/ / “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ

“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын болон орон нутгийн авто замд гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах, үүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аяныг улсын хэмжээг өнөөдрөөс ирэх аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар эхлүүлж байна.

Аяны Нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа А.Даваасүрэн, Авто тээврийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон албаны бусад төлөөлөгч, хот хоорондын зорчигч тээврийн үйчилгээ үзүүлэгч байгууллагууд, “Монголын Чопперчдийн холбоо”, “Brigada club”, “Pajero club”, “ZVW30 club”-ын залуус оролцлоо.

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж, хүн бүр гэр бүл, дотны нөхөд, хамт олонтойгоо хамт хөдөө орон нутаг, зусланг зорьж, нийслэл хотоос хөдөө орон нутаг, орон нутгаас нийслэлийг зорих тээврийн хэрэгсэл, иргэдийн тоо эрс нэмэгддэг. Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 644 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас 147 хүний амь нас хохирч, 446 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна.

Зам тээврийн гэмт хэрэг, осол урьд онуудаас буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа боловч орон нутагт үйлдэгдэж байгаа зам тээврийн осол, хэрэг хангалттай түвшинд буурахгүй, түүнчлэн нийт гарсан гэмт хэргийн 331 буюу 51.4 хувь нь, хүний амь нас нь хохирсон 122 буюу 82 хувь нь, гэмтэж бэртсэн хүний 197 буюу 44 хувь нь орон нутгийн чанартай автозамд бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад орон нутагт бүртгэгдсэн хэрэг 23.5 хувиар, амь нас нь хохирсон хүний тоо 54.4 хувиар, гэмтсэн хүний тоо 13.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Замын цагдаагийн албанаас зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, тэрхүү шалтгаан нөхцлийг арилгах, бууруулах зорилгоор 2010 оноос эхлэн хүний амь нас хохирсон, нэг ослоор олон хүн гэмтсэн ноцтой хэрэг, осол үйлдэгдсэн газар /хар цэг/-ын байршлыг нарийвчлан тогтоож тухайн хэсэгт зам орчны нөхцлийг сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түлхүү авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжид зам тээврийн ослыг бууруулахын тулд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийн илрүүлэлтийг сайжруулж, хамгаалах бүс, малгай, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглээг нэмэгдүүлэхийг анхааруулсан байдагтай холбоотойгоор дээрх асуудалд голлон анхаарч хяналт, шалгалт ухуулга, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцох, зам тээврийн осол хэрэг, гэмтлээс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн бүрийн эрхэм үүрэг.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн өөрийн болон хайртай хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, бие биендээ хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
Эрэн сурвалжилж байна