• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ДАВААЗУЛ: ТУСГАЙ ДУУТ ГЭРЭЛ, ДОХИО ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАСАН 66 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

2017-11-08
ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ДАВААЗУЛ: ТУСГАЙ ДУУТ ГЭРЭЛ, ДОХИО ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАСАН 66 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

Эх сурвалж: www.newspress.mn Сэтгүүлч Г.Улсболд

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ДАВУУЗУЛ: ТУСГАЙ ДУУТ ГЭРЭЛ, ДОХИО ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАСАН 66 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

Бид шалгалтын үеэр Замын цагдаагийн албаны дарга, хурандаа Б.Даваазулаас цөөн зүйл тодруулав.

-Тусгай дуут гэрэл, дохио ашиглах эрхгүй мөртлөө тээврийн хэрэгслээ тоноглосон иргэд, албан тушаалтнууд байгаа талаар шүүмжлэл бий. Засгийн газрын хуралдаан дээр ч энэ асуудал яригдсан. Шалгалт явуулж үзэхэд дүр зураг ямар байна вэ?


-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр Цагдаагийн ерөнхий газрын даргад тодорхой үүрэг өгсөн. Энэ юу гэхээр тусгай дуут гэрэл дохио ашиглах журмын хэрэгжилтийн дагуу хяналт шалгалтыг сайжруулах гэсэн. ЦЕГ-ын даргын баталсан төлөвлөгөөний дагуу байгуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлээд хяналт шалгалт явуулсан. Өнөөдрийн байдлаар Замын цагдаагийн алба 102 зөрчил илрүүлээд холбогдох арга хэмжээг авч, шалгалтаа үргэлжлүүлж байна. Бүртгэл хяналтын төвөөс авсан тоогоор өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1412 тээврийн хэрэгсэл тусгай дуут гэрэл дохио ашиглах зөвшөөрөл авсан байна. Эдний дотор үйлдвэрээс тоногтойгоо ирсэн цагдаагийн автомашинууд, түргэн тусламж, онцгой байдлын гэх мэтчилэн орж байгаа. Мөн орон нутагт ажлын шаардлагаар аймгийн онцгой комисс, мэргэжлийн хяналтынхан улаан гэрэл дохио авсан байгаа.


-Эдгээр зөрчлийг дотор нь ангилвал?


-Тусгай дуут гэрэл, дохиог огт зөвшөөрөлгүй хэрэглэж байсан 66 зөрчлийг илрүүллээ. Дээрээс нь зөвшөөрлийн хугацаа дууссан 30 зөрчил байна. Өнгө сольж зүүж байсан гурван зөрчил гэх мэтчилэн байсан. Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгож, гурван оноо хассан. Гэрэл дохионуудыг хураан авч арга хэмжээ тооцуулахаар ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд хүргүүлээд байна.

-Тусгай дуут гэрэл, дохиог зөвшөөрөлгүй ашигласан 66 зөрчил нь төрийн албан тушаалтнууд байдаг юм уу, хувийн хэвшлийнхэн үү?


-Ерөөсөө л иргэд. Тусгай дуут гэрэл, дохио нь хил, гаалиар хяналтгүй орж ирж байна. Авто худалдааны төвүүдэд ил зарагдаж байна. Эндээс л иргэд авч ямарваа нэг байдлаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчих, авто замд давуу байдал олж авах зорилгоор ашиглаж байгаа. Хяналт шалгалтын ажилд гудамж талбайд ажиллаж байгаа албан хаагчдаас гадна хэлтсийн даргаас дээшхи албан тушаалтнуудыг оролцуулж байгаа. Яагаад гэвэл газар дээр нөхцөл байдал ямар байгаатай танилцах, үнэлгээ дүгнэлт өгөх зорилготой. Мөн тусгай дуут гэрэл дохио ашиглах эрхтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтын ажлыг үе шаттай явуулж байна. Одоогоор Засгийн авто бааз, Нийслэлийн төр, захиргааны авто бааз, ЦЕГ-ын авто бааз гэх мэтчилэн найман аж ахуйн нэгжид шалгалт хийж, мэдэгдэл шаардлага хүргүүлээд байна.