• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:Нийгмийн аюулгүй байдлыг хангахад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль чухал үр нөлөөтэй

2019-05-23
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан:Нийгмийн аюулгүй байдлыг хангахад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль чухал үр нөлөөтэй

Ж.Амгалан:Нийгмийн аюулгүй байдлыг хангахад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль чухал үр нөлөөтэй

Эх сурвалж:  "Өдрийн сонин"  Сэтгүүлч О.Дашням

Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай ярилцлаа.  

-Нийгэмд айдас төрүүлсэн, хэрцгий гэмт хэргүүд ар араасаа л өдөр бүр л гарч байгаа дуулдах юм. Гэмт хэргийн нөхцөл байдал өмнөх оныхтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна вэ?

-Гэмт хэргийн гаралтыг олон улсын түвшинд авч үзэхэд тийм ч өндөр биш байна.  Гэхдээ нийгмийн бухимдал ажилгүйдэл дагасан, ялангуяа мэдээллийн хэрэгслийн сөрөг мэдээлэл нийгэмд хурдацтай тарж байгаа, архидалт  зэргээс үүдсэн хүнд ноцтой гэмт хэргүүд гарч байна л даа.  Гэхдээ үүний гаралт багассан. Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг 40 гаруй хувийн бууралттай явж байна. Цагдаагийн байгууллагаруу иргэдээс хандаж байгаа дуудлага мэдээллийг бүрэн хүлээн авахыг эрмэлзэж байгаа. Олон талаар урьдчилан сэргийлэх зөвлөгөөг явуулж байна. Иргэдээс ирж байгаа дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 600 орчмоор буусан үзүүлэлттэй байна. Дуудлага мэдээлэл өвөл хүйтний улиралд эхэлж оюутнууд ирэхэд дуудлага нэмэгддэг. Урин дулаан болоход буурах хандлагатай байдаг. Аливаа гэмт хэрэг  тодорхой цаг хугацаагаар үйлдэгддэг, цаг хугацаагаар арилдаг талтай. Энэ дээр хүн хүчээ зөв хувиарлаж ажиллах, иргэдэд энэ талаар урьдчилж анхааруулж сануулдаг. Иргэд үүнийг зөв талаас нь ойлгож гэмт хэрэгт өртөхгүй биеэ зөв авч явах шаардлагатай байгаа юм.

-Их дээд сургуулиудын төгсөлтийн баяр хаяанд иржээ. Эхнээсээ тэмдэглээд эхэлчихэж. Үүнийг дагаад оюутнууд хэрэг зөрчилд хамрагдах нь нэмэгдэж байна уу?

-Их ддээд сургуулиуд ч тэр дунд сургууль ч тэр төгсөлттэй холбогдуулаад гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх, үүнээс урьдчилан сэргийлэх ажлууд эхлээд явж байна. Энэ цаг үед хүний хэрэгцээгээ дагасан хэрэг зөрчил өсдөг тал байдаг. Их дээд сургуулийн төгсөгч оюутнуудыг элдэв янзын зугаа цэнгэл зохион байгуулахдаа, иргэдийн боломжийг нээлттэй харж, хэлэлцэж шийдэх хэрэгтэй.Жишээ нь  оюутан болгоноос л 100 мянган төгрөг хураана гэж дайрч болохгүй. Үүнээс болж энгийн оюутан хүүхэд гэмт хэргийн холбоотон болчих гээд байдаг. Их дээд сургуулийн удирдлага, анги даасан багш нар үүн дээрх онцгой анхаарах хэрэгтэй. Тухайн хүүхдийн амьдралын түвшин боломжийг анхаарч байх ёстой. Өөр соёлтой боловсон аргаар нийтийн дурсамжтай ажиллагаа хийж болно. Заавал амралтын газар очиж хорохг идэж айраг ууж байх шаардлага байна уу үгүй юу. Үүн дээр ч их дээд   сургуулиуд анхаарч тал талын тайлбар таниулга хийж өөрсдөө санаачлагатай ажиллах ёстой.

