• Нүүр хуудас
  • Системүүд
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Хүүхдэд ээлтэй хошууч

2018-09-14
Хүүхдэд ээлтэй хошууч

“Би “UNFRIEND” хөдөлгөөнд нэгдэж байна”. Та энэ үгийг ойрын үед олон ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон соошл сүлжээнээс олж уншсан байх. Хэн хаанаас ийм хөдөлгөөн эхлүүлснийг мэдэхгүй гайхаж байгаа хүн ч цөөнгүй биз. Тэгвэл ЦЕГ-аас энэ аяныг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Таны хуудсанд хүүхдийг буруу зүйлд уриалж буй “+18” бүхий мэдээлэл агуулсан фэйсбүүк хуудас, мөн танихгүй хүний зурагтай хаяг байвал найзлах хүсэлтийг нь авахгүй байх, мөн найзаасаа хасч, репорт хийхийг уриалсан юм. Энэ бол хамгийн нүдээ олсон ажил болж чадлаа.

Тэр дундаа ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийг удирдаж буй, Цагдаагийн хошууч Д.Будзаан энэ ажлыг удирдан, баг хамт олноо нэг сэтгэлээр ажиллуулж чадаж байна. Хүүхдийн хүчирхийлэл, өсвөр насны амиа хорлолт хамгийн эмзэг сэдэв болсон энэ үед Д.Будзаан таны хийж буй ажилд нийтээрээ бид бүхэн баярлах учиртай юм. ЦЕГ-аас өмнө нь хэд хэдэн удаа иймэрхүү аяныг санаачилж байлаа. Тухайлбал, “Хайрла, хамгаал” аяныг энд онцолж болно. Олны танил урлаг, спортын хүмүүсийг оролцуулж гэр бүлийн хүчирхийллийн эсрэг явуулсан 14 хоногийн аян тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч чадсан юм. Хүнд ухаарал хайрласан олон шторкуудыг тэд гаргаж байгаа. Цагдаагийн байгууллага гэмт хэрэг гарсан хойно биш гарахаас нь урьдчилан сэргийлж ажиллах ёстой гэж олон жил бичсэн сэтгүүлч бидний хүсэл одоо л биелэлээ олж байна.

Тангараг өргөсөн төрийн албан хаагчид ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, нийгэмд зөв үлгэр дууриал болж чаддаг гэдгийг харуулж буй Д.Будзаан танд болон танай багийнханд баярлалаа. Хүүхдэд ээлтэй ажиллаж чадаж байна. “UNFRIEND” хөдөлгөөнийг дэмжсэн олон зуун хүмүүс танихгүй хүмүүсийг найзаасаа хасч, тодорхой хэмжээнд өөрийгөө болон үр хүүхдээ цахим аюулаас хамгаалж эхлэв. Энэ бол хамгийн том үр дүн юм. Цааш цаашдаа илүү олон зүйлийг санаачлаарай. Сэтгүүлчид түүнийг чинь хоёр гараа өргөн дэмжих болно оо, Д.Будзаан хошууч аа. Танай хамт олон, ЦЕГ-ын нийт бие бүрэлдэхүүнд баярлалаа. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин №156 /5006/