• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган нээлтээ хийлээ

2019-04-18
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулган нээлтээ хийлээ

Эх сурвалж: www.arslan.mn

Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сан Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний чуулганыг зохион байгуулж, өнөөдөр /2019-04-18/ нээлтээ хийлээ. 
Чуулганы нээлтэд ХЗДХ-ийн дэд сайд Г.Элбэгсайхан, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар бусад албаны хүмүүс оролцлоо. 

Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, салбар дундын зохицуулалт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа зэрэг олон сэдвийг хамарсан илтгэлийг энэ үеэр тавих юм байна. 

ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа: 

“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагаа" чуулганыг бид гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцдэг байгууллагуудын төлөөлөл энэ удаагийн чуулганд оролцож, шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш олсон ололт, амжилт, цаашид хамтран ажиллах арга барилаа ярилцаж, хоорондоо туршлага солилцож байна. Гэр бүлийн хүчилхийлэлтэй тэмцэх тухай хуультай болоод хоёр жил боллоо. Энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн хэрэг буурсан үзүүлэлттэй байна. Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэл оршсоор байна. Үүнтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа чухал. Тиймээс олон байгууллага хамтран ажиллаж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж илүү үр дүнтэй ажиллахад өнөөдрийн чуулганы гол зорилго оршиж байна. 

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал: 

Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд нийт алба хаагчидыг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах нэгжийг байгуулж, холбогдох журмыг батлуулахад санал өгч хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн системийн НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр шинэчлэн боловсруулж, гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн санг бий болгосон нь  хүчирхийллийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтэд эерэг нөлөө үзүүлсэн гэж хэлж болно. Түүнчлэн цагдаагийн байгууллагын алба хаагчидыг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр үе шаттай сургалтыг зохион байгуулж ажиллаж байна. Энэхүү чуулганыг зохион байгуулснаар төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, харилцан туршлага судлахад эерэг нөлөө үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Цагдаагийн байгууллагаас чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах болно. 

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава: 

НҮБ-ын Хүн амын сан бол дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Бид жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллээс хариу арга хэмжээ авах талаарх үйл ажиллагаануудыг дэмжиж ажилладаг байгууллага. Монгол улсад жендерт суурилсан хүчилхийллийг Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хийж хэрэгжүүлж байна. Жендерт суурилсан хүчилхийлэлтэй тэмцэх ажил нь дэлхий нийтэд харьцангуй шинэ. Монгол улсад бүр ч шинэ зүйл. Тиймээс бид хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд Монгол улсын Засгийн газартай хамтарч Монголын бүхэлд нь хамарсан судалгаа хийсэн. Судалгаан дээр суурилж Монгол улсын хамгийн их гэр бүлийн хүчилхийлэл үйлдэгдэж буй газарт нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулаад ажиллаж байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг шинэчлэн найруулахад арга зүйн туслалцаа үзүүлж ажилласан.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг: 

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх тодорхой мэдээллийг чуулганы үеэр хүргэж ажиллаж байна. 
Хүчирхийллийн эрсдэл нь арилан арилтал цагдаагийн байгууллага ажиллах ёстой. Энэ чиглэлээр туршлага, харилцан мэдээлэл солилцоход чуулганы нэг зорилго оршиж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хүчирхийллийг бууруулах тал дээр гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг үнэн зөв, шударга, шуурхай шийдвэрлэх хамгийн чухал. 2017 онд улсын хэмжээнд хоногт дунджаар нийт 2200 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирдэг байсан. Үүнээс 300 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирдэг байсан. Бид энэ тоог буулгах зорилгоор эргүүлийн цагдаагийн алба хаагчидыг чадавхижуулах, хэсгийн байцаагчийн зөрчлийн материалыг шийдвэрлэх тал дээр анхаарч төвөөс нэмэлт хүчээр хангах, мэдлэг, арга зүйн ойлголтын нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Ингэсний хүчинд хоногт ирдэг нийт дуудлагын тоо 1400 орчим болж, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 100-150 болж буурсан. Нийслэлийн цагдаагийн газраас төвийн 14 хэсгүүдэд ажлын хэсэг байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, гэр бүлийн хүчирхийллийг шалгаж, шийдвэрлэж байгаа алба хаагчдад туслах, хурдан шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Хүчирхийлэл өдөр,  шөнөгүй гарч байна. Тиймээс хуулийн байгууллагуудын харилцаа холбоог сайжруулж ажиллах хэрэгтэй байна.