-Ардчилсан нийгэмд нийгмийн хэв журмыг хангах асуудал хурцаар яригддаг. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх  тухай хуулийг хэсэг гишүүд УИХ-д  өргөн баририлаа. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Монгол Улсын хэмжээнд нийгмийн хэв журам хангах нь төрийн үүрэг мөн гэж Үндсэн хуульд заасан. Монгол Улсын эрхзүйт төртэй орон аюулгүй байдлаа хангах нэг арга нь эрхзүйн арга байдаг. Эрхзүйн аргаар төрийнхөө болон нийгмийнхээ үйл ажиллагааг явуулж байгаа ардчилсан нийгмийн үед  нийгмийн дэг журмын асуудлыг хэрхэн хангах вэ гэдэг асуудал хурцаар тавигддаг. Аль ч улсад ийм асуудал байдаг. Өнөөдөр УИХ-ын гишүүд санаачлаад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төсөл найруулж бичигдээд хэлэлцэгдэх гэж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль маань нэг талын нийгмийн аюулгүй байдлыг хангах үзэл баримтлал юм. Монгол Улсад иргэний аюулгүй байдлыг хангах  үзэл баримтлалыг хуульдаа тусгасан байдаг. Нийгмийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэхээр  энэ салбар болоод тулгуур хуулиудаараа зохицуулж явдаг. Үндэсний аюулгүй байдал хангана гэдэг бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль номоороо  зохицуулагдаж явдаг. Иргэнээс өргөсөөд нийгэмшээд нийгмийн аюулгүй байдлыг хангахад нэн хэрэгтэй хууль бол энэ.

-Нийгмийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зүйлс юугаар илэрдэг вэ?

 -Зөрчлөөр илэрдэг. Зөрчил гарч байж тэр нь гэмт хэрэг болдог. Аль ч салбар, аль  ч шатанд ингэж л явдаг. Тэгэхлээр зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг даруй шийдэхгүй бол болохгүй.  Цагдаагийн байгууллагаас одоо хэрэгжүүлж байгаа мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу судалгаа тооцоо хийгээд үзэхэд зөрчил хэдий чинээ өндөр байна, гэмт хэрэг төдий чинээ бага байдаг. Зөрчил илрэхгүй, зөрчлөөс урьдчилан сэргийлэхгүй, тууштай тэмцэхгүй бол гэмт хэрэг өсдөг харьцаа аль ч нийгэмд байдаг. Иргэд зөрчил гэх хуулиар хориглосон зүйлийг үйлдэх  аль болох бага гаргана, гэмт хэрэг төдий чинээ бага байна.  Эцсийн дүндээ ард түмэн амар тайван амьдарна. Ийм л логиктой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан. Энэ хууль ч түүхэнд үүргээ гүйцэтгэсэн. Нөгөөтээгүүр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд тодорхой хэмжээний хөрөнгө зардал хүн, хүч хаа хаанаа хэрэгтэй. Энд иргэн бүрийн оролцоо чухал. Аж ахуйн нэгж байгуугууллагуудын оролцоо  ч чухал. Нийгмээрээ оролцож байж гэмт хэрэггүй, зөрчилгүй тайван амьдрах бололцоо үүсдэг учиртай. Гэмт хэрэгтэй тэмцдэг,  нийтийн хэв журмыг хамгаалдаг, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын үр дүн бол энэ хуулиудын хэрхэн зөв хэрэгжүүлэв гэдгээс их шалтгаална. Энэ хуульд цагдаагийн байгууллагын үндсэн зарчим бол цагдаагийн албаны үйл ажиллагаагаа хуульд нарийвчлан үндэслэж ил тод нээлттэй, иргэдийн дэмжлэгэд тулгуурлаж явуулах зарчимтай. Ингэж явуулахын тулд бидэнд тодорхой хэмжээний гартаа барих удирдан, заавар хэрэгтэй. Тийм учраас Гэмт хэрэг зөрчилтэй  тэмцэх  хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлаад, боловсруулаад ажиллаж байна. Ц.Гарамжав  гишүүн сүүлийн  тав, зургаан сарын хугацаанд идэвхтэй ажиллаж олон талын судалгаануудыг авсан.

Энэ хууль гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын гол арга зохицуулалтыг хийж өгч байгаа.

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гарснаар ямар үр дүнд хүрнэ гэж та харж байна?

-Монгол Улсын иргэд нийгэмшиж амьдарч байгаа нийгэмдээ өөрийнхөө зан үйлээс гадна юу болох, юу  болохгүйн зааг ялгааг ойлгуулахад чиглэгдэж байна. Өөрөөр хэлбэл иргэдээ хамгаалах, аливаа эрсдэлд оруулахгүй байхад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ.  

-Цагдаагийн байгууллагаас хуулийг боловсруулахад судалгаа хийсэн байх. Ямар ямар судалгаанд үндэслэв?

