/ Мэдээ мэдээлэл / Ярилцлага / Г.АРИУНБААТАР: МӨРДЭСТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫН ЖАРГАЛЫГ МЭДЭРЧ ЯВНА

Г.АРИУНБААТАР: МӨРДЭСТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫН ЖАРГАЛЫГ МЭДЭРЧ ЯВНА

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарыг “Цагдаа” эмхтгэлийн 2016 оны IV улирлын дугаарын зочин хоймортоо урьж уран бүтээлийн талаар, мөрдэстэй уран бүтээлчийн тухай хөөрөлдлөө.  

-Танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтав уу?

-Баярлалаа. 2017 он монголчуудад минь, цагдаагийн албаны мөрдэс нэгт хийморьлог бүлд маань ээлтэй, сайхан жил байх болтугай.

-Улиран өнгөрсөн 2016 он амжилт бүтээл дүүрэн гялалзсан жил байлаа, таны хувьд.

-Одоогоос найман жилийн өмнө цагдаагийн “Сүлд” чуулгын алба хаагч болохоор шалгуулж тэнцээд орж байлаа. Цагдаагийн байгууллагадаа ажиллахын хажуугаар дуурийн дуулаачийнхаа мэргэжлээр хичээнгүйлэн бэлтгэл хийсний дүнд амжилт гаргаж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол, Их хааныхаа нэрээр нэрлэгдсэн “Чингис хаан” одон хүртлээ, цагдаагийн ахмад цолоор шагнагдлаа.

-Энэ хүндтэй шагналууд цаашид ихийг хийж бүтээх урам, дэм хайрласан байх. Мөрдэстэй уран бүтээлч байна гэдэг бусад уран бүтээлчээс арай онцгой байх.

-Мөрдэстэй уран бүтээлч, тэгээд офицер байна гэдэг энгийн дуучдаас ялгаатай л даа. Анх цагдаагийн байгууллагад дэд ахлагч цолтой томилогдож, цагдаагийн албаны дүрэм, журмаас эхлээд бүх зүйлийг нь судалж, суралцаад явсан болохоор цаг барих, аливаад зарчимтай, ёс зүйтэй хандах зэрэг төлөвшлийг олж авсан. Миний гаргасан амжилт бүхэн цагдаагийн байгууллагатай салшгүй холбоотой. Глинкийн уралдаанд түрүүлсэн цагаас эхлэн байнга дэмжиж, ажлаас чөлөөлөн “Ариунбаатар аа чи бэлтгэлээ хий, амжилт гаргана шүү” хэмээн сэтгэл зүйгээр болон бусад зүйлээр дэмжиж байсан, одоо ч дэмжсээр байгаа Цагдаагийн ерөнхий газрын зөвлөл, үе үеийн дарга нар, “Сүлд” чуулгын удирдлагууддаа ямагт талархаж явдаг. Монголын цагдаагийн хийморьлог эрчүүдийн нэг нь гэж бодоход сайхан шүү. Хааяа жагсаал хувцсаа өмсөх боломж олдоход дахин дахин толинд хармаар санагдаад байдаг юм. Илүү их эрч хүчийг авч, мөрдэстэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна.

-Одоогоос найман жилийн өмнө гэхээр 2009 онд “Сүлд” чуулгын бие бүрэлдэхүүнд багтжээ. Ямар хувь тохиолоор цагдаагийн уран бүтээлч болов?

-Би 2005 онд СУИС-д элссэн. Гэхдээ амьдралын бололцооноос шалтгаалан хоёр жил сурсны эцэст сургуулиа орхих болж, өөр ажил хийж явахдаа тухайн үеийн “Сүлд” чуулгын дарга Л.Гаваасүрэн хурандаатай таарсан. Тэрбээр “Манайх шинэчилсэн зохион байгуулалтад орж, үйл ажиллагаагаа сэргээх гэж байгаа. Өндөр нуруутай, сайхан авьяастай хүү байна, очоод шалгуулаад үзвэл яасан юм бэ” гэсэн. Би очиж шалгуулаад тэнцэн, цагдаагийн байгууллагын босгыг алхсан даа. Тэр цагаас эхлээд л намайг маш их дэмждэг байсан. Манай чуулга хоёр жилийн дотор театр, чуулгуудын дунд болдог болон олон улсын чанартай уралдаанд тэргүүн байр эзлэх зэргээр амжилт гаргаж эхэлсэн дээ.

-Цагдаагийн албанд тэнцээд анх цол авч, мөрдэс зүүх мөчид юу бодогдож байсан бол?

-Ер нь Монгол эр хүн цэргийн алба хаах, мөрдэс зүүж, тангараг өргөнө гэдэг хамгийн сайхан зүйл гэж би боддог. Анх цагдаагийн дэд ахлагч цол авахдаа “Төрийн хайр, хүндэтгэлийг хүртэж төрийн жинхэнэ алба хаагч цагдаагийн бие бүрэлдэхүүнд орлоо. Цаашдаа ямагт хичээж ажиллах ёстой, энэ албаны нэр хүндийг өргөж явах хэрэгтэй” гэж бодож байсан. 2011 онд цагдаагийн дэслэгч цол авч, офицерийн бүрэлдэхүүнд орохдоо бүр их урам авч байлаа, их сайхан байсан. Цол нэмчихээд жагсаал хувцастайгаа гадуур явахад хүн бүр хүндлээд байгаа ч юм шиг дотно дулаахан сэтгэгдэл төрдөг.

