• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Ж.Баясгалан: Хийх ёстой ажлаа сайн хийгээд явбал бүх боломж бий

2018-11-20

Цагдаагийн ерөнхий газрын алба ёсны цахим хуудсаараа “Цагдаа эмхэтгэл”-ийнхээ 2018 оны 3 дугаар улирлын “Дугаарын зочин” Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалангийн ярилцлагыг хүргэж байна.

 

Яриагаа эхлэхээс өмнө мөр зэрэгцэн хамтран ажиллаж байгаа нийт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн Хүний нөөцийн чиглэлээр алба хаагчдад хийсэн ажлаа танилцуулж, мэдээлэл хүргэх боломж олгосон танай төвийн хамт олон болон Танд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Алба хаагчид цагдаагийн цолны асуудлыг хамгийн түрүүнд сонирхох байх. Тэгэхээр цагдаагийн цол олгож байгаа талаар яриагаа эхлэх үү?

Цагдаагийн албаны тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх, журам”-д заасны дагуу хугацаанд нь алба хаагчдад хугацааны цолыг  өмнөх цолыг авсан сар өдрөөр нь тооцож олгож байгаа.

Журамд зааснаар үндсэн байгууллага нь алба хаагчийнхаа ажлын үр дүн, сахилга ёс зүйн байдлыг тодорхойлж 30 хоногийн өмнө цол олгуулах санал материалыг ирүүлэх ёстой. “Цол” бол алба хаагчдын эрхэмлэх зүйлийн нэг бөгөөд ажилтны ажлын бүтээмж, үр дүнд шууд нөлөөлдөг, урам зоригийг нэмэгдүүлж, баяр, баясал итгэл үнэмшил авчирдаг чухал хөшүүрэг  учир манай хэлтсийн зүгээс алба хаагчдад цол олгох асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхийг хичээн ажиллаж байна. 2018 оны эхний 10 сарын байдлаар нийт 2000 гаруй алба хаагчийн цолны асуудлыг судалж шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагад энэ жилийн хувьд 2014 онд албан тушаалын цол олгосонтой холбоотойгоор хугацааны цагдаагийн ахмад, хошууч цол олгох асуудалд эргэлзээтэй байдал үүсч буйг танилцуулснаар аль болох алба хаагчдад ашигтай байдлаар шийдвэрлэхээр болж, хугацааны цагдаагийн хошууч 418, цагдаагийн ахмад 462 нийтдээ 880 алба хаагч нарт цол олгох ажлыг зохион байгуулав. Жишээ авч тайлбарлая. “Г” гэх алба хаагч 2013 онд цагдаагийн офицерын бүрэлдэхүүнд орж “цагдаагийн дэслэгч” цол олгогдсон. 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу албан тушаалын “цагдаагийн ахмад” цол олгогдож, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр буцаан “цагдаагийн ахлах дэслэгч” цолыг олгожээ. Энэ тохиолдолд бид 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр авсан цагдаагийн ахмад цол олгосон хугацааг ахлах дэслэгч цол хэрэглэснээр тооцож, дараагийн цолыг олгуулан шийдвэрлэсэн. Харин сахилгын шийтгэлтэй, ажлын үр дүн хангалтгүй, хугацаа болоогүй бол цол олгох боломжгүй. Цаашид алба хаагчдын цолны хугацаа болсон тохиолдолд  хүний нөөцийн цахим сангаас мэдээллийг харж, цол олгох бэлтгэл ажлыг хангах техникийн боломжийг судалж байгаа. Хугацааны өмнө болон зэрэг дэв дээгүүр цол олгох нь дээр дурдагдсан Засгийн газрын тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх, журам”-д тодорхой заасан учраас алба хаагчид зохицуулалтыг мэдэж байгаа байхаа.

