• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МАНСУУРУУЛАХ СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ

2017-11-08
МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МАНСУУРУУЛАХ СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ НЬ ТӨСӨЛ ХЭРЭГЖЛЭЭ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2017 онд Монгол Улсын Засгийн газраас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинээр баталсан. 
Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газраас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт техник хэрэгслийг нэвтрүүлэх, алба хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор гадаад орнуудын цагдаа, хууль сахиулах байгууллагуудтай харилцан мэдээлэл туршлага солилцох ажлыг эрчимжүүлсэн.

Энэ ажлын хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газраас “Монгол Улсын Цагдаагийн байгууллагын мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чадавхийг сайжруулах нь” төслийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 2017 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлсэн юм. 
Энэхүү төсөл нь 2017 оны 11 дүгээр сард хэрэгжиж дуусч байгаатай холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 6-9 ны өдрүүдэд БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албаны дарга ноён И Сун Ху тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт айлчилж, Цагдаагийн Ерөнхий Газрын удирдлагатай ажлын уулзалт хийж, мөн төслийн хаалтын ажиллагааны хүрээнд Монгол Улс дахь мансууруулах бодис, түүний хор хөнөөлтэй тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын уулзалтыг хамтран зохион зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монголын талаас 2017 онд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, түүний хэрэгжилт болон Монгол Улс дахь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ. Харин БНСУ-ын талаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр олон улсын түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус тус мэдээлэл хийж, харилцан мэдлэг туршлагаа солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд төслийн хүрээнд БНСУ-ын талаас Монгол Улсын Цагдаагийн Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн техник хэрэгслийн жагсаалт бүхий техник хэрэгсэл хүлээлгэн өгөх тухай тэмдэглэлд хоёр тал гарын үсэг зурлаа.

2017 оны 05 дугаар сараас эхлэн Монгол Улсад ирж, төслийг гардан хэрэгжүүлэгчээр ажиллаж буй БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын хоёр ажилтан Эрүүгийн Цагдаагийн Албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлийн сургалт зохион байгуулж, 200 орчим цагдаагийн алба хаагчдыг хамруулжээ.

Мөн төв, орон нутгийн цагдаагийн алба, нэгжийн хаагчид БНСУ-д мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тус улсын хууль сахиулах байгууллагуудын туршлагыг судлах танилцах айлчлал хийсэн юм.