ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН СУЛ ОРОН ТООГ ИРГЭДЭЭС ӨРСӨЛДҮҮЛЭН ШАЛГАРУУЛАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЛААР
Цагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх мэргэшлийн шалгалтыг 2017 оны 09 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагад сул байгаа орон тоонд иргэдээс сонгон авах болон нөөц бүрдүүлэх зорилгоор холбоо, мэдээллийн инженер 6, эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч 16, сувилагч 1, малын эмч 1, үржлийн зоо техникч 1, нярав 7, нягтлан бодогч 3, цагдаа-жолооч 59, цагдаа-зохицуулагч 13, эргүүлийн цагдаа-80, бичиг хэргийн эрхлэгч, архивч, бичээч 6, харуулын цагдаа-77, хамгаалалтын цагдаа 20, засварчин 2 нийт 292 сул орон тоог нээлттэй зарласан.
Алба, нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мэргэшлийн шалгалтад хамруулах 560 иргэний материал, судалгааг ирүүлснээс 40 иргэн бүртгэлд ирээгүй, нийт 526 иргэнд шалгалтад орох эрх олгосон.
Эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарын бүрэлдэхүүн хийж, 91 иргэн эрүүл мэндийн хувьд болон бие бялдар гоо зүйн шаардлага /биеийн ил харагдах хэсгүүдэд шивээстэй гэх мэт/-аар цагдаагийн байгууллагад тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарч, сэтгэл зүйн сорил, ярилцлагын шалгалтад орвол зохих 437 иргэнээс орсноос 3 иргэн шалгалтад тэнцээгүй байна.
Мэргэшлийн шалгалтад нийт 306 иргэн тэнцсэнээс тусгай мэдлэг, мэргэжил шаардагдах офицерын албан тушаалд орох 22 иргэн, нярав 10, сувилагч 2, малын бага эмч 1, үржлийн зоо техникч 1, цагдаа зохицуулагч 7, цагдаа жолооч 42, засварчин 5, эргүүлийн цагдаа 121, харуулын цагдаа 47, хамгаалалтын цагдаа 21, бичиг хэргийн эрхлэгч, архивч /бичээч-27/-ийн албан тушаалын нөөцөд бүртгэгдэж, Хууль сахиулахын Их сургуулийн Ахлагчийн сургуульд цагдаа, цагдаа жолоочийн мэргэжлийн сургалтад 222 иргэн хамрагдан суралцаж байна.
Урьд нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаад халагдаж, чөлөөлөгдсөн иргэдийн тухайд нэмэлт судалгааг хийж, онооны дарааллыг харгалзан сул орон тоонд санал болгох замаар томилгоог хийнэ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