Цагдаагийн алба хаагч нарын ажиллаж байсан, ажиллаж байгаа албан тушаал /ажлын байр/-аас шалтгаалан тооцогддог нэмэгдэл хоногийг хэрхэн  тооцож олгож байгаа вэ? Ямар алба хаагч нарыг энэ нэмэгдэлд  хамруулж байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажиллаж байгаа алба хаагчдын ажилласан 1 жилийг 1 жил 3  сараар нэмэгдүүлэн тооцож байгаа.

Эргүүл, жижүүр, улсын онц чухал обьектын хамгаалалтад гарч байгаа алба хаагчид өдөр, шөнийг ялгалгүй ээлжинд гарч нойргүй хонодог, замын цагдаагийн алба хаагч нарын хувьд халуунд нь халж, хүйтэнд хөрч утаа, угаартай хортой хүнд нөхцөлд ажилладаг гэдэг утгаараа эдгээр албан тушаалд ажилласан алба хаагчдыг тусгайлан авч үзэж зохицуулалтыг хийж өгсөн гэж ойлгож байгаа.

Нийгэм, эдийн засгийн өсөлт, хөгжилттэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаал /ажлын байр/-ын нэршил өөрчлөгдөж байсантай холбоотойгоор Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу нэмэгдэл хоног тооцогдох шаардлагатай ажлын байр /албан тушаал/-ны жагсаалт, түүнд хамаарах зарим албан тушаал /ажлын байр/-ын нэршлийг урд нь хэрэглэж байсан албан тушаалтай дүйцүүлэн гаргаж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлэн хамтран ажиллаж байна.

Яагаад гэвэл нэмэгдэл хоногийг тооцох эдгээр албан тушаал/ ажлын байрны жагсаалтын дагуу нийгмийн даатгалын ажилтнууд үйл ажиллагаандаа ашиглаж манай алба хаагчдын асуудлыг шийдвэрлэж хамтран ажиллаж байгаа учир ойлгомжтой байх үүднээс хамаарах зарим албан тушаал /ажлын байр/-ын нэршлийг урд нь хэрэглэж байсан албан тушаалтай дүйцүүлж өгсөн. Нэмэгдлийг тооцож олгоход гол үндэслэх бичиг баримт нь ажилласан жилийн лавлагаа учир манай архив, хүний нөөцийн ажилтнууд нилээд ачаалал ихтэй, санаачилгатай ажилласан.

Зөвхөн манай хэлтэс л гэхэд  353 ахмад ажилтнууд болон одоо ажиллаж байгаа алба хаагчдын лавлагааг үндэслэн ажилласан жил,  нэмэгдэл хоногийг тооцож олгосон байна.Бүх алба хаагч, ахмадуудын хүсэлтийг манай хэлтэс дангаараа хүлээж авч барагдуулах боломж хомс, орон нутагт байгаа ахмад ажилтнуудыг нааш цааш нь явуулж чирэгдэл үүсгэх, хэт их ажлын ачаалал үүсч болзошгүй байсан тул харьяа нэгжийн хүний нөөц хариуцсан нэгж, алба хаагчдад ажилласан жилийн нэмэгдэл хоногийг тооцож өгөх, шуурхай шийдвэрлэх талаар ажлын чиглэл, зааварчлага хүргүүлэн ажиллаж байна.

Хамгийн сүүлд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг голчлон хэрэгжүүлдэг туслах төлөөлөгч, эргүүл жижүүрийн үйл ажиллагааг биечлэн хариуцдаг, эргэж тойрдог нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны ахлах, тасаг, хэсгийн дарга нарыг оруулж Нийгмийн даатгалын ерөнхий газарт 4 дэх удаагаа хүсэлтээ хүргүүлээд ажиллаж байгаа. Ахмадууд маань бидний ажлыг ойлгон хүлээцтэй хандаж байгаад талархалтай байгаагаа илэрхийлье.  

