/ Мэдээ мэдээлэл / Ярилцлага / Ш.ШИНЭБАЯР: ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫГ ТББ-УУДТАЙ Ч ХАМТРАН ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

Ш.ШИНЭБАЯР: ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫГ ТББ-УУДТАЙ Ч ХАМТРАН ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

Ш.ШИНЭБАЯР: ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫГ ТББ-УУДЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР ЯВУУЛАХ БОЛОМЖТОЙ

ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Шинэбаяртай ярилцлаа.

-Тахарын ерөнхий газар татан буугдаж, ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Байгууллагынхаа хэрэгжүүлж буй чиг үүргийн талаар манай уншигчдад товч танилцуулна уу?

-Монгол Улсад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдаж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд гэрч, хохирогчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах чиг үүргийг цагдаагийн байгууллага, тахарын алба, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, мөрдөх алба гэсэн байгууллага хэрэгжүүлэхээр зааж өгсөн байдаг. Үүний дагуу гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа явагдаж байсан.

Харин 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их хурлаас Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тахарын албаны хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан дээрх эрх бүхий байгууллагууд дэргэдээ гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын тусгай нэгжтэй болно гэж хуульчилж өгсөн. Үүний дагуу 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна.

-Үйл ажиллагаандаа ямар хууль, журмыг баримталж байна вэ?

-Манай хэлтэс цагдаагийн албаны нэгж учир Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. Мэдээж, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиа баримтална. Уг хуульд заасан хамгаалалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тухай Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажилладаг.

-Гэрч хохирогчийг хэрхэн хамгаалдаг вэ, ямар орчин бүрдсэн байдаг вэ зэрэг асуулт иргэдээс түгээмэл ирдэг. Та энэ асуултад хариулт өгөөч.

-Өнөөдөр манай улсад гэмт хэргийн нөхцөл байдлаас үүдэн гэрч, хохирогчид заналхийлэх тохиолдлууд гарч байна. Аливаа гэмт хэргийн гэрч, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэл учирсан тохиолдолд тухайн иргэн хэрэг шалгаж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргах боломжтой. Хүсэлтийг хүлээн авсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт халдлага үйлдэх бодит нөхцөл байдал, аюулын эрсдэлийн түвшин шалгаж тогтоогоод гэрч, хохирогчийг хамгаалалтад авах саналаа прокурор, шүүгчид гаргадаг. Хэрэв эрсдэлтэй байна гэж үзвэл хамгаалалтад авах шийдвэр гаргана. Ингээд прокурор, шүүгчийн шийдвэрийн дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс аюулгүй байдал хамгаалалтын арга хэмжээгээ хэрэгжүүлж, гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, туслалцаа дэмжлэг үзүүлэх ажлыг журмынхаа дагуу хийдэг.

-Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг ТББ-уудын тусламжтайгаар явуулах боломжтой гэж ярьж байсан. Танай байгууллагаас зарим ТББ-ын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан гэсэн. Ямар үр дүн гарав.

-Гэрч, хохирогчийг хамгаалах ажил Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа үйл ажиллагаа учир дан ганц төрийн байгууллагын хүчээр явуулах нь учир дутагдалтай. Тиймээс ТББ-уудтай нягт хамтран ажиллаж, үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй, оновчтой болгох зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байх хугацаандаа ТББ-уудын саналыг авч, хэлэлцүүлэг явуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт манай улсад хүний эрх, хүчирхийллийн эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хүчирхийлэлд өртсөн, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд туслалцаа үзүүлдэг ТББ-ууд идэвхтэй оролцож, саналаа өгч хамтран ажилласанд талархаж байгаа. Энэ ажлын үр дүн гэвэл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын есөн хэлбэрийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журмууд нэлээн боловсронгуй болж, хэрэгжих боломжтой болж байна.

-Аюулгүй байдлыг хамгаалалтын есөн хэлбэр байдаг гэлээ. Ямар ямар аргаар гэрч, хохирогчийг хамгаалдаг юм бэ?

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээ, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ гэж хоёр төрөлд авч үздэг. Аюулгүй байдлын хамгаалалтын арга нь есөн хэлбэртэй байхаар хуульчилсан. Тухайлбал, урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, мэдээллийн нууцлалыг хангах, гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, амь насанд аюултай нөхцөл байдал арилах хүртэл аюулгүй газарт түр байрлуулах, биечилсэн хамгаалалт, гэрч, хохирогчийн баримт бичгийг солих, нүүлгэн шилжүүлэх, гадаад төрхийг мэс заслын болон мэс заслын бус аргаар өөрчлөх аргууд байдаг.

-Бодит байдал эдгээр аргыг хэрэглэхэд ямар нэгэн алдаа дутагдал гарсан уу. Ер нь цаашид хэрэглэхэд боломжтой гэж үзэж байгаа юу, албаныхан.

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсанаар хэрэгжиж эхэлсэн, шинэ тутам хөгжиж буй үйл ажиллагаа учир алдаа, дутагдал байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол гаргаагүй. Тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн, цаашид гэрч, хохирогчийг төр хамгаалах боломжтой гэдгийг харуулсан. Мөн миний амь нас, эрүүл мэндийг хамгааладаг юм байна гэсэн итгэл иргэдэд төрсөн, энэ үйл ажиллагааг мэддэг болсон байх гэж бодож байна.

 

Статистик мэдээ
  • 2017 оны 1 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 45607
    Гэмт хэрэг: 2773
    Захиргааны зөрчил: 121481
    Согтуугаар саатуулагдсан: 7508
  • 2016 оны 12 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 44333
    Гэмт хэрэг: 2072
    Захиргааны зөрчил: 93549
    Согтуугаар саатуулагдсан: 8342
  • 2016 оны 10 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 41378
    Гэмт хэрэг: 2243
    Захиргааны зөрчил: 94916
    Согтуугаар саатуулагдсан: 6820
  • 2016 оны 11 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 41325
    Гэмт хэрэг: 2485
    Захиргааны зөрчил: 93857
    Согтуугаар саатуулагдсан: 7248
  • 2016 оны 9 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 40807
    Гэмт хэрэг: 2329
    Захиргааны зөрчил: 111531
    Согтуугаар саатуулагдсан: 6732
Эрэн сурвалжилж байна