/ Мэдээ мэдээлэл / Спорт мэдээ / ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАНЫ СПОРТ,СУРГАЛТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАНЫ СПОРТ,СУРГАЛТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд зохион байгууллагдсан спортын тэмцээнүүдийн нэгдсэн дүн гарч, 2014-2015 оны хичээлийн жилийн нээлт, "Азийн нээлттэй цом" гардан тулааны тэмцээний нээлтийн ажиллагааСпортын төв ордонд явагдлаа. Энэ үеэр 2013-2014 онд зохиогдсон нийт 15 төрлийн тэмцээний нэгдсэн дүнг гаргалаа.

Нэгдсэн дүнгээр 1-р байранд Нийтийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын газар, хоёрдугаар байранд 05-р анги, гуравдугаар байранд Улаанбаатар хотын цагдаагийн газар, 4-р байранд ЦЕГ, 5-р байранд ЧДЦХ-1 хэлтэс тус тус байр эзэлсэн юм.

 

 

Тус хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 389 дүгээр тушаалаар Хамгаалалтын газрын бүтцийн нэгжийн хэлтэс болон бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон.

 

Цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нэн хариуцлагатай, нарийн төвөгтэй үйл ажиллагаа нь цагдаагийн нийт ажилтнуудаас юуны өмнө бие бялдрын хувьд туйлын эрүүл чийрэг байхыг шаардаж байна.

 

Иймд тус хэлтэс нь “Эрүүл чийрэг цагдаа-эрүүл аюулгүй нийгэм” эрхэм зорилт дэвшүүлэн доорх ажлуудыг хийж хэрэгжүүллээ.

 

Цагдаагийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох судалгааг төв, орон нутгийн цагдаагийн 64 байгууллагын 6285 алба хаагчийг хамруулан зохион байгуулж анх удаа цагдаагийн алба хаагчдын биеийн жингийн индексийн нэгдсэн мэдээллийн сантай болсон.

 

Судалгаанд үндэслэн Улаанбаатар цагдаагийн хүрээний 18-30 насны хэт их таргалалттай 24 алба хаагчийг сонгон биеийн зохист харьцааг тогтоох 3 сарын сургалтыг зохион байгуулсанаар тэдгээр нь 6-10 кг илүүдэл жингээ хаясан үр дүн гарсан.

 

Мөн Хамгаалалтын газрын даргын 2014 оны “Сургалт зохион байгуулах тухай” 236 дугаар тушаалаар Хамгаалалтын газрын нэгжийн хэлтсүүдийн жингийн илүүдэлтэй 25 алба хаагчийн биеийн зохист харьцааг тогтоох 3 сарын сургалтыг зохион байгуулж байна.

 

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагууд чийрэгжүүлэлт, бие бялдаржуулалтын танхимтай эсэх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн үнийн саналын судалгааг авч дүнг нэгтгэн, нийт цагдаагийн байгууллагын хэмжээнд чийрэгжүүлэх, бялдаржуулах танхим байгуулах танилцуулга, саналыг боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлсэн.

 

Цагдаагийн алба хаагчдын дунд зонхилох хувийг эзэлж буй өвчлөл болох зүрх судас, даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоорУлаанбаатар цагдаагийн хүрээний цагдаагийн байгууллагуудын хамт олны дунд эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх,эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх зорилгоор “Эрүүл агаар-эм” спорт явган аяллыг Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамж, хуваарийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд уламжлал болгон 2 дах удаагаа зохион байгуулж байна.

 

Өнгөрсөн жил зохион байгуулсан явган аялалд 37 байгууллагын 4078 алба хаагч давхардсан тоогоор хамрагдаж, удирдлагууд нь хуваарьт бус өдрүүдэд өөрсдийн сайн дураар хамт олноо дагуулан алхаж хэвшсэн нь аялал үр дүнгээ өгсний илрэл юм.

 

Явган аялал нь амралтын өдрүүдэд Зайсан толгой дах “Богдхан” жуулчны баазаас тогтоосон маршрутын дагуу 3.5 км алхаж Богд уулын салбар оройд гарах юм.

Цагдаагийн алба хаагчдын албаны бэлтгэлжилт, биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг /жүдо, самбо, карате зэрэг зэвсэггүйгээр тулалдах, бие хамгаалах/ хэрэглэх ур чадварыг дээшлүүлэх, энэ чиглэлээр сургагч багш бэлтгэх сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны “Сургалт зохион байгуулах тухай” 135, 208, 316 дугаар тушаалаар төв, орон нутгийн 50 цагдаагийн байгууллагын алба хаагчдын дунд тус тус зохион байгуулсан.