Цагдаагийн алба хаагч нарт урам зориг өгдөг нэг зүйл бол шагнал. Алба хаагч нараа шагнаж урамшуулах асуудалд танай хэлтсээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

Манай алба хаагчид анзаарсан байх сүүлийн үед аливаа баяр, ёслолыг тохиолдуулан шагналын тодорхойлолтыг авахдаа хэмжээ зааж авахгүй байгааг. Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагаас  алба хаагчдыг шагнахыг аль болох дэмжиж, урамшуулах талаар уян хатан бодлого баримталж байгаа. Яахав манай хэлтсийн болон бусад нэгжийн захиргаа, хүний нөөцийн ажилтнуудад бас ажлын ачаалал үүсгэдэг ч гэсэн алба хаагчдаа шагнуулахад төвөгшөөж дэмждэггүй захиргааны ажилтнууд байхгүй байх. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, санаачилгатай, ажлаа үр дүнтэй гүйцэтгэж, онцгой гавьяа гарган ажиллаж хариуцсан ажилдаа эзэн нь болж байгаа алба хаагч, ажилтнуудыг шагнуулахаар ирүүлсэн саналыг бид хүлээж аваад удирдлагад танилцуулан шуурхай шийдвэрлүүлэхийг л эрмэлзэж байгаа.

Тухайлбал. Манай хэлтэс энэ оны 10 дугаар сарын байдлаар  төрийн одон медалиар 340, Хууль зүй, Дотоод хэргийн яамны шагналаар 231 нийт 571 алба хаагчийг шагнуулахаар тодорхойлолтыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.Зохих журмынх нь дагуу салбарын яамаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт  уламжлуулан  49 алба хаагчийн төрийн одон медалиар,  Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайдын тушаалаар 162 хүн шагнагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 2000 гаруй  алба хаагч шагнагдсан зэрэг нь ажил үүргээ нэр төртэй сайн гүйцэтгэхэд зохих урам өгсөн гэхэд эргэлзэхгүй байна. Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудаас алба хаагчаа шагнуулах санал ихээр ирж байна. Харин шагналын тодорхойлолтыг ирүүлэхдээ зөвхөн ажлын тайлангаа ирүүлж, шагнагдах болзол шаардлагыг нухацтай авч үзэхгүй ирүүлж байна.

Үүнийг бид хүлээн авч, танилцаад төрийн одон медалиар шагнагдахад тавигддаг үндсэн шаардлага,  жишгийн дагуу бичиж, эмхэлж цэгцэлж байж явуулдаг. Тодорхойлолтыг нь үзэхэд шагнуулах үндэслэл болсон ажлын үр дүнг тодорхой бичиж ирүүлэхгүй байгаагаас манай хэлтсийн алба хаагч нарт багагүй ачаалал үүсгэхээс гадна шагнагдахгүй байх магадлалыг бий болгох тохиолдол цөөнгүй гардаг.

Тийм учраас бид ажлын үр дүн, бүтээмж нь юу байв, ямар ажил санаачлаад тэр нь ямар үр дүн өгөв. Бусдаасаа юугаараа илүү, ахицтай ажилласан гэх зэрэг зүйлийг бичиж ирүүлж байхыг анхаармаар байгаа юм. Ялангуяа онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлсэн, онцгой гавьяа байгуулсан алба хаагч нарыг шагнуулахаар материал ирүүлэхдээ мэдээллийг анх хэн хүлээж авсан, хэн гэдэг алба хаагч ямар үүрэг гүйцэтгэсэн, оролцоо нь юу байсан, учирч болзошгүй нийгмийн хор аюул, эрсдэл нь ямар байсан зэрэг үнэлэмжтэйгээр бичиж, журмынхаа дагуу тохирсон шагналыг нь олгуулах саналтай ирүүлэх шаардлагатай байна.

