/ Хууль эрх зүй / Хэлэлцүүлэг / ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАР

ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАР

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталж, Төрийн мэдээлэл сэтгүүлийн 8 дугаар сарын 21-ний өдрийн 31 /892/ дүгээрт нийтэлснээр 9 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөн эхэлж байна.

Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ыг Цагдаагийн төв байгууллагын дарга батлахаар заасан тул төслийг боловсруулан иргэд та бүгдээс  санал авахаар нийтэллээ.

Зааврын төсөлтэй танилцаж, саналаа өгнө үү.

 

ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

 

Төсөл

 

 

ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ

ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ

 АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ЗААВАР

                                                            

Нэг. Зорилго

1.1 Иргэн, байгаль хамгаалагч, харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн ажилтанд иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааг хангах мэдлэг, ур чадварыг олгоход чиглэгдэнэ.  

Хоёр. Сургалтын удирдлага, зохион байгуулалт

            2.1  Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны  сургалтын зааврыг үндэслэн сургалтын хөтөлбөрийг ЦЕГ-ын Сургалтын төв \цаашид Сургалтын төв гэх\ болон Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Нийтийн хэв журам хамгаалах алба хамтран боловсруулж, Цагдаагийн төв байгууллагын даргаар батлуулна.

2.2 Батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтыг Улаанбаатар хотод Сургалтын төв, орон нутагт тухайн орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс хариуцан зохион байгуулна.

2.3 Орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс зохион байгуулсан сургалтын үр дүн, хамрагдсан иргэн, хуулийн этгээдийн тухай мэдээллийг улирал тутмын сүүлийн сарын 25-ны дотор Сургалтын төвд ирүүлнэ. Ирүүлсэн дүн, мэдээллийг Сургалтын төв нэгтгэн сургалтын тайлан, мэдээнд тусган танилцуулна.

2.4 Сургалтын төвийн Ахлах мэргэжилтэн, мэргэшсэн алба хаагч нар болон цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах болон олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд ажиллаж буй сургагч багш /алба хаагч/, мэргэшсэн алба хаагчид нар танхимын болон дадлагын сургалтыг удирдан явуулна.

2.5 Сургалт явуулах алба хаагч, багш бүр зааж байгаа хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтад ашиглах материал, суралцагчийн мэдлэг, ур чадварыг үнэлж, дүгнэхтэй холбогдох материалыг боловсруулж, хариуцна.  

2.6 Танхимын сургалт 2, дадлагын сургалт 1, нийт 3 хоногоос доошгүй хугацаанд сургалт зохион байгуулагдана.     

2.7 Сургалтыг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн тоо, сургалтын анги, танхимын багтаамж, ачааллыг харгалзан сар бүр зохион байгуулна.

                                                Гурав. Сургалтын чиглэл,  багтаамж, агуулга

            3.1 Сургалтын чиглэл

            3.1.1 Дараах сургалтын чиглэлтэй байна. Үүнд:

а/ Хууль, эрх зүйн мэдлэг;

б/ Галт зэвсгийн бүтэц, зохион байгуулалт, техник үзүүлэлт;

в/ Сэтгэл зүйн бэлтгэл;

г/ Аюулгүй ажиллагаа болон бусдын аюулгүй байдлыг хангах мэдлэг;

д/ Галт зэвсэг хэрэглэсний улмаас бэртэж, гэмтсэн, шархдсан үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар.

            3.2 Сургалтын багтаамж /багц цаг/

            3.2.1 Сургалтын төлөвлөгөөний дагуу суралцагч  нийт 3–аас доошгүй багц цагийн сургалтад хамрагдана.

Сургалтын  6  цагийг 1  багц цагт тооцно. Танхимын нэг удаагийн сургалтын үргэлжлэх хугацаа 90 минут байна.

3.3 Сургалтын агуулга

3.3.1 Иргэн, ажилтан, харуул хамгаалалтын ажилтанд ерөнхий мэдлэг, ур чадварын болон  галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах мэдлэг, ур чадвар олгоход чиглэсэн сургалтын хүрээгээр сургалтын агуулга тодорхойлогдоно.

3.3.2 Иргэний болон харуул, хамгаалалтын зориулттай галт зэвсэг хэрэглэх ерөнхий мэдлэгийн сургалт нийт сургалтын агуулгын 60% хүртэл, дадлага, ур чадварын сургалт 40% хүртэл байна.

            3.3.3 Хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан иргэн дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлага тавигдана.

а/ Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны талаар хууль зүйн зохих мэдлэг эзэмшсэн, тэдгээрийг зөв хэрэглэх чадварыг эзэмшсэн байх;

б/ Тухайн эзэмшигчийн эзэмшиж байгаа галт зэвсгийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон байх;

в/ Аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар зохих мэдлэгийг авсан байх;

г/ Галт зэвсэг хэрэглэсний улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хор хохирол, гэмтэл учруулсан тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж яаралтай үзүүлэх чадвар эзэмшсэн байх;

д/  Галт зэвсэг хэрэглэх сэтгэл зүйн бэлтгэлтэй, зөв хандлагатай болсон байх.

3.4 Сургалтын арга, хэлбэр

3.4.1 Сургалтын зорилгыг харгалзан тухайн сэдвийг заах сургалтын оновчтой, үр дүнтэй аргыг багш сонгон хэрэглэнэ. Сургалтад оролцогчдын  оролцоог хангах,  мэдлэгийг зохиомжлон бүтээх нөхцөл, боломжийг аль болох  бүрдүүлж, дадлагажуулж, чадваржуулахад  чиглэгдсэн сургалтын аргыг түлхүү хэрэглэнэ.

