн нас барж, 6615 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүн 95 буюу 13.0 хувиар өсч,  гэмтсэн хүн 141 буюу 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд 225178.1 сая төгрөгийн хохирол учирснаас 32326.3 сая төгрөг буюу 14.4 хувийг нөхөн төлүүлж, 5007.8  сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн.

Захиргааны зөрчлийн талаар: Нийт 1.517.506 захиргааны зөрчил бүртгэгдэн, 1.511.000 зөрчлийг шалган шийдвэрлэснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 314.155 буюу 26.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 1.087.000 буюу 71.9 хувь нь нийслэлд, 423.997 буюу 28.1 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

Зөрчил гаргасан 1.479.806 иргэн, 582 хуулийн этгээдийг 43.3 тэрбум төгрөгөөр торгож, 10263 хүнийг баривчлан, 20349 хүнийг торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг оногдуулсан байна.

Нийт бүртгэгдсэн зөрчлийн 1.499.942 буюу 99.3 хувьд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, 11058 буюу 0.7 хувьд шүүгч  шийтгэл оногдуулсан байна.

Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 78316 хүн эрүүлжүүлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16908 буюу 27.5  хувиар өсчээ.

2.8.Хар тамхитай тэмцэх чиглэлээр: Энэ оны эхний 9 сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 177 гэмт хэрэгт 337 хүн холбогдон шалгагдсаныг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 52.7, холбогдогч 30.6 хувиар тус тус өссөн байна. Хүйсийн байдлаар нь авч үзвэл, нийт гэмт хэрэгт холбогдсон хүний 289 буюу 86.0 хувь нь эрэгтэй, 29 буюу 9.0 хувь нь эмэгтэй байгаагаас насанд хүрээгүй эрэгтэй 13, эмэгтэй 4 байна.

Гадаад улсаас олон улсын шуудан, илгээмж ашиглан хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн 17 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Каннабис 80.648, Гашиш 5771.2, Мөс 895.1 Мими 4.0 грамм, Эксиази 116, Мансууруулах сэтгэцэд нөлөөт эм 642, LSD 17 ширхгийг тус тус хураан авсан.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Гаалийн ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн прокурор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 80.7 сая төгрөгийн санхүүжилтээр Хар тамхитай тэмцэх газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг сурталчлах, ухуулга, нөлөөллийн сургалт зохион байгуулах “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлсэн.

2.9.Бүртгэл хяналтын чиглэлээр: Бүртгэл, хяналтын төвийн үйлчилгээний танхимаар 163287, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний /Дүнжингарав/ төвөөр 32747, Монгол шуудан ХК-иар дамжуулан 35884 иргэнд үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Иргэдэд үйлчлэх танхимаар үйлчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн болон цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг TPS санд шалган 2233 иргэний 442.717.800 төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 7 этгээдийг илрүүлсэн.

Зөвшөөрөл, хяналтын чиглэлээр: Монгол Улсын иргэн галт зэвсэг худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 453, гадаад орноос улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх хүсэлт гаргасан 58, гадаад улсаас галт зэвсэг худалдан авах хүсэлт гаргасан 65, спорт, буудлагын холбоод уралдаан тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсгийг улсын хилээр гаргах, оруулах зөвшөөрөл хүссэн 270 хүсэлтийг тус тус хүлээн авч, зохих зөвшөөрлийг олгосон.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11, 12, 15 дугаар зүйлд заасны дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах санал авахаар хандсан 110 аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч хянан, шаардлага хангасан 59 аж ахуйн нэгжийн дэмжих саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлж, шаардлага хангахгүй 24 аж ахуйн нэгжийн хүсэлтийг татгалзсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/292 дугаар тушаал /тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам/-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 336 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хянан, 241 байгууллага, албан тушаалтны 895 тээврийн хэрэгсэлд 0.6-1 жил хүртэлх хугацаагаар зөвшөөрөл (улаан 302, хөх 23, хөх-улаан 24, ногоон 204, Шар 342) олгосон.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлжүүлэх зорилгоор гэрээт харуул, хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн сангийн SAS /security agency services/ програм хангамжийг нэвтрүүлж, гэрээт харуул, хамгаалалтын 349 аж ахуйн нэгж, байгууллага /нийслэлд  315, орон нутагт 34/-ын мэдээллийг санд бүртгэн, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна.

2.10 Хэвлэл, мэдээллийн чиглэлээр: Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээллийг түгээх ажлын хүрээнд МҮОНРТелевиз, ETV, Эх орон, Боловсрол, ОТV, TB-4, TV5 телевизээр бэлтгэн хүргэдэг “Амрыг эрье”, “Цагдаагийн мэдээлэл” нэвтрүүлгийн 51 дугаарыг 358 удаа иргэд, олон нийтэд хүргэсэн.