Тодорхой санал, үндэслэлээ бүрэн дурдаагүйгээс бид заавал дахин  тодруулж, удирдлагад танилцуулан, шийдвэрлүүлэх шаардлага гардаг. Мөн шагналын журамд зааснаар цагдаагийн байгууллагад хэдэн жил ажилласан, урд нь ямар шагналаар шагнагдаж байсан, сахилгын шийтгэл эдэлж байсан эсэхийг нягтлан, тулгаж байж шийдвэр гаргуулах ёстой. Тэгээгүйгээс шагнал давхцах, гол үүргэг гүйцэтгэсэн алба хаагчид очих ёстой шагнал нь очихгүй байх вий гэдэгт анхаарал төвлөрүүлж байна. Түүнээс биш бид алба хаагчдаа шагнуулахад татгалзах зүйл байхгүй, бидний хийх л ажил, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагын зүгээс ч гэсэн дэмжиж байгаа.

            Ахлагч бүрэлдэхүүнд ажиллаж байгаа алба хаагч нар офицер бүрэлдэхүүнд ороход ямар шалгуур байдаг вэ?  Энэ ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? 

Цагдаагийн байгууллагын Хүний нөөцийн бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны журам, албан тушаал дэвшүүлэх журамд офицерын албан тушаалд дэвших болзол шаардлагыг тодорхой заасан байгаа.Алба хаагчдын ажлын үр дүнг илтгэх үр дүнгийн гэрээний биелэлт А, В дүгнэгдэж байж, офицер албан тушаалын нөөцөд оруулах саналаа ирүүлэх ёстой.

 Манай хэлтэс саналыг нэгтгээд нягтлан үзэж,  үнэлгээний дүнгээр эрэмбэлэн  жагсаалтыг Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн даргын тогтоолоор нөөцөд орсныг баталгаажуулж, цагдаагийн байгууллагын дотоод сүлжээ /system.police.gov/-нд  байршуулсан байгаа.   Үүнийг үндэслээд сул орон тооны нөхөн хангалтыг алба, нэгжийн саналыг харгалзан томилдог. Энэ тухай тодорхой мэдээлэл болгон нэгжүүдэд хүргэгдсэн.Мөн офицер албан тушаалд томилохдоо цагдаагийн байгууллагад ажилласан жил, төгссөн сургуулийг харгалзан үзэж асуудлыг шийдвэрлэдэг. Тэгэхээр алба хаагчид ажлаа бодитой дүгнүүлэх, журмын дагуу алба хаагчдын ажлын үр дүнг тооцох талаар манай дарга нар хариуцлагатай хандах шаардлагатай байгаа юм.

Нөөцөд ороогүй хүнийг дэвшүүлэх, үнэлгээ нь хангалттай дүгнэгдсэн алба хаагчийн ажлын байр/ албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэл оногдуулах санал ирүүлээд ардаас нь нэхэж ажилд хүндрэл учруулдаг. Бид нэгжийн ажлыг ялангуяа эргүүл, жижүүр гээд ээлжинд ажилладаг алба хаагчдын томилолтын асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэхийг эрмэлзэн ажилладаг боловч журам зөрчигдөхөд хүрч байна.

2018 он гарсаар хэдэн алба хаагчийг офицер орон тоонд томилсон  байна вэ?

Нөөцийн жагсаалтаас 2018 оны эхний 10 дугаар сарын байдлаар 246 ахлагчийг офицер албан тушаалд томилоод байна. Мөн 150 алба хаагчийг ахлах албан тушаалд, 10 алба хаагчийг тасаг, хэсгийн даргаар томилсон.

Алба хаагчдын тогтвортой ажиллах нөхцөл  байдал ямар байна вэ?

Хүний нөөцийн томилгоонд тогтвортой байдал, тухайн байгууллага, алба хаагчийн ажлын эцсийн үр дүнд маш чухал үүрэгтэй гэдгийг би дээр хэлсэн. Алба хаагчид  эзэмшсэн мэргэжил, ажиллах хүсэл сонирхол, гэр бүлийн болон бусад олон асуудлаас болж шилжин ажиллах санал ирүүлдэг. Томилогдсон ажилдаа очоод удаагүй байж шилжинэ, удирдлага нь шилжүүлнэ гээд үндэслэлгүйгээр асуудал тавьдаг. Бид аль болох тогтвортой ажиллуулах хэрэгцээ шаардлагыг харгалзан зарим саналыг буцаадаг. Учир юу вэ гэвэл алба хаагчдын ойр ойрхон хийгдэж буй шилжилт хөдөлгөөний улмаас тухайн байгууллагын эрх ашиг хохирдог.