3.4.2Сургалтыг танхимын болон дадлагын хэлбэрээр хослуулан зохион байгуулна.

Танхимын сургалтыг лекц /онол/, семинар, дасгал хэлбэрээр, суралцагчдад мэдлэг, чадвар эзэмшүүлэх, хандлага төлөвшүүлэхэд чиглүүлэн зохион байгуулна.

            3.4.3  Дадлагын сургалт нь тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагдана.

Энэ сургалт нь суралцагчдад хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, хүлээсэн үүргээ биечлэн гүйцэтгэх дадал, ур чадварыг бодит орчинд нь буюу үйл ажиллагааны явцад эзэмшүүлэхэд  чиглэгдэнэ.

3.5 Сургалтын орчин

3.5.1 Сургалтын төвд танхимын сургалтыг явуулах анги, танхим, техник хэрэгслийг  бэлтгэж, материаллаг бусад орчныг хангасан байна.

            3.5.2 Нэг бүлэгт 30-аас доошгүй суралцагч хичээллэх болон  бага бүлгээр 15-аас доошгүй суралцагч хичээллэх анги, танхим, 3 суралцагч бүрийн сургалтад ашиглахаар  тооцож, сургалтын галт зэвсэг, бусад техник хэрэгслүүдийг бэлтгэнэ.

3.5.3 Сургалтад ашиглах хууль тогтоомж, ном, сурах, бичиг гарын авлагыг цахим болон бусад хэлбэрээр бэлтгэж сургалтад ашиглана.

3.5.4 Галт зэвсгийг задалж, угсрах, шагайлт хийх дадлага, чадварын сургалтыг зохион байгуулах, буудлага үйлдэх боломж, шаардлагыг хангасан анги танхим, байгууламж /тир/-тай байна.

3.6  Сургалтад шаардагдах галт зэвсэг, техник хэрэгсэл

            3.6.1 Танхимын сургалтад дэлгэц, проектор, компьютер, чанга яригч, гарын авлага, үзүүлэн самбар, тараах материалтай байна.

            3.6.2  Дадлага сургалтад ТОЗ-99 /5.6 мм сумны хамт/, ОП-СКС маркийн буу /7.62х39 мм сумны хамт/-г ашиглана.

              3.7 Сургалтын  үр дүнг дүгнэх

            3.7.1 Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан иргэн, ажилтнаас  хууль, эрх зүйн сорил болон ур чадварын шалгалтыг тестээр авч дүгнэнэ.

            3.7.2 Шалгалтад амжилттай хамрагдсан иргэн, ажилтанд иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын гэрчилгээг Сургалтын төвөөс олгоно.

            3.7.3 Шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн иргэн, ажилтанг давтан сургалтад хамруулж, шалгалт авч, гэрчилгээ олгоно.

 

Дөрөв. Суралцагчид тавигдах шаардлага

4.1 Сургалтад хамрагдах иргэн, хуулийн этгээдийн ажилтанд тавигдах шаардлага

4.1.1 Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

۔     Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

۔     Суралцахыг хүссэн өргөдөл;

۔     Оршин суугаа газрын тодорхойлолт;

۔     Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас;

۔     Төлбөр төлсөн баримт;

۔     Галт зэвсэг худалдаж авсан баримт;

۔     Бусад шаардлагатай баримт бичиг.

4.1.2 Харуул хамгаалалтын болон спорт сургалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд ажилтнаа сургалтанд хамруулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

۔     Сургалтад хамруулах тухай хүсэлт;

۔     Галт зэвсгийн гэрчилгээ, хуулбарын хамт;

۔     Галт зэвсэг худалдаж авсан баримт;

۔     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

۔     Харуул, хамгаалалтын болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

۔     Сургалтад хамруулах иргэний дэлгэрэнгүй анкет;

۔     Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согогийн жагсаалтад заасан өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас;

۔     Тухайн иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар;

۔     Төлбөр төлсөн баримт;

۔     Бусад шаардлагатай баримт бичиг.

Тав. Сургалтын зардал

            5.1 Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын зардлыг хуулийн этгээд, иргэн сургалт эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө тухайн сургалт явуулах байгууллагын дансанд шилжүүлсэн байна.

            5.2 Сургалтын зардлын хэмжээг тогтоох, сургалтад шаардагдах техник, хэрэгслээр хангах,  зарцуулалтад хяналт тавих ажлыг ЦЕГ-ын Санхүү хангамжийн газар хариуцан зохион байгуулна.   

       

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

 

 

 

 

Статистик мэдээ
  • 2017 оны 7 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 13305
    Гэмт хэрэг: 2856
    Захиргааны зөрчил: 52731
    Эрүүлжүүлэгдсэн хүн: 6308
  • 2017 оны 6 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 23944
    Гэмт хэрэг: 1919
    Захиргааны зөрчил: 121688
    Согтуугаар саатуулагдсан: 7312
  • 2017 оны 5 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 31733
    Гэмт хэрэг: 2267
    Захиргааны зөрчил: 134064
    Согтуугаар саатуулагдсан: 7780
  • 2017 оны 4 дүгээр сар
    Гомдол мэдээлэл: 25532
    Гэмт хэрэг: 2151
    Захиргааны зөрчил: 134071
    Согтуугаар саатуулагдсан: 7601
  • 2017 оны 3 дугаар сар
    Гомдол мэдээлэл: 39612
    Гэмт хэрэг: 2222
    Захиргааны зөрчил: 118158
    Согтуугаар саатуулагдсан: 8905
Эрэн сурвалжилж байна