-Тийм. Теле камерийн асуудал байна. Теле камерийн асуудал дээр цагдаагийн байгууллагад тодорхой нууцлалын зэрэглэлтэйгээр, тодорхой шалгуур үзүүлэлттэйгээр үйлдвэр үйлчилгээний газрууд, гудамж талбай, олон нийтийн газар, бар, ресторан дэлгүүрүүд бүгд теле хяналтын камертай байна, тухайн камерууд нь цагдаагийн байгууллагын мэдээллийн санд холбогдоно гэж байгаа. Үүнийг холбуулахаар зохицуулалт оруулж өгсөн. Гэхдээ бид бүх теле хяналтын хэрэгслүүдийг бүгдийг нь холбочихоод өдөр, шөнөгүй хянаад сууна гэж ойлгож болохгүй. Шаардлагатай тохиолдолд бичлэг хардаг, шаардлагатай үед хариуцсан хүмүүстэй нь уулзаж зөвшөөрөл авч холболт хийж харах зарчмаар ажиллана.

-Өнөөдөр үйлчилгээний цэг, аж ахуйн нэгжүүдэд камержуулалт байдаг ч олонх нь шаардлага хангадаггүй шүү дээ. Гэмт хэрэг гол төлөв үйлдэгддэг, шөнийн цагаар ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг. Энэ асуудлыг ямар замаар зохицуулах вэ. Стандарт тогтоох уу?

-Монгол Улс өөрөө теле хяналтын камерийн хэрэгслийг үйлдвэрлэдэг, өндөр технологид орсон орон биш учраас гадаад улсаас орж ирж байгаа камерийг ашигладаг. Иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд ч янз бүрийн теле хяналтын камерийн хэрэгслүүдийг оруулаад ирж байгаа юм. Үүнийгээ угсраад зөвхөн өөрийн орон зайг хянах хэмжээнд ашиглаж байна. Өнөөх нь нь ч удалгүй ашиглалтын шаардлага хангахгүй болчихдог. Ашиглая гэхэд боломжийг нь хангадаггүй. Өөрийнх нь мэдээллийг нь сүлжээгээр хянаад тухайн иргэний, тэр гудамжны аюулгүй байдлыг нь хангаад давхар сүлжээг ашиглахад  бололцоог хангаж өгөөгүй л байна. Үүнийг ч бүх иргэд, аж ахуйн нэгжүүд ойлгож байгаа.  

-Бүрэн камержуулаад нэгдсэн сүлжээнд холбочихвол  зөрчлийг  түргэн хугацаанд илрүүлж гэмт хэргээс урьдчилан сэргийлээд байх боломжтой юм даа?

-Нэгдүгээрт гэмт хэрэг зөрчлийн эрсдийг урьдчилаад харчхаж байгаа юм. Хоёрдугаарт гэмт хэрэг зөрчил таслан зогсоогдоно. Гуравдугаарт үйлдэгдсэн аливаа гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд ашиглана. Ийм л давуу талуудтай. Энэ хуулийг ойрын үед хэлэлцэж батлаад өгчих байх . Үүнийг дагасан тодорхой орон тоо зардлын асуудал яригдана. Тэгэхлээр Монгол Улсын нийт иргэд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тэр чигээр нь камержуулахгүй юм аа гэхэд тодорхой хотжиж сууриншсан, сум, баг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой, тодорхой хэсгүүдийг теле хяналтын камерийн хэрэгслээр холбосон нэгдсэн сүлжээтэй болохыг зорьж байна. Дэлхийн бүх улс орон л ийм болчихсон. Бид аж ахуйн нэгжүүдийн камер шаардлага хангахгүй гээд гараа хумиад суугаад байж болохгүй. Энэ зарчмаар л явна.

-Өмнө нь аж ахуйн нэгжүүдийн теле хяналтын камер ашиглаж томоохон гэмт хэргийг илрүүлж байв уу. Цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн камерийг чөлөөтэй харах эрхтэй байсан уу. Иргэд үүнийг яаж хүлээж авдаг байсан бэ?

-Теле хяналтын камерийн хэрэгслийг цагдаагийн байгууллага чөлөөтэй хардаг гэж ойлгож болохгүй. Цаашид ч дураараа чөлөөтэй харахгүй. Тодорхой шалтгаанаа хариуцсан хүмүүст нь тайлбарлаж ойлгуулаад харна. Энэ зарчмаар явна. Гэмт хэргийн илрүүлтэд теле камер ажиглалтын юмнуудад чухал үр нөлөөтэй. Теле хяналтын камер худлаа хэлдэггүй. Унтаж, нүд цавчдаггүй, хууран мэхэлдэггүй зэрэг олон давуу талтай. Гол нь тэр ашиглалтын асуудал байна. Шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал үед яаж харах уу, гэрэлтүүлгийн асуудлыг яах уу гээд дагасан   зүйлс олон байдаг.

О.ДАШНЯМ