Оронд нь томилогдсон алба хаагч ажлаа гартаа оруулахад тодорхой хугацаа шаарддаг, заримдаа би шинэ хүн мэдэхгүй байна, учрыг нь олохгүй байна гэх зэргээр тайлбар өгдөг. Мөн ажлын үр дүн нь бодитой тооцогддоггүй, урд нь хийж байсан ажлыг цааш нь үргэлжлүүлэх залгамж чанар тасалддаг, ой санамж гэж зарим хүмүүс ярьдаг даа  тийм сул талууд бий. Жишээлбэл. Хэн нэгэн нь байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар ажил санаачлаад хийж байтал нь шилжээд явчихдаг.

Тэгэхээр тэр ажил нь зогсож, дараагийн хүндээ уламжилдаггүй, орхигдуулдаг. Тэр ажлыг хийхийн тулд судалж зарцуулсан цаг нь талаар болдог. Мэдсэн сонссон, туршиж үзсэн бодож олсон тэр санал, санаачилга нь магадгүй маш чухал үр дүнгээ өгөх ажил байж болно шүү дээ. Гэтэл тэр үнэтэй мэдээлэл буцаад л толгойд нь үлдэж, компьютер дахь мэдээлэл нь устгагдаж байгаа юм. Уул нь ажил хүлээлцэхдээ ажлын хэсэг томилж, архив, бичиг хэргийн ажилтнуудыг оролцуулж, компьютер дахь файл бүрийг тэмдэглэлдээ нэг бүрчлэн тусгаж байх ёстой, үүнийг бас хэрэгжүүлэх талаар бид  анхаарах зайлшгүй шаардлага байгаа.

Манай зарим дарга нар алба хаагч нартай ярилцах, санал бодлыг нь сонсох, хугацаатай үүрэг өгч биелэлтийг нь тооцох, хэрэгжилтэд нь хяналт тавих зэргээр  хүнтэйгээ ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авахгүйгээр шууд л халах,  солих, шилжүүлэх асуудлыг урьтал болгон, тэдний итгэл үнэмшлийг мохоох тохиолдол байна. Хүнтэйгээ ажиллах арга барилд суралцах, гарших, алба хаагчийнхаа итгэл үнэмшил, ур чадвар, зүтгэлийг дэмжиж урам зориг өгсөн, сургасан, сургамжилсан арга барилыг түлхүү ашиглахад дарга нар анхаарах шаардлагатай байгаа юм.

Аливаа удирдлагын шийдвэрийг баталгаажуулахад шат дараалсан механик ажиллагаа,  хянах, нягтлах шаардлага гарч тэр хэмжээгээр тодорхой зардал гардаг. Бид ажлаас төвөгшөөж байгаа юм биш, гэхдээ хүний нөөцийн ажил бол байгууллагын соёл, хөгжил, хамт олны төлөвшил, уур амьсгал, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, таарч тохирсон ажил, албан тушаалд нь томилох, хүний  нөөцийн төлөвлөлтийг хийх, гаднаас мэргэшсэн сайн ажилтнуудын урвуулан авах, бүрдүүлэлтийг хийх, судалж таних гэх зэргээр маш олон зүйлүүдийг хамаардаг. Тэр ажилдаа анхаарч цагаа зарцуулж ажилламаар байна. Эцэст нь алба хаагчиддаа хандаж дахин хэлэхэд хийх ёстой ажлаа л сайн хийгээд явах юм бол цол, шагнал, урамшил, алдар хүнд, албан тушаал дэвших боломж өмнө чинь нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэх нь зүйд нийцнэ.

Баярлалаа.

Ярилцсан цагдаагийн ахмад Б.Төгсжаргал