-“Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалантай хамтран дуулсан нь олон хүний таашаалд нийцсэн. Энэ тухай...?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав хэмээх мундаг хүн хөгжмийг нь зохиосон “Монгол төрийн цагдаа” дууг МУГЖ Т.Баясгалан эгчтэй хамтран дуулж, дүрсжүүлэн олонд хүргэсэн. Цагдаагийн алба хаагчид болон сонсогчид маань бидний уран бүтээлийг сайхан хүлээж авсанд их урамшдаг.

-Дуурийн дуучин Г.Ариунбаатар 2016 онд уран бүтээлийн арвин ургац хураасан болов уу гэж бодож байна.

-Өнгөрч буй 2016 онд миний амьдрал, уран бүтээлд олон сайхан өөрчлөлт, дэвшил гарлаа. Дэлхийн томоохон театруудад Монгол Улсынхаа болоод цагдаагийн алба хаагч гэдэг нэрээ гаргалаа. Ингэж хэлсний учир гэвэл, Дэлхийд намайг сонсдог хүн бүр намайг цагдаагийн алба хаагч гэдгийг мэддэг. Миний танилцуулга бүх зүйл дээр цагдаагийн алба хаагч гээд бичсэн байдаг юм. Дэлхийн гайхалтай театруудад дуулах хувь тохиол надад оногдсон. ОХУ-ын “Марийнский” театрт гоцолж байна, Москвад “Большой” театрт дууллаа, БНСУ-ын дуурийн театрт бие даасан концертоо хийсэн, Кармен дуурьт очиж дуулсан. Энэ бүх замыг туулж явахдаа анх “Сүлд” чуулгын босгоор алхахад минь дэмжиж туслаагүй бол өдий зэрэгт хүрэхгүй байсан гэж бодож явдаг. Олон хүний итгэлийг даана гэдэг их сайхан ч бас хэцүү. Цаашид Монгол Улсынхаа, Монголын цагдаагийнхаа алдрыг дуурсгасан олон бүтээл хийнэ гэж бодож явна.

-Их хааны өлзий оршсон “Чингис хаан” одон хүртсэн хамгийн залуу эрхэм болсон. Тэр хүндэт индэр дээрээс аав, ээж, олон алдар цуутан болоод ард түмнийхээ өөдөөс хараад үг хэлж байх мөчийн сэтгэгдэл одоо ч танд хадгалаастай байгаа болов уу?

-Энэ эрхэм шагналыг зөвхөн Г.Ариунбаатарын хийсэн бүтээсэнд биш дуурийн урлагт, миний ажиллаж байгаа цагдаагийн албанд хүртээсэн гэж бодож байгаа. Ийм залуудаа төрийнхөө дээд шагналыг хүртэж байгаадаа баярламаар, нөгөөтэйгүүр их айдастай байдаг юм билээ. Хүн шагнал хүртэж болно. Харин түүнээ дааж явах нь чухал гэж боддог. Уран бүтээл болоод бусад бүх зүйлээрээ энэ эрхэм цолыг дааж явах ёстой. Мөрдэстэй, аливаа зүйлийн эрэмбэ дарааг мэдэрдэг хүний хувьд гайгүй болов уу гэж бодож байна. Ингэж сэтгэж, дагаж яваагийн учир олон сайхан шагнал, уралдаан, тэмцээнд магнайлах хувь тавилан надад ирсэн болов уу хэмээн бодож явдаг юм.

-Айлчлан ирсэн ондоо ч мөн амжилтаас амжилтад өртөөлөн ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байна. 2017 оны төлөвлөгөөг сонирхвол?

-За баярлалаа. Илүү ихийг хийж бүтээхийн бодож, төлөвлөж байна. Тэр бүгдийгээ биелүүлээд бас олон сайн театр, сайхан жүжигт дуулсан амжилттайгаар дараа жилийн өдийд сонин сайхнаа хуучлан сууна гэж найдаж байна.

-Амжилттай явахад агуу их авьяасаас гадна хөдөлмөр маш чухал гэж боддог. Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж хэлэх үгийг тань сонсъё.

-Авьяас байгалиас заяаж болно. 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гэдэг. Тиймээс маш сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөөд, зөв газраа олж очин, бэлтгэлээ зөв хангаарай гэж хэлье.

Статистик мэдээ
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
  • 2016 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 40807
    Гэмт хэрэг: 2329
    Захиргааны зөрчил: 111531
    Согтуугаар саатуулагдсан: 6732
  • 2016 оны 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл 37222
    Гэмт хэрэг 2317
    Захиргааны зөрчил 98719
    Согтуугаар саатуулагсдан хүн 5696
Эрэн сурвалжилж байна