/ / ХҮЧТЭНИЙ ӨЛГИЙ “ХҮЧ”

ХҮЧТЭНИЙ ӨЛГИЙ “ХҮЧ”

Монгол Улсынхаа нэр, алтан соёмбот төрийн далбааг дэлхийн тавцанд өргүүлж, эх орныхоо төрийн дууллыг ертөнцийн сонорт эгшиглүүлсээр ирсэн олон хүчтэний өлгий Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороо Өндөр төрийн ивээл хүртлээ.

70 гаруй жилийн түүхийг бүтээхдээ Монгол Улсын нэрийг дэлхийд дуурсгасан шилдэг тамирчид бэлтгэн гаргаж, үндэсний болон их спортыг хослуулан хөгжүүлж, цагдаагийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, ур чадварыг ахиулах үйлсэд идэвх санаачилгатай ажилласан үе үеийн алба хаагч, ажилтнуудын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээснийг ёслол төгөлдөр гардуулан өгөх ажиллагаа өчигдөр “Хүч” спорт хороонд болсон юм.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төв комиссын хурлын 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн зургаадугаар тогтоолоор “Хилчин” нийгэмлэг нэртэй байгуулагдсан нь өдгөөгийн  “Хүч” спорт хорооны үндэс суурь болсон гэдэг. Тэгвэл энэ өдөр тэрхүү цагаас өнөөг хүртэл хүч хөдөлмөр, авьяас чадвар, ур ухаан бүхнээ дайчлан зүтгэсэн, энэхүү бүлд багтаж явсан хүн бүрийн баяр бас шагнал байлаа.

Өнөөдрийн хүндэт зочдын эгнээнд заларсан цагдаагийн бэлтгэл хурандаа Г.Магванноров “Монголын биеийн тамир спортын ууган нэгж байгууллага “Хүч” спорт хороонд ирж буй энэхүү хүндтэй шагнал бол тус байгууллагын үе үеийн удирдлага, багш, дасгалжуулагч, тамирчин, ажилчдын хүч хөдөлмөрийг үнэлсэн явдал боллоо. “Хүч” үүсэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл эх орондоо биеийн тамир спортыг хөгжүүлэх, ялангуяа дэлхий дахинд өрсөлдөх чадалтай тэргүүний тамирчин, алдар цуутнуудыг төрүүлэн гаргасан. Цагдаа, хилийн цэрэг зэрэг байгууллагын бие бүрэлдэхүүнийг үүргээ биелүүлэхэд тусалж, тэдний бэлэн байдлыг хангах албаны сургалтыг явуулж байсан, өгөөжөө өгсөн байгууллага. Энэ хамт олон олимпийн наадмаас 4 хүрэл, ДАШТ-ээс 107 медаль хүртэж, тэдний дундаас Хөдөлмөрийн баатар 2, ардын багш 2, гавьяат дасгалжуулагч 5, гавьяат тамирчин 30 төрөн гарсан нь амжилт бүтээлийнх нь  өнгө төрхийг харуулж буй тод жишээ юм” хэмээн бахархал тээсэн үгсээр дүгнэсэн билээ.

Харин ажил, амьдралынхаа гарааг эндээс эхэлж, 30 жилийн хичээл зүтгэлээ “Хүч”-дээ өгсөн цагдаагийн бэлтгэл хурандаа П.Гүррагчаа “Хүч хөдөлмөрөө зориулж ажилласан “Хүч” минь төрийн дээд шагнал хүртсэнд аньсага чийгтэн баярлаж байна. Энэ бүхний нэгээхэн хэсэгт миний жаахан хөдөлмөр бий гэж бодоход сайхан юм. Миний нэгэн адил энэ байгууллагатай холбогдсон хүн бүхэн өнөөдөр ийнхүү баярлаж буй биз ээ” гэж бахдангуй өгүүллээ.

Үндэсний болон их спортыг хослуулан хөгжүүлж буй энэхүү хамт олны дундаас Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сэрээтэр 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Р.Даваадалай 1980 оны Москвагийн олимпоос жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан 1992 оны Барселоны олимпоос боксын төрлөөр хүрэл медаль, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос жүдо бөхийн төрлөөр хүрэл медаль хүртэн, ард түмнээ баярлуулж, төрийнхөө далбааг олимпийн тэнгэрт мандуулсан тэр цаг одоо ч олны сэтгэлд хадгалагдан буй.

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Монголын эмэгтэй жүдочдын түүхэнд анхны дэлхий аварга болж, гавьяат тамирчин М.Бундмаа хүрэл медаль зүүж байсан бол чөлөөт бөхийн төрлөөр гавьяат тамирчин О.Бурмаа, Д.Нармандах, О.Насанбурмаа, буудлагын төрлөөр гавьяа тамирчин Ц.Мөнхзул, боксын Б.Түвшинбат гээд эх орныхоо нэрийг дэлхийн чихэнд дуурсгасан бахархалуудыг нэрлэвэл энэхэн зай үл хүрнэ.

Тэрчлэн “Хүч”-ийнхэн олон мянган жилийн түүхтэй, ард түмнийхээ уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний спортын өв уламжлалыг хадгалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үүссэн цагаасаа анхаарал тавин ажилласны үр дүнд тус хорооноос Монгол Улсын дархан аварга 3, аварга 1, арслан 6, гарьд 2, заан 13, начин 51, Даяар дуурсагдах мэргэн 1, Улсын мэргэн 1  гээд олон арван хүчтэнийг төрүүлжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар, Монгол Улсын арслан У.Мижиддорж,  Д.Мөнх-Эрдэнэ, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд гээд “Хүч”-ийн хүчтэнийг тоочвол олон. 

Олимп, дэлхий, тив, олон улс, орон даяр нэр алдраа цуурайтуулсан шилдэг тамирчин, дасгалжуулагчид одон медалиа энгэртээ гялалзуулан, ёслолын жагсаалд жигдэрч төрийн дээд шагналаа угтсан хамт олонд эрхэм шагналын хамт хүндтэй даалгавар ирсэн юм.  Алтан соёмбот төрийн далбаагаа дэлхий, тивийн тэнгэрт мандуулж, Монгол Улсынхаа алдрыг өргөх, Цагдаагийн албаны хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх Төрийнхөө даалгаварыг “Хүч”-ийнхэн амжилттай биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна