/ / "ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

"ХУУЛЬ ТӨРӨХИЙН ӨМНӨ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьсны дараа тухайн хуулийн төслийг олон нийтэд танилцуулах, сэтгүүлчдэд тодорхой мэдээлэл олгох хэлэлцүүлэг зохион байгуулж байхаар тогтсон. Энэ дагуу УИХ-д өргөн барьсан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийн талаар өнөөдөр "Хууль төрөхийн өмнө" сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн Үндэсний хүрээлэнд боллоо.

Уг хэлэлцүүлэгт хуульч эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн үе үеийн удирдлагууд оролцов.


Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцогчдын хуулийн төслийн талаарх сэтгэгдлийг сонслоо.

Г.БАЯСГАЛАН: ХУУЛЬ БАТЛАГДВАЛ ЦАГДААД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧИД ДОТООДЫН ЦЭРЭГТЭЭ ШИЛЖИНЭ

/Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга/

-Одоогийн боловсруулсан Дотоодын цэргийн тухай хуулийн төсөлд хуучин хүчин төгөлдөр үйлчилж байсан Дотоодын цэргийн тухай хуулийн үндсэн үзэл баримтлалын дээр дотоодын цэргийн алба хаагчдын эрхзүйн байдлыг баталгаажуулах, нийгмийн баталгааг хангах гэсэн тодорхой заалтуудыг батлан хамгаалах чиглэлийн хууль тогтоомжид нийцүүлээд шинээр нэмж тусгасан. Ер нь 2014 онд баталсан хуулиар дотоодын цэргийг татан буулгаж, чиг үүргийг цагдаад шилжүүлснийг сэргээн байгуулж, улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед гүйцэтгэх гээд холбогдох чиг үүргүүдийг сэргээн баталж байгаа юм. Энэ хууль батлагдвал цагдаагийн байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид дотоодын цэрэгтээ шилжиж үүрэг гүйцэтгэнэ. Энэ бүх ажиллагааг шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын багц хуульд нийцүүлэн явуулна.

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.ПҮРЭВ: ИЙМ БЭЛТГЭЛТЭЙ ХҮЧ БАЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ

-Дотоодын цэрэг 1922 онд жанжин Д.Сүхбаатарын тушаалаар байгуулагдаж байсан. НАХЯ-ны бүрэлдэхүүнд Хилийн цэрэгтэй хамт явсаар 1990 онд бие дааж, Цагдаагийн ерөнхий газрын харьяанд ирсэн. Дотоодын цэргийн тухай хуульд олон заалт бий. Гэхдээ үүнийг базаж хэлвэл үндсэн хоёр чиг үүрэгтэй.

Нэгдүгээрт, Улсын онцгой чухад объектуудыг хамгаалах. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах ажилд цагдаагийн байгууллагын хүч хүрэхгүй болсон үед түүнд туслах үүрэгтэй. Үүнийг татан буулгаж, цагдаад чиг үүргийг нь өгчихсөн. Цагдаа мэргэжлийн, илүү өндөр түвшид хамгаална гэж үзсэн байх. Дотоодын цэргийг цагдаа болгосноор хожсон юм бага, миний бодлоор. Цэрэг гэдэг чинь цагдааг бодвол зардал хямдтай, бага зардалтай тэднийгээ ажиллуулвал зүгээр.

Цэрэг ямагт бэлэн байдалд байдаг. Жилд хэдэн зуун хүүхэд цэрэгт татаж, 600-700 хүнийг шаардлагатай үед эх орноо батлан хамгаалах бэлтгэлтэй болгоод гаргадаг. Энэ бага юм биш. Дотоодын цэргийн байлдагчаас цагдаагийн байгууллага хүн хүчээ сэлбэдэг байсан цаг бий. Манай дотоодын цэрэгтэй ижил үүрэгтэй цэргийн байгууллага улс болгонд байгаа. Ийм бэлтгэлтэй хүч байхгүй бол болохгүй. Одоо хийж байгаа хуульд 1995 оны Дотоодын цэргийн тухай хуулиар батлагдсан чиг үүргийг нэмээгүй, хасаагүй байна билээ. Харин чиг үүргээ биелүүлэхэд юм хийснийг нэлээн дэлгэрүүлж заасан байсан.

Д.ЧУЛУУН: ТӨР, НИЙГЭМ, ИРГЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ ХУУЛИЙН СУБЪЕКТ ХЭРЭГТЭЙ

/Ахмад дайчин, Терроризмыг эсэргүүцэх Монголын холбооны ажлын албаны дарга, судлаач/

-Дотоодын цэрэг 1922 оны долоодугаар сарын 16-нд бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр хувьсгалын ололт, амжилтыг хамгаалах зорилгоор байгуулагдаж байсан. 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд Дотоодын цэргийг татан буулгасан.

Монгол Улсын оршин тогтнох аюулгүй байдлыг хамгаалах ашиг сонирхлыг хангадаг ганц төрийн цэргийн байгууллага бол Дотоодын цэрэг. Энэ байгууллагын түүх их эзэн Чингис хааны үе, 1207 оноос эхтэй. Энэхүү байгууллагыг дахин байгуулахаар ярилцаж буй нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна гэж ахмад дайчны хувьд үзэж байна.

Улс орны дотоод аюулгүй байдал алдагдах хандлага ажиглагдаж, хэрэг зөрчил нэмэгдэж, улсын нийгэм, эдийн засаг өсөн дэгжиж байгаа энэ үед төр, нийгэм, иргэний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй хуулийн субъект хэрэгтэй болох нь өнгөрсөн хоёр жилд харагдсан.

Статистик мэдээ
  • 2017 он 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 14177
    Гэмт хэрэг 3357
    Захиргааны зөрчил 51970
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 4561
  • 2017 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл:
    Гэмт хэрэг:
    Зөрчил:
    Эрүүлжүүлэгдсэн хүн:
  • 2017 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 12627
    Гэмт хэрэг: 3571
    Зөрчил: 88203
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 5919
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
Эрэн сурвалжилж байна