 

Хамгаалалтын газрын даргын баталсан “Албаны спорт, сургалтын хичээлийн хуваарь”-ийн дагуу тус газрын нэгжийн хэлтсийн алба хаагчдад хурд хүч хөгжүүлэх, гардан тулаан, жүдо, байлдааны самбо зэрэг албаны спорт, сургалтыг өдөр бүр хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна.

 

Цагдаагийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, эрүүл мэндийг хамгаалах зорилтын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны “Тэмцээн зохион явуулах тухай” 64 дүгээр тушаалаар шатар, теннис, жүдо, самбо, хүндийн өргөлт, хүчний 3 төрөлт, сагс, гар бөмбөг, чөлөөт бөх, гардан тулаан, бокс, дугуй, хөлбөмбөг, хөнгөн атлетик, байлдааны самбо зэрэг 15 төрлөөр тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгууллаа.

- Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газар 48 оноогоор нэгдүгээр байр,

 

- Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 2 дугаар газар 78 оноогоор хоёрдугаар байр,

 

- Улаанбаатар хотын цагдаагийн газар 111 оноогоор гуравдугаар байр,

 

- Цагдаагийн ерөнхий газар 116 оноогоор дөрөвдүгээр байр,

 

- Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 120 оноогоор тавдугаар байрыг  тус тус эзэлсэн байна.

 

Цагдаагийн алба хаагчдаас бие бялдарын сорилын норматив хангасан, зохиогдсон уралдаан тэмцээнд амжилттай оролцсон тохиолдолд “Албаны спортын зэрэг” олгох журмыг боловсруулан Цагдаагийн ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авч, болзол хангасан алба хаагчдад “III, II,I”-р зэргийн тэмдгийг олгож эхэлсэн.

 

Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудын биеийн тамир, спортын хамтлагуудад гарын авлага болгох зорилгоор эрүүл мэндийн зөвлөмж, ажлын байран дахь дасгал сургуулилтын талаар “Эрүүл зөв амьдрал энгийн зүйлээс эхлэнэ”, “Албаны тусгай бэлтгэлийн гарын авлага-1” зэрэг товхимол номуудыг эмхэтгэн хэвлүүлж албан хэрэгцээнд зориулан хүргүүлсэн.

 

Улаанбаатар цагдаагийн хүрээний алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлэх, спорт тоглоомын төрлүүдээр хичээллэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор тус хэлтсийн болон автобаазын спорт зааланд долоо хоногийн ажлын өдрүүдэд тодорхой цагуудад тогтмол хичээллэх хуваарийг гарган ажиллаж байна.

 

Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил:

 

Цагдаагийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн норматив хангасан, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдад “Албаны спортын зэрэг” олгох журмыг батлуулан, зэргийн тэмдгээр шагнуулсан алба хаагчдыг цалингийн тодорхой хувиар урамшуулдаг болох асуудлыг шийдвэрлүүлэх.

 

Цагдаагийн алба хаагчдад хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх  ур чадвар олгох, гэмт этгээдийг шуурхай эрэн сурвалжилж тогтоох дайчлан баривчлах,саатуулах, байгаль цаг уурын хүнд нөхцөл, гамшиг, осол, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед нэмэгдэл хүч болон оролцох чиг үүргийг хэрэгжүүлэх 25 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай ажил мэргэжлийн бүлэг буюу /ШАМБ/ байгуулах.

 

Тус бүлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдах Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн, Олон улсын Динамо нийгэмлэгүүдийн холбоо, Дэлхийн Интерпол, Цагдаа галын холбооноос зохион байгуулж буй спортын арга хэмжээнд цагдаагийн байгууллагын нэрийн өмнөөс оролцох бэлтгэгдсэн мэргэжлийн болон спортын өндөр ур чадвартай алба хаагчдаас бүрдэх юм.

 

Цагдаагийн алба хаагчдад бие бялдрын хүмүүжил олгох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, Улс, Олон улс, Тив дэлхийн тавцанд өрсөлдөх ур чадвартай тамирчдыг бэлтгэн гаргах, сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу албаны сургалтуудыг явуулах орчинг бүрдүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт спорт цогцолбор барих.

 

Мөн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын аманд өвлийн улиралд цанын спорт, зуны цагт албаны бэлтгэл сургуулилт хийх зориулалттай бэлтгэл сэргээлтийн баазтай болохоор төлөвлөж байна гэж ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН

АЛБАНЫ СПОРТ, СУРГАЛТЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна