/ Мэдээ мэдээлэл / Ярилцлага / ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА П.ЭРДЭНЭБИЛЭГ: ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРЭГ БУУРАХГҮЙ БАЙНА

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА П.ЭРДЭНЭБИЛЭГ: ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРЭГ БУУРАХГҮЙ БАЙНА

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА П.ЭРДЭНЭБИЛЭГ: ХУУЛЬ БУСААР МОД БЭЛТГЭХ ГЭМТ ХЭРЭГ БУУРАХГҮЙ БАЙНА

Эх сурвалж "Өдрийн сонин" Сэтгүүлч Б.Уранчимэг

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Байгаль хамгаалах нэгдсэн аяны хүрээнд ямар ажлууд хийж байгаа юм бэ?
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон тус албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хамтран улсын хэмжээнд “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-ны өдрөөс ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэлх өдрүүдэд зохион байгуулж байна. Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан есөн төрлийн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг.
Дээрх хэргийн нөхцөл байдлыг сүүлийн таван жилийн байдлаар авч үзвэл 2013 онд 337, 2014 онд 287, 2015 онд 228, 2016 онд 165, 2017 онд 330 хэрэг, энэ оны эхний дөрвөн сард 113 хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Гэмт хэрэг өсөх болсон шалтгаан нь юу вэ?
-Тухайн төрлийн гэмт хэрэг өсөхөд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой. Өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны хуульд хохирол учруулснаар хэргийг авч үздэг байсан бол шинэ хуулиар материаллаг бүрэлдэхүүн шаардахгүй юм. Тухайлбал, газрын хэвлийг ухсан, ямар нэгэн ашигт малтмалын металл олдсон, олдоогүйгээс үл хамаарч шууд гэмт хэрэгт тооцогддог болсон гэсэн үг. Энэ нь гэмт хэргийн тоон үзүүлэлт нэмэгдэх нэг шалтгаан нөхцөл болсон.
Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагаас хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилсан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнээс гадна УИХ, Засгийн газар, яам агентлагуудаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр гаргасан хууль тогтоомж журмын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулж, үр дүнг тооцож эхэлснээр гэмт хэргийн илрүүлэлт мөн өссөн. Өөрөөр хэлбэл, нуугдмал гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэх хяналт шалгалтын ажил сайжирсантай холбоотой гэж үзэж болно.
-Байгаль орчныг бохирдуулсных нь төлөө хуулийн хариуцлага хүлээлгэхээр шинэ хуульд заасан. Энэ чиглэлээр хариуцлага ногдуулсан тохиолдол хэр олон бүртгэгдсэн бэ?
-Сүүлийн жилүүдэд хот, суурин газрын хүн ам, автомашины тоо өсч, үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр агаар, хөрс, усны бохирдлын түвшин нэмэгдэх хандлагатай байна. Байгаль орчныг бохирдуулах гэмт хэргийн дотор тулгамдаж буй гол асуудал нь усны бохирдол. Өнгөрсөн онд гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 760 булаг, шанд, 344 гол горхи, 391 нуур, тойром хатаж ширгэсэн гэсэн тоон мэдээлэл бий. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо.
Усны бохирдлын эх үүсвэр нь ердөө хүний үйл ажиллагаа болчихоод байна. Хот суурингаас ялгарч байгаа бохир, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, уул уурхайн бохирдол, түүн дотроо хог хаягдал, малын сэг зэм, органик гаралтай бодисын бохирдол багагүй хувийг эзэлж байгаа юм.
-Уул уурхайн салбарын байгаль бохирдуулагчдыг хэрхэн хянаж байгаа вэ?
-“Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын 1996, ашиглалтын 1678 нийт 3647 тусгай зөвшөөрлийг олгосон гэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Манай улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувьд уул уурхай хайгуул, олборлолт явуулж байна.
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт байгаль орчныг бохирдуулахаас гадна хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал зэрэг уул уурхайн салбартай хамааралтай заалтууд бий. Энэ төрлийн гэмт хэрэг 2013-2016 оны хооронд 35-41 гэмт хэрэг үйлдэгдэж байсан бол бол өнгөрсөн онд гурав дахин өсч, хэргийн илрүүлэлт 42.5 хувиар буурсан үзүүлэлт харагдаж буй.
Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш улсын хэмжээнд 87 гэмт хэрэг бүртгэгдсэнээс эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 82 хэрэг байгаагийн 26 хэргийн сэжигтэн, яллагдагчийг олж тогтоон хэргийн илрүүлэлт 31.7 хувьтай болж өссөн.
2018 оны эхний дөрвөн сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 21 гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
-Нийслэл рүү хулгайн мод оруулж ирсээр л байна. Энэ хэргийг таслан зогсоох зорилгоор хуулийн байгууллагууд олон арга хэмжээ зохион байгуулдаг ч дорвитой үр дүн гарахгүй байх шиг?
-2018 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд энэ төрлийн 63 гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргийн улмаас байгаль орчинд 2016 онд 193.3 сая төгрөг, 2017 онд 109.5 сая төгрөгийн хохирол учирсан. Хууль бус мод бэлтгэх гэмт хэрэг буурахгүй байгаатай санал нийлж байна. Зөвхөн энэ онд л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеэс 34 нэгжээр буюу 53.9 хувиар өссөн нь хүн амын амьжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл их байгаагаас гадна амар хялбар аргаар ашиг олох сонирхлоос үүдэлтэй.
-Химийн бодисын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэр хэрээр хууль бус импорт, буруу хэрэглээг дагалдсан гэмт хэрэг ч нэмэгдэх шинжтэй. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Өнөөдөр дэлхийд ашиглагдаж байгаа 11 сая орчим нэр төрлийн химийн бодисоос 10 мянга гаруй нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд нь эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тавин жилийн өмнө жилдээ хүн төрөлхтөн нэг сая тонн химийн бодис үйлдвэрлэж байсан бол өнөөдөр 400 сая тонн болтлоо нэмэгдлээ. Мөн 100 орчим мянган нэр төрлийн химийн бодисыг улс хооронд худалдаалж, жилдээ 1000 орчим нэр төрлийн химийн бодисыг шинээр нээж байна.
Түүнчлэн иргэд болон гар аргаар алт олборлогчид алтны баяжмалтай шороог химийн хорт бодис болох мөнгөн ус ашиглан угаах, химийн хорт, аюултай бодисыг тээврийн хэрэгсэлд нуун хилээр оруулж ирэхийг завдсан тохиолдлууд бий. Тиймээс химийн хорт, аюултай бодис ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг сайтар судлах хэрэгтэй. Хуулийн заалтыг баримталж ажиллах нь чухал юм. Үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж чадна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна