• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"Оюутан цагдаа" ажиллаж байна

2019-06-06

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 

“Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана.

Өнгөрсөн 2018 онд арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 34,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан ба оюутан цагдаа нар дотоодын 6424, гадаадын 7881 иргэнд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлж, төөрсөн 7 хүүхдийг Цагдаагийн байгууллагад мэдээллэн эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, хулгайн 2 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажиллажээ.  “Оюутан цагдаа”  арга хэмжээнд зөв боловсон харилцаатай, гадаад хэлний мэдлэгтэй их, дээд сургуулийн оюутнуудыг тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл бүртгэсэн.

Энэ арга хэмжээний үеэр ажиллахаар 60 оюутан бүртгүүлснээс 40 оюутанг шалгаруулж гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, жуулчны аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эерэгээр зөв тайлбарлах мэдлэг, чадварыг олгох сургалтыг  Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо,  Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран 2хоёр өдрийн турш зохион байгуулсан байна.