Хэвлэл, мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас /policemng/-т 567 мэдээ, мэдээлэл нийтэлсэн нь давхардсан тоогоор 2523855 хүнд хүрснээс 120042 хүнд таалагдаж, 5359 хүн хуваалцаж, 696 хүн сэтгэгдэл бичсэн байна. Фэйсбүүк хуудас 90.868 дагагчтай байгаагаас өдөрт дунджаар 90.547 хүн хандаж, мэдээ мэдээлэл авч байна.

Цаг үеийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 18 удаа хэвлэлийн хурал зохион байгуулж, давхардсан тоогоор 384 хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан ба долоо хоног бүрийн Мягмар гарагт “Сэрэмжлүүлэг” буланг хөтөлж, тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 26 удаагийн зөвлөгөө, зөвлөмж, мэдээ мэдээллийг шууд эфирээр иргэд, олон нийтэд хүргэсэн.

Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны www.police.gov.mn цахим хуудсанд  цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 368 мэдээ, мэдээллийг холбогдох гэрэл зургийн хамт нийтэлсэн нь 3.321.454 хэрэглэгчид хүрсэн.

Гурав. Санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний ажлын талаар

Цагдаа, дотоодын цэргийн 61 анги, байгууллагын 2019 оны төсвийн урсгал санхүүжилтийн зардалд 200.3, хөрөнгө оруулалтын зардалд 23.2, нийт 223.5 тэрбум төгрөгийг баталсан ба үүний 131.6 тэрбум буюу 58.9 хувь нь цалингийн, 22.3 тэрбум буюу 10.4 хувь нь хөрөнгө оруулалтын, 68.7 тэрбум буюу 30.7 хувь нь урсгал зардал байна.

Шилэн дансны тухай, Мэдээллийн ил тод байдлын тухай, Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шилэн дансны нэгдсэн портал системийн цахим хуудас http://www.shilendans.gov.mn болон Цагдаагийн ерөнхий газрын www.police.gov.mn цахим хуудсанд Санхүү, аж ахуйн алба, Цагдаагийн гэрээт хамгаалалтын албаны 2019 оны эхний хагас жилийн төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, бусад санхүүгийн мэдээлэл, аудитаар баталгаажсан санхүүгийн болон аудитын тайлан, аудитаар өгөгдсөн зөвлөмж, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх нийт 5138 мэдээ, мэдээлэл тавигдахаас 4865 мэдээ, мэдээллийг тухай бүр тогтоосон хугацаанд байршуулж, олон нийтэд ил тод мэдээлсэн.

Цагдаа, дотоодын цэргийн 62 анги, байгууллагын 11200 алба хаагчид 31 нэр төрлийн 42123 ширхэг дүрэмт хувцасны нэгдсэн, 62 анги, байгууллагын 3302 алба хаагчид 57 нэр төрлийн 16823 ширхэг дүрэмт хувцасны баримтлан хангалтыг тус тус хийж, 29 анги, байгууллагын 58 алба хаагчид 6 нэр төрлийн 125 ширхэг дүрэмт хувцасны захиалгын хуудас олгосон.

Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчдын дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг судалж, Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/180 дугаар тушаалаар байгуулсан.

Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг 2621 алба хаагчаас дүрэмт хувцасны эдэлгээний хугацаанд өөрчлөлт оруулахаар авсан санал асуулгын дүн, Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцасны хангалт, хүрэлцээ, эдэлгээний хугацаанд хийсэн “Дотоод аудитын тайлан”-ийн зөвлөмжид үндэслэн албаны чиг үүрэг, ажлын байрны онцлог, байгаль орчин, цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан эдэлгээний хугацааг богиносгох шаардлагатай  4 нэр төрлийн дүрэмт хувцасны холбогдох зардлын тооцоо, судалгааг хийж, Засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын төсөл, танилцуулгыг энэ оны 01/639 дүгээр албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газар, ХААН банктай 2018-2019 онд хамтран ажиллах гэрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагч, ажилтны цалингийн болон орон сууцны зээлийн сарын хүүг 0.1 хувиар бууруулж, цалингийн зээл 1.2-1.5, орон сууцны зээл 1.1-1.3 хувь байхаар тусгаж, гэрээний дагуу “Цагдаа-Амгалан хотхон” 675 айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 180 айлын орон сууцанд хамрагдсан алба хаагчдыг жилийн 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулсан.

Мөн тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 250 айлын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоны А блокийн 64 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, Б блокийн 120 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Замын хөдөлгөөний хяналтын 14 аймагт баригдах байнгын 16 постын барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/22 дугаар тушаалаар томилж, сонгон шалгаруулах ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар явуулж, 12 аймгийн 14 сумын замын хөдөлгөөний хяналтын постын барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулан, гэрээ байгуулж, 9 аймгийн 10 постыг ашиглалтад оруулж, 6 аймгийн 6 постын барилгын ажил 70-90.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Дөрөв. Дотоодын цэргийн штабын үйл ажиллагааны талаар

Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, хамгаалалтад байгаа улсын онц чухал объектуудын харуул хамгаалалтыг батлагдсан орон тоо, хүч хэрэгслээр стандартын дагуу зохион байгуулж, давхардсан тоогоор 773.041 ажилчин, 192.327 гадны, 12.772 гадаадын иргэн, 182.152 тээврийн хэрэгслийг тус тус шалган нэвтрүүлж, 428.425 хөдөлгөөнийг бүртгэн хяналт тавьж ажилласан.  

