/ / С.ЛХАГВАДОРЖ: ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЭНЭ САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

С.ЛХАГВАДОРЖ: ГАЛТ ЗЭВСГИЙН ТООЛЛОГО ЭНЭ САРЫН 20-НЫГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Лхагвадоржтой ярилцлаа.

-“Зэвсэг-2016” буюу нийслэлийн иргэд, аж ахуй нэгжийн галт зэвсгийг тоолох ажил эхлээд багагүй хугацаа өнгөрч. Ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу галт зэвсэг эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид бүртгэлтэй галт зэвсгийн тооллогыг жил бүр явуулдаг. Өнгөрөгч 11 дүгээр сарын 14-өөс эхэлсэн галт зэвсгийн тооллогын ажил 52 орчим хувьтай явж байна, нийслэлд.

-Өнгөрсөн жилийн тооллогоор Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэдэн галт зэвсэг бүртгэгдсэн бэ. Мөн Галт зэвсгийн нэгдсэн сан үүсгэсэн гэсэн.

-Улаанбаатар хотод 13 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байна. Ер нь жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Галт зэвсгийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор ЦЕГ-аас Галт зэвсгийн нэгдсэн сан ашиглалтад оруулсан. Энэхүү санд галт зэвсгийн төрөл, марк, дугаарыг тодорхойлсон зургийг оруулж байгаа юм.

-Иргэд галт зэвсгээ тоолуулахаар ирэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх, юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хууль зүйн сайдын батлан гаргадаг галт зэвсгийн тооллого явуулах журам шинэчлэгдсэн. Иргэд галт зэвсгээ биетээр нь, эзэмшигчийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хуулийн этгээд бол байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, эзэмшигчийн гэрчилгээтэйгээ ирэхэд болно. Галт зэвсгээ зориулалтын саванд хийн, замгийг түгжиж, гохны түгжээ хэрэглэж, аюулгүй байдлаа ханган цагдаагийн байгууллагад авч очих хэрэгтэй.

-Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг “Зэвсэг-2016” арга хэмжээний үеэр бүртгэлжүүлэх үү?

-Гэрчилгээгүй, бүртгэлгүй галт зэвсгийг бүртгүүлээд гэрчилгээ авах боломжтой. Ямар нэгэн торгууль, шийтгэвэр, нөхөн татвар төлүүлэхгүйгээр, хэв загварыг нь өөрчлөөгүй галт зэвсгийг бүртгээд, гэрчилгээ олгож байна.

-Галт зэвсгийн тооллогын ажил хэзээ дуусах вэ?

-Энэ сарын 20-нд дуусна. Галт зэвсгээ тоолуулж, бүртгүүлж амжаагүй бол харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад очиж бүртгүүлээрэй.

-Галт зэвсгээ бүртгүүлээгүй бол хуулиар ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Гадаадаас импортлон оруулж ирсэн болон галт зэвсэг худалдаалах эрхтэй төв борлуулагчаас авсан галт зэвсгийг ажлын 10 хоногт багтаан, харьяа сум, дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгүүлэх хуультай. Энэ үүргийг биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авдаг. Галт зэвсгээ бүртгүүлээгүй иргэнийг 40-80 мянга, хуулийн этгээдийг 100-250 мянган төгрөгөөр торгоно. Харин “Зэвсэг-2016” арга хэмжээний үеэр ямар нэгэн торгууль ногдуулахгүй, бүртгэж байна.

 

Статистик мэдээ
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
  • 2016 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 40807
    Гэмт хэрэг: 2329
    Захиргааны зөрчил: 111531
    Согтуугаар саатуулагдсан: 6732
  • 2016 оны 8 дугаар сар
    Гомдол мэдээлэл 37222
    Гэмт хэрэг 2317
    Захиргааны зөрчил 98719
    Согтуугаар саатуулагсдан хүн 5696
Эрэн сурвалжилж байна