"Хэсгийн байцаагч үйл ажиллагаа" онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурал амжилттай боллоо
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль хамтран “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний бага хурлыг тус сургуулийн байранд амжилттай зохион байгууллаа.
Цагдаагийн байгууллагаас нийт 50 гаруй илтгэл ирүүлснээс 2 дугаар шатанд шалгарсан 8 илтгэлийг тус сургуулийн “Эрдэм танхим”-д эрдэмтэн, судлаач, алба хаагчдын дунд нээлттэй хэлэлцүүлж, шилдгүүдээ тодруулав.
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Отгонсувд “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны цар хүрээ, тулгамдаж буй асуудал” сэдвээр нэгдүгээр байр, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Жавхлан “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх арга зам” сэдвээр хоёрдугаар байр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч С.Баатар “Цагдаагийн байгууллагын хууль сахиулах үйл ажиллагаанд хэсгийн байцаагчийн эзлэх байр суурь” сэдвээр гуравдугаар байрт тус тус шалгарч, “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.