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, “Биокомбинат” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн лабораториудад тус тус хадгалагдаж байгаа өсгөвөр, ийлдэсийн хамгаалалт хэвийн явагдаж байна.

Дотоодын цэргийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн холбогдох заалтын дагуу 11660.8 тонн тэсэрч дэлбэрэх бодис, 6.1 сая метр, 6.5 сая ширхэг тэсэлгээний хэрэгслийг давхардсан тоогоор 63 дүүрэг, 330 аймаг, 579 сумын нутаг дэвсгэрт хүргэх 766 удаагийн тээвэрлэлтийн хамгаалалтыг 794 алба хаагч нутаг, дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэстэй хамтран гүйцэтгэж, аюулгүй байдлыг нь ханган, хяналт тавьж,  хамгаалалтын төлбөр болох 172.5 сая төгрөгийг Цагдаагийн ерөнхий газрын гэрээтийн данс /Төв төрийн сан 900012048/-нд төвлөрүүлсэн.

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран энэ оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт зохион байгуулсан “Олон улсын хилийн боомтод хүн, тээврийн хэрэгсэл барьцаалсан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үеийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын  хамтын ажиллагаа” сэдэвт “Хаан шонхор-2019” команд штабын хээрийн сургуульд Дотоодын цэргийн штаб, 05, 805 дугаар анги, 809 дүгээр тусгай салбараас томилогдсон хүч хэрэгслийн бэлтгэлийг хангуулж, амжилттай оролцсон.

Дотоодын цэргийн командлагчийн 2019 оны А/10 дугаар тушаалаар Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Салхит” уурхайн түр хамгаалалтыг зогсоож, мөн даргын А/16 дугаар тушаалаар уурхайн эд хөрөнгийг холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх ажлын хэсгийг байгуулан, хүлээлцэх ажлыг энэ оны 08 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулсан.

Тав. Дүгнэлт

- Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 оны гуравдугаар улиралд хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг, 2019 онд дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаа.

- Улсын хэмжээнд 26314 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх  оны мөн үетэй харьцуулахад нийт хэрэг 2236 буюу 7.8, нийслэлд 2961 буюу 14.4 хувиар тус тус буурч, гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 35.4 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа боловч орон нутаг, хилийн чанадад үйлдэгдсэн гэмт хэрэг 8.9-41.5, гэмт хэргийн улмаас  нас барсан хүн 13.0 хувиар өсчээ.

- Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас энэ оны эхний 9 сарын байдлаар 1159 сахилгын зөрчилд 1190  алба хаагч холбогдон шалгагдаж, сахилгын зөрчил 279 нэгж буюу 31.7, холбогдсон алба хаагч 310 нэгж буюу 35.2 хувиар тус тус өссөн сөрөг үзүүлэлттэй байна.

- Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах,  удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийт бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох, албаны нэр хүндийг иргэд, олон нийтийн дунд дээшлүүлэх зорилгоор энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацаатай “Зөв хэвшил, хандлага” аяныг зохион байгуулсны үр дүнд алба хаагчдаас архидан согтуурсан зөрчил 68 нэгжид 25-100 хувь хүртэл буурсан эерэг үзүүлэлт гарсан.

- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ухуулга нөлөөллийн “Яараад яахав дээ” аяныг 21 хоногийн хугацаанд зохион байгуулснаар энэ оны 06 дугаар сард хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 49 буюу 38.3, гэмтсэн хүн 35 буюу 35.4 хувиар тус тус буурсан.

Зургаа. Цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар

- “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

- Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах замаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх.

- Улсын хэмжээнд бүртгэгдсэн зарим төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээнд өссөн үзүүлэлттэй байгаад дүгнэлт хийж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, илрүүлэлтийг ахиулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулж, үр дүнг тооцох.

- Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас гаргасан сахилгын зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар өссөн байгаад дүгнэлт хийн, алба хаагчдын сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, албаны сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, үр дүнг тооцох.

- Цагдаа,  дотоодын  цэргийн  байгууллагын 2019  оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, биелэлт,  үр  дүнг  тооцох  баримт  бичгүүд /хөтөлбөр,  төлөвлөгөө,  тушаал,  шийдвэр/-ийн гуравдугаар улирлын биелэлтийг тооцож, дөрөвдүгээр улиралд зохион байгуулах ажил, арга хэмжээг төлөвлөн, бүрэн хэрэгжүүлэх.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР