БАЯНХОНГОР АЙМАГТ ХАНГАЙН БҮСИЙН АЛБА ХААГЧДЫН  “УРЛАГ, СПОРТЫН НААДАМ”-БОЛЛОО

 

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дагуу хангайн бүсийн аймгуудын Цагдаагийн газрын алба хаагчдын дунд “Урлаг, спортын наадам”-ыг зохион явууллаа. Наадамд Орхон, Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид оролцжээ.  

 “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 12 багийн 102 тамирчин  оролцож эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Баянхонгор, дэд байрт Орхон, гуравдугаар байрт Хөвсгөл, эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Хөвсгөл, дэд байрт Баянхонгор, гуравдугаар байрт Өвөрхангай, “Ширээний теннис”-ний тэмцээнд тэргүүн байрт Орхон, дэд байрт Баянхонгор, гуравдугаар байрт Булган аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарсан байна.

            Нээлтийн ёслолыг аймгийн төв “Баганат” талбайд зохион байгуулж, аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга Д.Ширмэн нээн үг хэлж, алба хаагчдад амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлсэн юм. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон Хангайн бүсийн аймгуудын цагдаагийн хүрээний дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, цагдаагийн хурандаа Б.Оюутболд нар тамирчдад амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүллээ.  

Нээлтийн  үеэр Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан наадамд оролцсон аймгуудын Цагдаагийн газрын түүхэн товч танилцуулга, алба хаагчдын гаргасан амжилт, зохион байгуулсан онцлог ажлын талаарх мэдээллийг иргэдэд хүргэсэн.

 Нээлтэд оролцож буй алба хаагчдад зориулж “Эх орон-36” хүүхдүүдийн урлагийн тоглолт, аймгийн урлагийн брэнд болох “Чулуун царгил” хөгжмийн хамтлаг, аймгийн “Тэмүжин” театрын язгуур урлагийн хамтлаг, аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн хамтлаг урлагийн тоглолт толилуулж, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Н.Батболд, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын “Соёмбо” хамтлаг ая дууны дээжээс тоглосон юм.

     Наадмын хоёр дахь өдөр “Гар бөмбөг”-ийн тэмцээн явагдаж, эмэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Хөвсгөл, дэд байрт Орхон, гуравдугаар байрт Баянхонгор, эрэгтэй баг тамирчдаас тэргүүн байрт Өвөрхангай, дэд байрт Булган, гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид тус тус шалгарлаа.

Мөн аймгуудын цагдаагийн газрын дарга нарын дунд “Буудлага”-ын тэмцээнийг Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчидтай хамтран 2 төрлөөр зохион байгуулсан байна.  “Урлагийн наадам”-ыг аймгийн “Тэмүжин” театрт орон нутгийн “Хөгжлийн ертөнц ТҮ-10” телевизтэй хамтран зохион байгууллаа. Хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, нөхөрсөг орчин бий болгох, алба хаагчдын танилцуулах, урлагийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор явуулж буй бүсийн наадамд төвийн багуудын идэвхтэн гишүүд, тусгайлсан чиг үүрэг бүхий хууль, хяналтын байгууллагуудын удирдлага болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж олон нийтэд сурталчилсан нь үр дүнтэй болжээ. Энэхүү арга хэмжээг аймгийн Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Батжаргалаар ахлуулсан 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг шүүн явуулсан байна. Урлагийн арга хэмжээнд бүсийн алба хаагчид идэвх санаачлагатай оролцож дараах 5 номинациар шалгаруулалт явагджээ.  

-“Гоцлол дуу” номинацид Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад И.Ихзаяагийн дуулсан “Эх орны хил тайван байг” дуу тэргүүн байрт,

-“Гоцлол бүжиг” номинацид Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч П.Ууганбаярын бүжиглэсэн бүжиг тэргүүн байрт,

-“Ардын язгуур урлаг” номинацид Орхон аймаг дахь Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлагч ахлагч Б.Энхбатын  магтаал тэргүүн байрт,

-“Дуэт дуу” номинацид Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Анхбаяр, ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн хошууч Н.Өлзийжаргалын нарын дуулсан “Би чамд хайртай” дуу тэргүүн байрт,

-“Хамтлаг бүжиг” номинацид Орхон аймаг дахь Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч О.Гэрэлээ ахлагчтай “Сүлд” хамтлагийн бүжиглэсэн “Жороо нь жороо” бүжиг тэргүүн байрын шагнал хүртлээ.

“Урлаг, спортын наадам”-ын нийлбэр дүнгээр нэгдүгээр байрт Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар, хоёрдугаар байрт Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, гуравдугаар  байрт Орхон аймаг дахь Цагдаагийн газар тус тус шалгарсан юм.  

Спортын тэмцээнд оролцсон эхний гурван байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, урлагийн наадамд оролцож, тэргүүн байрт шалгарсан алба хаагчд бүрт өргөмжлөл, шилдэг номинацийн тууз,  2, 3 дугаар байрт шалгарсан алба хаагчдад өргөмжлөл, нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарсан газарт “Шилжин явах цом” гардуулж, “Өргөмжлөл” хадгалуулсан.

Хангайн бүсийн Цагдаагийн газрын алба хаагчдын дунд уламжлан болгон зохион байгуулдаг наадмын арга хэмжээг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар 2017 онд зохион байгуулахаар шийдвэрлэж, хүрээний даргаас “Батламж” гардуулсан. 

Энэ үйл ажиллагааны үр дүнд бүс нутгийн алба хаагчид бие биетэйгээ танилцаж, харилцан спорт, урлагийн туршлага солилцож, ажлын уялдаа холбоо сайжирч цаашид хамтран ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулсан ажил боллоо гэж БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР-аас мэдээллээ.

Монгол цагдаа 95
Түгээмэл асуулт хариулт
Холбоо барих
Чат бичих
Facebook холбоос